АНУ-ын сонгуулийн үр дүн зөвхөн Америкийн гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа зуу зуун мянган хүний одоо ба ирээдүйд нөлөөлөх нь гарцаагүй. Тэгэхээр Обама, Ромни хоёрыг хэн нь хэн бэ гэдгийг сонирхоё. Улс төрийн бодлого, хувь хүн талаас нь хэн нь бидэнд ямар ашигтай мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсныг үзэцгээе.
Обама Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлбэл ямар ч байсан Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой, Сирид болж байгаа иргэний дайнтай холбоотой дайн юу юугүй эхэлчихгүй. Эдгээр орны эрх баригчид ба дийлэнх иргэн хэсэг хугацаанд тайван байж болно. Эдийн засгийн хориг арга хэмжээ нөлөөгөө өгч байгаа болохоор цэргийн арга хэмжээ авах гэж яарах хэрэггүй гэж Обама мэдэгдсэн.
Харин Ромни Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлбэл Ираны цөмийн хөтөлбөрийг заавал зогсоохын тулд израйльчуудыг цэргийн ажиллагаа явуулахыг дэмжинэ. Улмаар Сирид болж байгаа иргэний дайнд босогчдод түлхүү тусламж үзүүлж, хэрэгтэй гэж үзвэл НҮБ-аас гадуур ажиллагаа явуулж магадгүй. Ингэвэл Ойрхи Дорнодыг хамарсан нүсэр том дайн үүснэ. Ирак, Ливийн дараа энэ хоёр улс нэрнээс цаашгүй тархай бутархай улс болж хувирна.
Обама өөрсдийн эрх ашгаа хамгаалах нь Америкийн хувьд нэн тэргүүний зүйл ч гэлээ бусад улсын эрх ашгийг адилтган үзэж, тооцож байх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Тэгэхээр манай урд, хойд хөршийн улс төрийн амьдралд ил цагаан хошуу дүрэх гэж яарахгүй. Аль болох прагматик байр сууринаас, улс төрийн бус эдийн засгийн хамтын ажиллагааг голчилсон алхмуудыг хийгээд эхэлчихсэн, бодитоор явуулж ч байна. Төв Азийн Кыргызстан, Узбекистан, Туркменистан, Казахстан, Тажикистан зэрэг улсад явуулж байгаа бодлого үүний тод жишээ.
Ромни нь Америк маягийн үнэт зүйлсийг дэлхийн нийтэд илүү тууштай түгээн тараана гэсэн. Улмаар Оросын сөрөг хүчнийг шууд ивээлдээ авч мөнгө, нэр нөлөөгөөр дэмжиж байгаад Путиныг түлхэн унагахад л туслана гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Тэгэхээр Хятадад ч мөн адил Түвдийн асуудлаар шалтаглан илүү өндөр дуугаар хандаж эхэлнэ. Жил дамнан сонгуулийн булхай хийж төрийн эрхийг гартаа атгасан Төв Азийн дээрх улсын тэргүүн нар нэлээд эвгүй байдалд орно. Тэднийг ардчиллын төлөө суудлаа тавьж өг, сөрөг хүчнийг гаргаж шахаж ч магадгүй. Ингэвэл уран, газрын ховор элементээр баялаг эдгээр улс Америкийн компаниудтай харилцаагаа таслахаас өөр аргагүй болж, ахиад л ардчиллын нэрээр иргэний дайн, үймээн самуун дэгдэх эрсдэл өндөр.
Гэхдээ эгэл жирийн иргэдийн хамгийн ихээр сонирхож байгаа зүйл сонгуулийн дараа гадаадын иргэд АНУ-д хөдөлмөр эрхлэх, сурах, цагаачлах нөхцөлд ямар өөрчлөлт орох бол? гэдэг асуулт юм.
Америкийн Бүгд Найрамдах нам нь цагаачид, ялангуяа хууль бус цагаачлалын эсрэг эрс хатуу арга хэмжээ авахыг шаарддагаараа зартай. Бүгд найрамдах намын харьяат өмнөх Ерөнхийлөгч бага Буш Мексикийн хилийн дагууд бетонон хана босгох ажил өрнүүлж байсан. Энэ удаагийн нэр дэвшигч Ромни нь Бушийн эхлүүлсэн Мексикийн хилийн дагуу бүсийг илүү нарийн хяналттай болгох ажлыг үргэлжүүлнэ гэв. Дараа нь АНУ-д хуулийн дагуу цагаачлан орж ирэхийн тулд өмгөөлөгч хөлсөлж авдаг тогтолцоог үгүй хийж бүгдийг ойлгомжтой, ил тод болгоно гэлээ. Нэг бодоход амар хялбар ч юм шиг. Гэхдээ нөгөө талаас шинжлэх ухааны өндөр цол хэргэмтэй, нарийн мэргэжлийн хүмүүст л энэ алхам голчлон ханджээ. Түр зуурын ажлын виз олгохыг хялбаршуулна, ингэхдээ ажил олгогчийн эрхийг түлхүү хамгаална. Өөрөөр хэлбэл түр визээр ажил хийж байгаа хүн цалин хөлс нэмүүлэх, ажлын нөхцөл сайжруулах гэх мэт элдэв шаардлагыг ажил олгогчдоо тавих эрхгүй болох юм. Гэр бүлийн хүмүүсийг нэгтгэх асуудалд илүү түлхүү анхаарна гэжээ. Ингэснээр хуулийн дагуу цагаачлан ирж татвар, суутгалаа төлөн амьдардаг хүмүүсийг тоог нэмэгдүүлэх аж. Цаашлаад хууль бус цагаачдыг ажилд авсан ажил олгогчдыг торгох, гадаадын оюутнуудыг америк оюутнуудтай адил өндөр төлбөр төлдөг болгох аж.
Обама нь юуны өмнө хууль бусаар цагаачлан ирсэн ч олон жил гэмгүй ажилласан хүмүүст албан ёсоор цагаачийн эрх авч ажиллах боломж олгох хууль баталсан. Өөрөөр хэлбэл 30 хүрээгүй, хууль зөрчсөн ямар нэг хэрэгт орооцолдож байгаагүй, 16 нас хүрээгүй байхдаа АНУ-д ирсэн, ирээд таваас доошгүй жил амьдарч, америк сургууль төгссөн бол албан ёсоор хоёр жилийн хугацаанд ажиллах эрхтэй болно. Ямар ч байсан хоёр жил цагаачлалын албанд баригдаад хөөгдөнө гэж айлтгүй ажиллаж болно гэсэн үг. Цаашид хэрэг түвэгт орооцолдчихгүй бол энэ хугацааг хязгааргүй олон удаа сунгаж болно. Энэ хуулийн ачаар хүүхэд байхдаа эцэг, эхийн хамт Америкт орж ирсэн 800 мянга гаруй залуучууд албан ёсоор амьдрах эрхтэй болж байна. Гэхдээ албан ёсоор цагаач болох гэдэг дээр гэмт хэрэгт холбогдолтой эсэх дээр түлхүү анхаарч байгаа юм. Мөн Америкийн нутгаас хууль бус цагаачдыг албадан гаргах өргөн хүрээтэй ажиллагааг түр хугацаагаар зогсоосон юм.
Хэн ялвал Америкт амьдрахыг хүсч байгаад гадаадын иргэдэд ашигтай вэ гэдэг нь ингээд л ойлгомжтой мэт санагдаж болох юм.
Гэвч энэ асуудал үнэн хэрэг дээрээ маш ээдрээтэй. Юуны өмнө АНУ-д амьдарч байгаа хууль бус цагаачдын тоо 11 сая гаруй байгаа нь хүн амын дөрвөн хувьтай тэнцэж байгаа. Эдгээр хууль бус цагаачдаас болж жил болгон 400 тэрбумаас нэг их наяд хүртэл ам.долларын алдагдал хүлээж байдаг. Энэ олон сая хүний дотор элдэв эрүүгийн хэрэгтнүүд цөөнгүй. Ажлын чадвартай хууль бус цагаачдын тоо 8,4 саяд хүрсэн нь Америкийн хөдөлмөрийн чадвартай хүн амын 5,4 хувь нь. Дийлэнх хууль бус цагаачид аялал жуулчлал, ажил гэх мэт албан ёсны үндэслэлээр хил даваад визийн хугацаа дууссаны дараагаар “харлаж” үлдсэн хүмүүс байдаг.
Ийм нөхцөлд Америкийн Ерөнхийлөгч үүрэгт хугацааны туршид болон сонгуулийн үеэр энэ асуудалд онцгой анхааралтай хандахаас өөр аргагүй.
Жишээлэхэд, өнгөрсөн жил АНУ-аас хамгийн олон буюу 400 мянган хууль бус цагаачдыг албадан гаргажээ. Гэхдээ сонгууль дөхсөнтэй холбоотойгоор л албадан гаргах ажиллагааны далайц, эрчмийг бага зэрэг бууруулахад хүрсэн байна. Хүний эрхийг хамгаалах зарим байгууллагын мэдэгдэж байгаагаар Обама нь гуравхан жилийн дотор Бушийн найман жилийн дотор албадан гаргаснаас хавьгүй олон гэр бүлийг нутаг руу нь буцаасан байна. Энд ямар нэг байдлаар хууль зөрчсөн тохиолдолд хууль бус, эсвэл албан ёсны гэж ялгалгүйгээр цагаачдыг албадан гаргаж байгаа нь үүнд ихээхэн нөлөөлдөг бололтой. Ингэж хавтгайруулснаар 10, эсвэл бүр 20 жил Америкт албан ёсоор томоотой цагаачлан амьдарч байсан хүн гэрлэн дохио зөрчих, торгууль хугацаанд нь төлөөгүй гэх мэт ялихгүй зөрчлөөс болж албадан буцах нь нэмэгдсээр... Обама төр барьсан гурван жилийн хугацаандаа Бушийн найман жилд албадан гаргаснаас хавьгүй их гэр бүлийг нутаг руу нь буцаасан гэж зэмлээд байгаа нь үүнтэй холбоотой биз.
Цаашлаад хууль бус цагаачдыг нутаг буцаахтай холбоотой бас нэг ээдрээ байдаг нь Америкийн нутаг дээр төрсөн хүүхдүүд юм. Хууль бус цагаачдын ихэнх нь гэр бүлтэй. Ийм гэр бүлүүд дэх хүүхдийн тоо 5,5 сая, дөрвөн сая нь АНУ-ын нутагт төрсөн болохоор хууулийн дагуу АНУ-ын иргэн. Гэтэл хүүхэд нь иргэн атал эцэг, эх хоёул хууль бус цагаач, эсвэл нэг нь хууль бус нөгөөх нь албан ёсны цагаач, эсвэл эцэг нь иргэн, эх нь хууль бус цагаач гэх мэт байдаг. Ийм тохиолдолд тэднийг зөрчил гаргавал нутаг руу нь буцаах асуудал бүр ч ээдрээтэй болж байгаа билээ. Улмаар Америкт төрсөн ямар ч хүн иргэншлээсээ үл хамаараад АНУ-ын иргэн болдог хуулийг халах яриа хүчтэй өрнөж байна. Сүүлд явуулсан санал асуулгаар ингэж халахыг америкчуудын 61 хувь нь дэмжиж байгаа аж.
Энэ мэтээр цагаачлалтай холбоотой тайлахад бэрх ээдрээ олон. Хоёр нэр дэвшигчийн хэн Ерөнхийлөгч байхаас үл хамаараад цагаачлал, ялангуяа хууль бус цагаачлалтай холбоотой хууль дүрэм улам л чангарах нь гарцаагүй. Ямартаа ч Обама Ерөнхийлөгч байгаа тохиолдолд томоотой цагаачид торойгоод байгаад байх бололтой.