Хэдхэн цагийн дараа эхлэх Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнөх амьсгаа дарсан нам гүм байдал АНУ-д ноёрхож байна. Хууль ёсоор сурталчилгаа зогсохын өмнөхөн Ерөнхийлөгч Б.Обама, түүний өрсөлдөгч Митт Ромни нар хамгийн савлагаатай дөрвөн муждаа нэг өдрийн дотор очиж амжлаа. Б.Обама Ерөнхийлөгчийн хурдан хөлгөө ашиглаад Айова, Висконсин, Охайод хэд хэдэн цагийн зайтай очиж, кампанийнхаа сүүлчийн үгийг хэлсэн бол Митт Ромни ч Флорида, Виржиния, Нью-Хэмпшир, Охайод зочилж, өөрийгөө дэмжихийг сүүлчийн удаа гуйжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хүн амынх нь гуравны нэг буюу Охайо, Айова зэрэг савлагаатай мужид оршин суудаг иргэдийн сонголтоос бүхэлдээ хамаардаг юм. Тухайлбал, АНУ-ын түүхэнд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Охайод ялалт байгуулаагүй л бол сонгуульд олонхийн санал авч чаддаггүй бичигдээгүй дүрэм бий. Эдгээрээс бусад муж ерөнхийдөө Ардчилсан нам, Бүгд найрамдах намын аль нэгийг үнэнчээр дэмждэг учир сонгогчдынх нь ерөнхий хандлагыг урьдчилан таамаглаж болдог.
Тэгэхээр Б.Обама, Митт Ромни нарын сонгуулийн кампанит ажил бүхэлдээ савлагаатай тойргийн сонгогчдыг өөртөө татахад чиглэсэн гэж хэлэхэд буруудахгүй. Тэд өрсөлдөгчөөсөө юугаараа давуу вэ гэдгээ харуулахын тулд кампанит ажилдаа хоёр тэрбум ам.доллар зарцуулсан боловч хамгийн сүүлд савлагаатай есөн мужид хийсэн санал асуулгаас харвал нэр дэвшигчдийн хооронд бараг л ялгаа байхгүй. Б.Обама үл ялиг саналаар тэргүүлж байна гэсэн дүн гарчээ. Тухайлбал Охайод гэхэд Б.Обама 49,6 хувиар тэргүүлж байгаа бол Митт Ромни 46,6 хувьтай явж байна. Харин үндэсний хэмжээнд Б.Обама 49 хувьтай, М.Ромни 48 хувьтай байгаа аж.
Одоогийн Ерөнхийлөгч рейтингээрээ яльгүй тэргүүлж байгаа учир Митт Ромни кампанит ажлынхаа эцсийн мөчид түүний өнгөрсөн дөрвөн жил хийсэн ажлыг өөрийнх нь эсрэг чиглүүлжээ. Тэрээр АНУ-ын засаг захиргааны гаргасан тоо баримтыг хүмүүст үзүүлээд “Хүн юу ч гэж ярьж байна. Харин бодит баримт л үнэнийг өгүүлдэг. Ерөнхийлөгч 2008 оны сонгуулиар өөрчлөлтийг амласан. Гэтэл юу болсныг та нар харж байна. Тэр маш ихийг амласан ч маш бага зүйл хийлээ” гэх мэтээр Б.Обамагийн ажлын үр дүнг хурцаар шүүмжлээд энэ бүхнийг өөрчилж, шинэ замаар явах цаг нь болсон гэж уриалсан байна.
Тэгвэл Б.Обама Брьюс Спрингстин, Жэй Зи нарын оддыг дагуулан ирж, сонгогчдынхоо сэтгэлийг хөөргөсний дараа үгээ хэлэхдээ “Миний дотор дахин тэмцэх их хүч үлдсэн. Та бүхэнд үлдсэн гэж найдаж байна. Одоо эргэж буцахад хэтэрхий хол явсан байна. Вашингтонд одоо баатар хэрэггүй. Тэд Цагаан ордонд очоод ердийн л нэг ширээнд суудаг юм. Харин жинхэнэ баатрууд бол тэр ширээнээ өглөө бүр ирдэг захидлын эзэд юм” хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч Б.Обама сүүлийн хэдэн өдөрт тасралтгүй уулзалт, цуглаан хийж, үг хэлж явсаар хоолой нь сөөсөн байсныг хэвлэлүүд тэмдэглэж байна.
АНУ-ын сонгуулийн дүн сонгогчдын саналаас гадна сонгуулийн коллегийн шийдвэрээс ихээхэн хамаардаг. Сонгуульд ялахын тулд коллегийн гишүүдийн 270-аас доошгүйнх нь саналыг авах ёстой. “Нью-Йорк Таймс”, “Вашингтон Пост” зэрэг сонины таамаглаж буйгаар Б.Обама сонгуулийн коллегийн саналаараа ч Митт Ромнигоос илүү авахаар байгаа аж.
Урьдчилсан санал хураалтаар аль хэдийнэ хоёр сая хүний саналыг авчихаад байгаа энэ удаагийн сонгуульд 130 сая сонгогч оролцох ёстой. Тиймээс сонгогчид нэр өдрийн дотор амжиж, саналаа өгч чадах уу, олон цагаар дугаарлаж зогсох хэрэг гарах вий гэдэгт хоёр намын зүгээс нэлээд санаа зовниж байна. Зарим мужид аль болох олон хүнийг санал өгөх боломжоор хангахын тулд заавал нэрээ бүртгүүлсэн цэгт биш ямар ч цэгт очиж саналаа өгч болно гэж зарлажээ.