Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Си дарга

Хятадын төрийг ирэх 10 жилд удирдах Си Жинпин гэж хэн бэ
Хятадын эрх баригч Коммунист нам өнгөрсөн долоо хоногт эхэлсэн 18 дугаар их хурлаараа томоохон хэмжээний халаа сэлгээ хийж, Төв хороо, улс төрийн товчоогоо шинэ үеийн улстөрчдөөр цус сэлбэж байна. Си Жинпин энэхүү шинэ үеийн төлөөлөл болж, хэдхэн сарын дараа Ерөнхийлөгч Ху Жинтаогийн халааг аван, БНХАУ-ын дараагийн удирдагч болох бэлтгэлээ базааж байна. Түүнийг Коммунист намын их хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон нь хурлын өмнө намын дээд төвшинд болсон тохироогоор БНХАУ-ын дараагийн даргаар аль хэдийнэ батламжилсныг харуулж байгаа юм.

Америкийн дэд Ерөнхийлөгч Жое Байден өнгөрсөн оны наймдугаар сард Хятадад айлчлах үеэрээ өөртэйгөө албан тушаалын зэрэг зиндаа нэг Хятадын орлогч дарга Си Жинпинтэй цайны ширээний ард хэдэн цаг яриа өрнүүлж суусан юм. Хэрэв тэр үед тэдэнтэй ойр суусан бол Си даргын аав, ах дүүс Соёлын хувьсгалын үеэр хэрхэн хэлмэгдэж, зовж зүдэрч байсан тухай, бас тэр үед Хятадын төрийн бодлого яаж буруугаар эргэж байсан талаар сонирхолтой яриа сонсох байв. Гэвч Си Жинпиний яриа Хятад дарга нарын амнаас барагтай бол гарахааргүй хэтэрхий хачирхалтай бөгөөд эмзэг сэдэв байсан учир орчуулга хийсэн хэлмэрч нь айж гайхахдаа дийлэнх хэсгийг нь Жое Байденд дамжуулалгүй орхисон гэдэг.

Ер нь, Си Жинпин хятад дарга нарын хувьд нийтлэг имиж болсон коммунист дүр төрхөөс ангид, гадаадын удирдагчидтай хэл амаа амархан ойлголцдог, чөлөөтэй ярилцаж чаддаг нэгэн гэлцдэг. Тэр бол Хятадын тав дахь үеийн улстөрчдийн тэргүүн эгнээнд бичигддэг хүн. Түүний үеийнхэн хуучны дарга нарыг бодвол илүү нээлттэй, хувь хүнийхээ талаас олонд танигдсан БНХАУ-ын “орчин үеийн” анхны улстөрчид юм.  Тиймдээ ч Си даргын Соёлын хувьсгалд шүүмжлэлтэй ханддаг тухай яриаг Жое Байденаар зогсохгүй, Европын дипломат төлөөлөгчид хүртэл сонсч байжээ.
Тав дахь үеийнхний ноёрхол эхлэв

Өнөөдөр Хятадын төрд Си Жинпиний үеийн улстөрчид ноёрхох цаг иржээ. Коммунист намын 18 дугаар их хурлаар тавдугаар үеийнхэн хүч түрэн гарч ирнэ гэдгийг ажиглагчид аль эртнээс таамаглаж байсан юм. Коммунист намын Төв хорооны 370 гишүүний 60 хувийг энэ хурлаар өөрчлөх учир ойрын 10 жилд БНХАУ-ын бодлогыг тодорхойлох шийдвэр гаргагчдын дунд шинэ хүмүүс олноор орж ирэхээр байгаа юм.
Шийдвэр гаргах төвшинд ийм томоохон хэмжээний халаа сэлгээ хийсэн явдал Хятадын түүхэнд 1949 оноос хойш гурван удаа л тохиолджээ. Гэхдээ тэр бүр нь түүхэнд бичигдэх томоохон үйл явдлыг нэг бол угтаж, эсвэл дагуулж байж. 1960 онд хийсэн анхны томоохон томилгооны дараа сэхээтнүүдэд халгаатай Соёлын хувьсгал эхэлсэн бол, хоёр дахь нь 1980-аад оны сүүлчээр Тяньаньминий талбайд болсон оюутан залуусын бослогыг хүчээр тараах эсэх дээр эрх баригчид хоорондоо санал зөрөлдсөний дараа болжээ. Харин 2002 онд Зиан Зэминиэс одоогийн Ху Жинтао даргад эрх мэдлээ шилжүүлсэн гурав дахь томилгоо яг төлөвлөсөн сценарийн дагуу болж, дээд төвшинд элдэв асуудал үүсээгүй нам тайван өнгөрсөн юм.
Тэгвэл Ху даргаас Си ноёнтонд эрх мэдэл шилжүүлэх энэ удаагийн томилгоо 1960, 1980-аад оныхтой адил түүхэн үйл явдал дагуулах уу аль эсвэл 2000 оных шиг  бичигдсэн зохиолын дагуу чимээгүйхэн болоод өнгөрөх үү гэдэг олны сонирхлыг татаж байна.

Элитүүдийн фракцын удирдагч

Хятадын эрх баригчидтай ойр эх сурвалжийн мэдээлснээр намын томилгооны өмнө Коммунист намын лидерүүд “популистууд”, “элитүүд” хэмээн хоорондоо хоёр талцан, засгийн эрхийг хэн авахыг шийдвэрлэх тулаан өрнүүлжээ.  Ерөнхийлөгч Ху Жинтао тэргүүтэй популистуудын фракцад орон даяар сүлжээтэй Коммунист залуучуудын хөдөлгөөний хүчирхэг кадрууд багтдаг бол элитүүдийн фракцыг Си Жинпин шиг хуучны том дарга нарын үр удам болсон шинэ үеийн улстөрчид бүрдүүлж байна. Популистууд хүн амын баян, ядуугийн ялгааг арилгах тал дээр гол бодлогоо чиглүүлдэг тийм ч учраас амьдрал тааруухан баруун бүс нутгаар нэлээд нэр хүндтэй. Харин элитүүдийн хувьд чөлөөт зах зээлийн үзэл баримтлалыг дэмждэг, эргийн экспортын бүс нутагт гол бодлогоо чиглүүлдэг.
Энэ хоёр фракцын өрсөлдөөн 2007 онд болсон Намын 17 дугаар их хурлын үеэр ил болсон юм. Тэр хурлаар Си Жинпин Ху даргын халааг авах нь тодорхой болсон. Хэдийгээр Ху Жинтао нам дахь фракцынхаа ноёрхлыг хэвээр үлдээхийн тулд Ли Кециан хэмээх өөрийн хүнд БНХАУ-ын даргын суудлыг өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, нэр дэвшүүлсэн ч их хурлын төлөөлөгчид дунд нууцаар санал хураахад Си Жинпин аргагүй өндөр санал авчээ. Тиймээс Ху даргын оронд Си овогт очих нь тодорхой болж, харин Ли Кециан Ерөнхий сайд буюу Вен Зяабаогийн албыг авахаар болсон юм.

Даргын бас эсэргүүний хүүхэд

Си Жинпиний намтрыг товч өгүүлбэл тэрээр Хятадын дээхэн үеийн том даргын хүү юм. Хятадын хамаг л том дарга оршин суудаг, хатуу харуул хамгаалалт бүхий Жоннанхай хэмээх дээдсийнхний дүүрэгт 1953 онд төржээ. Түүний эцэг Си Жунсюнь бол Ден Сяопины үед “Эдийн засгийн тусгай бүс” гээчийг Хятадад анх санаачлан хэрэгжүүлснээрээ улс даяар өндөр нэр хүнд олсон, Ерөнхий сайдын орлогчийн албыг хашиж явсан төрийн өндөр албан тушаалтан байв. Гэвч сэхээтнүүдэд халгаатай Соёлын хувьсгал түүнийг тойроогүй бөгөөд Мао Зэдуны үед гурван ч удаа хэлмэгдэн хэлс хэрэгт орж, 16 жил хоригдож байжээ. Энэ хэлмэгдүүлэлтийн үеэр Си Жинпиний эгч нь учир битүүлгээр амиа алдаж, гэр бүлд нь хүнд зовлон авчирч байсан учир Си Жинпин Соёлын хувьсгалын талаар шүүмжлэлт үзэл бодлоо тэр бүр нууж чаддаггүй аж. Тэрээр нэгэн удаа энэ тухай ярьж байхдаа олны өмнө нулимс унагасан гэдэг.
Си Жинпинийг есөн настай байхад эцэг нь ачигдаад явсан гэдэг. Эсэргүүний хүүхэд болсон түүнийг хэдэн жилийн дараа хөдөө орон нутаг руу хар ажил хийлгэхээр хэдэн сая хүүхдийн хамт илгээлт нэрээр явуулжээ. Үүгээр тэрээр Хятадын анхны илгээлтийн эздийн нэг болсон бөгөөд багаас элбэг хангалуун амьдралд умбаж өссөн түүнд амьдралын хатуу хөтүүг үзэж, нүд тайлах том сургууль болж өгчээ.

Костьюмны оронд ажлын хүрэм

1969 оны дүн өвлөөр Шааньси мужийн Лианжиахе тосгонд ирэхдээ хайрцаг дүүрэн номтой бууж байсныг одоо ч тосгоны ахмад настнууд дурсан хуучилдаг байна. Гэвч тэрээр ном уншсан цагаан гартан байсангүй, гахайн ферм, ногооны талбай гээд ажил голохгүй тариачидтай хамт хөдөлмөрлөдөг байж. Том даргын хүү гэхэд их хөдөлмөрч, тусархуу залуу юм гэсэн яриа тосгоноос хальж бүс нутгийн захиргаанд хүрснээр Син Жинпин таван жилийн дотор тосгоныхоо намын даргаар сонгогдож, их сургуульд элсэх эрхээр шагнуулжээ. Энэ бол тухайн үеийн Хятадад ер сонсогдож байгаагүй сонин тохиолдол байсан гэдгийг Коммунист намынхан хүлээн зөвшөөрдөг. Ингээд Си Жинпинийг Циньхуагийн их сургуульд химийн инженерийн чиглэлээр сурахаар явахад нь тосгоныхон бүгдээрээ үдэн гаргаж өгч, тэрээр явсан хойноо ч нутгийнхаа хүнд амьдралтай тариачид руу бага сага мөнгө илгээдэг байсан гэдэг.
1976 онд Мао Зэдун таалал төгссөнөөр Си овогтны гэр бүлийнхэн эргээд төрийн ивээлд багтаж, намын ирээдүйтэй, залуу боловсон хүчин Си Жинпин Батлан хамгаалахын сайдын хувийн нарийн бичиг болж дэвшжээ. Үүний дараа тэрээр Фужиан мужийн засаг захиргааны удирдах албанд 17 жил ажилласан байна. Тайваньтай ойролцоо орших энэ мужийн захирагчаар ажиллаж байхдаа Си Жинпин Тайванийн албаны хүмүүстэй найрсаг харилцаа тогтоож, заримдаа бүр гольф тоглож, чөлөөт цагаа хамт өнгөрүүлдэг байсан гэнэ. Албаны костюм, зангианы оронд ажлын хүрэм өмсдөг, хувийн жолоочтой албаны машины оронд өөрөө мини автобус бариад явж байдаг эгэл жирийн Си даргыг Фужиан мужийнхан одоо ч ам сайтай дурсдаг байна. Орон нутгийн ажлыг сайн авч явдаг Си Жинпинийг Фужиан мужаас хөрш Жейжиан руу 2002 онд шилжүүлж, түүний засаг удирдсан дөрвөн жилийн хугацаанд эндэхийн хувийн хэвшил өргөжин тэлж, мужийнхаа ДНБ-ний гуравны нэгийг бүрдүүлдэг болжээ. Энэ амжилтыг нь үнэлэн 2006 онд түүнийг Шанхайн намын хороонд татсан байна.

Хатуу самар

Шанхайн намын дарга болсноор Си Жинпин намын төв аппаратад байр суурь үлэмж дээшилж, 2007 оны их хурлаар намын төв байнгын хорооны есөн гишүүний нэгээр сонгогдсон юм. Тэрээр Коммунист намын хамгийн итгэлтэй лидерүүдийн нэг учир Намын төв сургуулийг удирдахаас эхлээд 2008 оны Бээжингийн олимпыг зохион байгуулах, Сычуанийн гамшгийн дараахь сэргээн босголтын ажлыг удирдах гэсэн хүнд үүрэг даалгаварыг Коммунист нам түүнд хариуцуулж даатгадаг байна. Тэрээр гадаадын төлөөлөгчидтэй харилцахдаа ч чадамгай учир Ху даргын халааг авах нь тодорхой болсон 2008 оноос хойш хилийн чанадад олон ч удаа томилолтоор явж, айлчлал хийх болсон юм. 2008 онд манай улсад айлчилж байсан тэрээр энэ оны анхны гадаад томилолтоо АНУ-д хийж байна. БНХАУ-ын ирээдүйн удирдагчийн айлчлалд АНУ өндөр ач холбогдол өгч, түүний намтар түүх, үзэл баримтлал, байр суурийг судлан сурвалжилж  байна. Дэлхийн тавцанд АНУ-ын хамгийн хүчтэй өрсөлдөгч болоод буй Хятадын төрийн бодлогыг ойрын хэдэн жилдээ зангидан тодорхойлох Си Жинпинтэй найрсаг сайхан харилцаа тогтоохыг ч эрмэлзэж байгаа юм.

Ноён Си Жинпиний хувьд барууны орнуудтай, тэр дундаа Вашингтонтой нөхөрсөг харилцаа аль хэдийнэ үүсгээд амжсан. Гэхдээ тэрээр барууныхны хэлсэн бүхэнд найр тавьж, толгой бөхийдөггүй гэдгээ 2009 онд Мексикт айлчлах үеэрээ харуулсан юм.  Тэрээр “Зарим нэг гэдэс нь цатгалан гадаадын төлөөлөгчдийн хувьд бидэн рүү хуруу чичлэхээс өөр юу ч хийж чаддаггүй” гээд дэлхийн санхүүгийн хямралын өмнө Хятад буруутай юу гэсэн асуултад хариулахдаа “1.3 тэрбум хүнийг өлсгөлөнд оруулаагүй нь Хятадын хүн төрөлхтөний өмнө гүйцэтгэсэн агуу том хувь нэмэр. Бид гадаад улс орнуудад хувьсгал экспортлоогүй. Бас өлсгөлөн, ядуурлаа ч экспортлоогүй. Хятад ямар ч улсад гай зовлон авчирч, толгойны өвчин нь болоогүй” хэмээн хатуухан үг чулуудаж байжээ. Хэдийгээр түүний мэдэгдэл дипломат ёсонд таарахгүй хатуу үг байсан ч Си Жинпин ямар хүн бэ гэдгийг дэлхий нийтэд харуулж өгсөн юм.

Хятадууд дуучин тэргүүн хатагтай боллоо

Си Жинпин БНХАУ-ын дарга болсноор Хятадуудын хамгийн хайртай дуучин Пэн Лиюань энэ улсын тэргүүн хатагтай болох юм. Си дарга Хятадын хамгийн алдартай дуучин Пэн Лиюаньтай ханилаад 25 жил болж байгаа юм. Хятадуудын хувьд Си Жинпинээс илүү эхнэр нь алдар нэртэй, хүндлэл хүлээсэн нэгэн гэж хэлэхэд хилсдэхгүй.  Ардын чөлөөлөх армид 18 насандаа элссэнээс хойш ардын болон цэргийн дуу дагнан дуулж, хятадуудын танил болсон Пэн Лиюань Си Жинпиний хоёр дахь эхнэр юм. Тэд багагүй эсэргүүцэл, саад бэрхшээлийг даван туулж байж 1987 онд гэр бүлийн амьдрал зохиосон ч хамтдаа байх хугацаа тун хомс байдаг гэнэ. Пэн Лиюань гадаад, дотоодод байнга аялан тоглолтоор явж, Бээжинд голдуу ажиллах шаардлага гардаг тул Фужиан, Жейжиан зэрэг орон нутагт ажилтай нөхрийнхөө дэргэд байх боломж бараг олддоггүй аж. Пэн Лиюань нөхрөөсөө дутахгүй улс төрд холбогдсон нэгэн бөгөөд намын Төв хорооны гишүүнчлэлтэй, армид өндөр нэр хүндтэй гэнэ. Си даргын гэр бүл Си Минже хэмээх нэг охинтой. Охин нь одоо Харвардын их сургуульд суралцаж буй ажээ. 

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
мундаг л хүн юм даа
manai setguulch nertei huuhduud aguu hyatad orniig hamaagui doromjlohoo bolih heregtei. bid bugd tendees l amidarch ba. bidnii idej baigaa bolon omsoj baigaa um bugd hyatadaas baigaa. mundag hodolmorch ard tumen. bidend surah um ih bii. tom darga nar ch gesen ene ard tumniig doromjlohoo bolih heregtei. 1,3 billion hun olsohgui l ba shuu dee. sain bodooroi ah duu nar aa
Hiyataduud kommunist neriin dor halhlagdsan jinhene horongoton uls shuudee. Odoo l ed nar nuusan humsaa il gargalaa. Undesnii elituud ni butsan tordoo orj irj baigaa ni ene. Tegehed manaihan bugdiig huu hamuulaad duussan. dandaa buunii nohoi nuud tord baisan. Taij nariin huuhduud odoo bna uu ta minee???
хөөрхөн авгайтай юм бэ
Хятадуудыг бид муулаад л байдаг үнэн хэрэг дээрээ тэд нар чинь жинхэнэ хөгжиж дэлхийн таван хүн тутмын нэгийн нь тэжээж байгаа шүү дээ.
их удирдагчид гэж аймар юм аа. гэтэл манайх ч... ийм хүн бол ёстой энхбаяр ах маань л байх даа
Манай хотын дарга коммунистуудыг үздэггүй хүн танай сайтыг ч үзэхгүй байх даа
Хамгийн их уншсан