Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”ВР” КОРПОРАЦ 7,8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ТОРГУУЛЬ ТӨЛНӨ

Ашигт малтмалыг уурхайгаас олборлоход зарцуулсан зардал тухайн түүхий эдийн зах зээл дээрх үнээс илүү болоод ирэхээр уурхайг хаахаас өөр аргагүй. Үүнийг бүгд ойлгож байгаа. Зардал гэдэгт ажилчдын цалин, шатахуун, татвар, ажилтнуудын нийгмийн ба эрүүл мэндийн даатгал гээд олон зүйл ордог. Энэ бүхнээс заавал байх ёстой зардал гэж нэг юм байдаг.  Ашиглаад дууссаны дараахь үр дагаврыг хэн даах вэ гэдэг том асуудал. Ашиглаад дууссан уурхайг хэн хаах ёстой вэ? Хэн мөнгө гаргах ёстой вэ? Энэ бүх асуудалд хамгийн гол нь эрдэнийг нь авахын төлөө газрыг сэндийчсэн хүн, эсвэл компани хариуцмаар. Гэвч асуудал тун ч ээдрээтэй. Уг нь олборлож байх үедээ компани ч зах зээл дээр бүтээгдэхүүнээ зараад ашигтай, улс ч татвар аваад ашигтай байсан. Ашиггүй болмогц төр ч тэр, хувийн компани ч тэр бүгд ёс юм шиг бие бие рүүгээ дамжуулалт хийнэ. Ингээд манай мэтийн авлигад идэгдсэн жижиг орнуудад том компаниуд ямар ч хариуцлага хүлээлгүйгээр цэвэрхэн мултардаг бол их гүрнүүдэд бол байдал тэс өөр байдаг аж.

 Жишээлбэл, Их Британийн “Бритиш Петролиум” буюу ”ВР” корпорац АНУ-ын түүхэн дэх хамгийн их хэмжээний торгууль төлөхөөр болсон тухай өчигдөр албан ёсоор мэдэгдээд байна. 7,8 тэрбум ам.долларын торгууль. Төрийн зүгээс биш хувиараа бизнес эрхлэгчдийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн дагуу 7,8 тэрбум ам.долларыг шүүхээс гадуур төлж барагдуулахаар болжээ. АНУ-ын төр, өөрөөр хэлбэл Засгийн газар улс орны хэмжээнд газрын тос олборлогч энэ компанийн буруутай үйлдлээс болж хэдий хэмжээний хохирол учирсныг тооцоогүй гэсэн үг.
2010 оны дөрөвдүгээр сард Мескикийн булан дахь энэ компанийн газрын тос олборлогч тавцан дээр дэлбэрэлт болсны улмаас газрын тос далайн усанд сул асгарч, экологийн асар их хохирол учруулсан. Дөрөвдүгээр сард гарсан ослыг наймдугаар сард хааж чадах хүртэл таван сая гаруй тонн газрын тос Мексикийн буланд асгарч, үй олон загас, шувууг үхэлд хүргэсэн. Улмаар тухайн бүс нутагт бизнес эрхэлдэг олон арван мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч, компанийг дампуурахад хүргэжээ. Төрийн зүгээс бус зөвхөн хувиараа бизнес эрхлэгчдээс ирсэн заргыг ”ВР” корпорац барагдуулахаар болсон гэдгийг дахин онцлох хэрэгтэй. Энэ оны байдлаар 9,964 тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэхээр ямар хүчирхэг компани болохыг та багцаалаарай. Манай улсын энэ жилийн төсвөөс хоёр тэрбум ам.доллар давсан торгууль төлчихөөд ашигтай ажиллаж байгаа компани.

Асуудлын гол нь АНУ биш, Мексик, Аргентин, эсвэл Монгол гэсэн дэлхийн төвшинд нөлөө багатай жижиг улсын нутаг дээр ийм гамшиг болсон бол ”ВР” корпорац торгууль төлөх үү? гэдэгт л байна. Олборлолт дууссан ч нөхөн сэргээлтийг энэ мэт олон сая, тэрбум ам.доллараар хийсэн компани манайд байна уу?

Улс дамнасан том корпорацууд буурай хөгжилтэй орнуудад үйл ажиллагаа явуулаад аймшигтай үр дагаварт хүргэсэн жишээ олон.  Зөвлөлтийн үеэс уран олборлолтын хаягдал болох нэг сая 999 шоо.метр цацраг идэвхтэй овоолготой үлдсэн Киргиз байна. Зөвлөлтийн бүх өр, зээл, нэр, нөлөөг авч үлдсэн ОХУ-ын “Росатом” корпорац энэ их овоолгыг бүрэн бүтнээр хадгалахад хөрөнгө оруулалт хийх нь юу л бол. Цаашилбал, Энэтхэгийн Бхопал хотод болсон аймшигтай үйл явдлыг өнөөдөр санах хүн цөөн болж. Гэтэл 1984 оны арванхоёрдугаар сарын 3-нд Бхопал хотод байрладаг “Юнион карбид” нэртэй улс дамнасан, химийн үйлдвэрлэлийн Америкийн асар том компанийн салбарт аймшигт осол гарсныг манайх шиг уул уурхай, боловсруулах салбар өндөр хурдацтай хөгжиж байгаа улс мартах ёсгүй юм. Тэр өдрийн өглөө үйлдвэрт гарсан ослын улмаас газар тариалангийн хортон шавьжийн эсрэг цацаж ашигладаг хорт бодис алдагдсанаас 18 мянган хүн нойрон дундаа хордон үхсэн. Эрүүл мэнд, ирээдүйгээ алдсан хүмүүсийн тоо 150 мянга хүрсэн. Ийм аймшигтай явдал болсон байхад ч тус корпорац нь зөвхөн шүүхийн шийдвэр гарсны дараа л хохирогсдын ар гэрт төлбөр өгсөн байдаг. Гурван жилийн дараа буюу 1987 онд аймшигт ослын хохирогчдод шүүхээр заргалдахгүй гэсэн баталгааны хариуд 470 сая ам.доллар өгсөн юм. Химийн бодист хордсон газар, ус, мал, агаарыг энд оруулаагүй гэсэн үг. Хохирогч олон зуун мянган хүн өнөөдрийг хүртэл жагсаал цуглаан хийгээд илүү нөхөн төлбөр авч чадаагүй.

Ийм хандлага их байгаа болохоор орд газрыг ашигласантай холбоотой үр дагаврыг арилгах хөрөнгийг анх хөрөнгө оруулалт авах гэж байх шатанд л заавал хатуу тусгаж байх шаардлагатай байдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан