Оросын интернэт орчинд нэгэн шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хэрэгжиж буй уг хууль эрхзүйн зохицуулалтаар бол эрх баригчид ямарваа нэгэн цахим хуудсын мэдээллийн агуулга хүүхэд багачууд болон цөөнхийн оюун санаанд хортойгоор нөлөөлөхөөр байна гэж үзвэл сайтыг нь шууд хаах эрхтэй болж байгаа юм. Тухайлбал, хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, порно бичлэгт ашиглаж буй дүрс бичлэг эсвэл хэрхэн амиа хорлох, хар тамхи хэрэглэхийг зааж зааварласан агуулга бүхий байвал өчиггүйгээр тухайн цахим хуудсыг хаах аж. Ингэхдээ хэргийг шүүхээр ч шийдвэрлүүлэхгүй гэнэ. Хэрвээ цахим хуудсыг хаах боломжгүй байвал тус сайтад интернэт үйлчилгээ үзүүлэгчийг хаах хүртэл арга хэмжээ авах юм.
Парламентаар баталж, Ерөнхийлөгч В.Путин зөвшөөрөн гарын үсэг зурсан уг хууль хүүхдүүдийг зүй бүс мэдээллээс хамгаалах зорилготой хэмээн эрх баригчид тайлбарлаж байгаа ч хүний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан явдал хэмээн цахим ертөнцийнхөн болоод хүний эрхийн байгууллагууд үзэж байна.
Оросын зарим хүний эрхийн байгууллага мэдэгдэхдээ “Мэдээж, иймэрхүү сайтууд хүүхдүүдэд хүрэх ёсгүй. Гэхдээ эрх баригчид үүн дээр үндэслээд зүгээр л “танай мэдээлэл олон нийтэд хор уршиг дагуулахаар байна” гэж ганцхан өгүүлбэрээр тайлбарлаад л ардчиллын төлөө дуугардаг бусад цахим хуудсыг ч хаах оролдлого гаргахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ бол интернэтээр үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийг зөрчиж байна” гэж мэдэгдэж байгаа юм.
Хүний эрхийн байгууллага, ТББ-уудаас гадна “Яндекс”, “Мэйл.ру”, Оросын “Wikipedia” гээд томоохон цахим хуудас, интернэт хайлтын системүүд энэ хуулийг “Оросын интернэт ертөнцөд хуулийн аргаар цензур тогтоох гэсэн үйлдэл” хэмээн эсэргүүцэж байна.