Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цахим засаглал & аюулгүй байдал

Өчигдөрхөн “GhostShell” нэртэй хакеруудын бүлэглэл ОХУ-ын эсрэг кибер дайн зарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Хакерууд Оросын Засгийн газар, яамд, тусгай албад, төрийн мэдлийн том корпорацуудын сайтуудыг эв­дэн нууц материалуудыг нь олон нийтэд илчлэн та­вих аж. Дайн эхлүүлсний тэм­дэг болгож төрийн олон зуун мянган албан хаагчийн И-мэйл хаяг, түүний нууц үг, Зас­­гийн газрын сайтуудад нэвт­рэх эрх, нууц үг ба хаалт­тай мэдээллүүдийг дэлгэн тавьж үзүүлжээ. Дэндүү олон жил дарангуйлагч төртэй байснаас авлигад идэг­дэж, иргэд нь ертөнцөөс тусгаарлагдан зовж байгаа атал өөр улс руу тагнуул явуулахад хөрөнгө хаяад сууж байна гэж хакерууд Оросын Засгийн газрыг буруутгажээ.
Хэдэн жилийн өмнө бид ийм мэдээ уншсан бол тоохгүй л өнгөрөх байсан. Гэтэл өнөө­дөр интернэтгүйгээр дэл­хийн дийлэнх орны тө­рийн байгууллагуудын үйл ажил­лагааг төсөөлөх аргагүй. Үүнийг цахим засаглал ч гэ­дэг. Цахим засаглал жин­хэ­­нэ утгаараа хэрэгжин, хам­гийн үр дүнтэй ажилладаг улсууудад иргэд нь цахим үнэмлэхээ ашиглан 500 нэр төрлийн үйлчилгээ авч байна. Бүх төрлийн магадлагаа, лавлагааг цахим иргэний үнэмлэхээ ашиглаад гэрээсээ авчихна.Нэгдсэн сантай болохоор төрийн нэг байгууллагад өөрийнхөө ту­хай шаардлагатай лавла­гаа, мэдээллийг өгсөн бол дараагийн удаад өөр албанд хандахад дахин шинэ лавлагаа нэхэгүй. Шинэ компани бүртгүүлэхэд ер­дөө хэдхэн минут зар­цуулдаг гээд төсөөлөөд үзээрэй. Төрийн нууцад хамаарахгүй бол Засгийн газар, хот, дүүргийн тамгын газруудад тухайн өдөр хэлэлцэж бай­гаа бүх асуудлыг мөн л интернэтээр шууд үзэж танил­цах боломжтой. Банкны гүйлгээний 90 гаруй хувийг интернэт банкаар гүйцэтгэдэг гээд тоочоод байвал барагдахгүй.
Энэ бүхэн иргэн ба төр хоорондын харьцааг хялбаршуулан авлига, хүнд суртлыг бараг байхгүй шахуу болгодог. Гэхдээ нэг асуудал гарч ирдэг. Энэ бол аюулгүй байдлыг хангах. Мэнд мэдэхээс эхлээд маш нууц хүртэл асар их мэдээлэл интернэтээр дамжиж байгаа. Банкны мэдээллийн санг эвдээд хэрэглэгчдийн зээлийн, цалингийн гээд олон картны нууц үгийг хулгайлаад авчихвал тун ч таагүй юм болно доо. Тэгвэл улсын түвшинд? Нууцад хамаарах мэдээллийг солилцож байтал түүнийг нь өөр улсын хакер чөлөөтэй уншаад сууж байвал яах вэ? Улсын мэдээллийн нэгдсэн санд та бидний хурууны хээ, овог нэрнээс эхлээд шилжилт хөдөлгөөн гэх мэтчилэн асар их хувийн нууцтай хамаарах  мэдээлэл байдаг. Наад зах нь сонгуулийн үр дүнг алсаас будлиулаад эхэлбэл төр эргэх үү гэдэг маш ноцтой асуудал.

Хакерууд интернэтээр дамжуулан нэгдээд элдэв бүлгэм байгуулж аль нэгэн компаниас эхлээд төрийн байгууллагуудын сайт руу дайрч мэдээллийн санд нэвтрэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгох зэрэг гэмт хэрэг хийх нь сүүлийн хэдэн жил огцом нэмэгдлээ. Дээр дурдагдсан хакерын бүлэглэл бүхэл бүтэн улсын Засгийн газарт кибер дайн зарлалаа гэдэг аюул бодит гэдгийг харуулж байна. Банкны эзэд, улстөрчдийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж өөрсдийгөө тодорхойлдог энэ бүлэглэл нь сүүлийн хэдэн жилийн дотор янз бүрийн банк, улс төрийн нам, бирж гээд асар олон байгууллагын сайт, мэдээллийн санд нэвтрэн мэдээлэл хулгайлж олон нийтэд цацсан.  
Ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн зартай бүлэглэлүүд байдаг. Түүний нэг нь “Anonymous” бүлэглэл. Энэ бүлэглэл нь жишээлэхэд, Ангела Меркелийг айлчлахад эсэргүүцлийн жагсаал хий­хийг хориглолоо гэж Гре­кийн цагдаа, Хууль зүйн яам­дын сайт руу дайралт хийж үйл ажиллагааг нь зог­соо­ход хүргэсэн. ОХУ-ын Ерөн­хийлөгчийн сонгуулийн үеэр Кремлийн интернэт сайт, мэ­дээл­лийн сан руу дайрч нэлээд сан­даргасан. Жулиан Асанжийг Шведэд өгөх гэлээ гэж Британы Засгийн газрын сайтууд руу дайрч Ерөнхий сайд, Засгийн газрын сайтуудыг эвдсэн.
Ийнхүү хувь хүмүүс нэгдэн хакеруудын бүлэглэл байгуулахтай адилаар төрөөс өндөр чадвартай хакеруудыг тусгайлан хөлсөлж баг болгон ажиллуулах нь өндөр хөгжилтэй орнуудад хэвийн үзэгдэл болжээ. Төрөөс санхүүждэг хакерууд хамгийн аюултай гэж үздэг. Албан бус бүлэглэлүүд нь эвдэлсэн гэдгээ зарлан, олсон мэдээллээ ил болгон эсэргүүцлээ өвөрмөц байд­лаар илэрхийлж бай­на. Харин улсын албанд ажилладаг хакерууд мэдсэн гэдгээ аль болох мэдэгдэхгүйг хичээнэ. Тэд гол төлөв төрийн нууцад хамаарах мэдээллийн санд нэвтрэхийг хичээдэг. Ираны Засгийн газар ийм бодит аюултай тулгарсан болохоор төрийн албан хаагчдыг ажлын байрнаасаа интернэт рүү нэвтрэх эрхийг хаасан. Улмаар интернэтээс тусдаа өөрийн гэсэн сүлжээтэй болох арга хэмжээ авч байгаа тухайгаа мэдэгдсэн билээ. Америкийн Батлан хамгаалах яам ч удаа дараалан гадаадын хакеруудын дайралтад өртөн багагүй чухал мэдээлэл алдаж байсан тухай мэдэгдэж байсан. Цахим засаглал хамгийн өндөр хөгжсөн гэгддэг Эстони улс хакеруудын дайралтад өртөн төрийн албадууд нь үйл ажиллагаагаа зогсоох шахуу юм болж байв.
Улсын албанд ажилладаг хакеруудаараа манай хойд ба урд хөрш хоёр хамгийн алдартай гэж болно. Тэднийг байсхийгээд л аль нэг улсын амин чухал яам, албаны сайт руу нууцаар нэвтрэх оролдлого хийлээ гэж буруутгадаг ч нотлох баримт гаргаж чаддаггүй.
Интернэтгүй бол гаргүйтэй адил болсон ийм үед ийнхүү улсын аюулгүй байдалтай шууд холбоотой болж байгаа билээ. Улс орнууд ч интернэт аюулгүй байдлыг хангах тал дээр асар их хөрөнгө мөнгө хаяахаас өөр аргагүй болж байгаа юм. Харин цахим засаглал хөтөлбөрийг эрчимтэй хөгжүүлж байгаа манай улс аюулгүй байдлыг хангах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар ямар ч мэдээлэл алга. Ядаж л Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийнхөө цахим шуудан, тусгай албадынхаа мэдээллийн санг хамгаалж чаддаг байх гэж найдъя.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан