Энэ жилийн арваннэгдүгээр сарын 14-нд Чингис хааны төрсөн өдрийг анх удаагаа тэмдэглэнэ. Энэ өдрийг их хааны төрсөн өдөр мөн үү биш үү хэмээн монголын парламент удаан хугацаагаар маргалдаж байж тогтоосон юм. Хэргийн гол нь баяр амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв үү үгүй юу гэдэг дээр маргалдаж байсан юм. Энэ сард бас тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэдэг байсан нь асуудлыг маргаантай болгож байлаа. Өөр нэг асуудал бол энэ өдөр нь Чингис хааны төрсөн өдөр яг мөн эсэх дээр маргалдаж байсан.
Гэхдээ 1162 оны өвлийн тэргүүн сарын 11-нд төрсөн гэдгийг иш үндэс болгож байлаа. “Билгийн тооллын энэ өдрийг орчин үеийн тоололд шилжүүлбэл арваннэгдүгээр сарын 14 болно. Ийм болохоор энэ бол хөдөлгөөнгүй үнэн” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цагаан энэ маргаанд цэг тавьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж энэ өдрийг тэмдэглэж байхаар боллоо. Их хааныхаа төрсөн өдрийг дэлхий даяар тархан амьдарч байгаа монголчууд тэмдэглэхээр бэлтгэж байна. Хамгийн олон хүн оролцох баяр АНУ-ын Нью-Йорк хотод болох нь. Ийшээ монголоос ирсэн оюутнууд төдийгүй Буриад, Халимагаас очиж суралцаж байгаа оуютнууд бас очно гэж байна.
Харин Буриадад их хааны төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэх талаар албаныхан тогтсон зүйлгүй, хэлэх үггүй байна. Дэлхийн монголчуудын холбооны дэд ерөнхийлөгч Сергей Булдаев түүхчдэд хандахыг зөвлөсөн. “Энэ баярын тухай одоо л мэдэж байна. Бид энэ талаар хуралдаанаараа хэлэлцэнэ” гэж Буриадын Ардын хурлын депутат, Бүх буриадын соёл хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Булдаев хэллээ.
Хэдийгээр энэ баярыг тэмдэглэж байх тухай шийдвэр саяхан цаг тулгаж гарсан ч дэлхийн улс орнуудад байгаа монголчууд хэдийнээ мэдэж ярилцаж, тэмдэглэхээр бэлтгэж байгаа юм байна хэмээн Infpol.ru сайтад мэдээлжээ.