Япон эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт түүхэндээ байгаагүй өндөр буюу 60,1 хувьд хүрчээ. Гэхдээ энэ тоог эрчүүдийнхтэй харьцуулбал хамаагүй бага байгаа юм. Япон эрчүүдийн 80 хувь нь ямар нэгэн ажил хөдөлмөр хийж байгаа гэсэн тоо байдаг.
Гэхдээ дээрх 60,1 хувь гэдэг бол маш том амжилт. Энэ маягаар хөдөлмөр эрхлэлт дэх жендерийн ялгааг багасгаж чадвал Японы ажиллах хүчийг 8,2 сая боловсон хүчнээр тэлж чадна гэж судлаачид үзэж байна.
Хүн амд эзлэх ахмад настнуудын тоо нь жил ирэх тусам нэмэгдэж, ажиллах хүчин дутагдах эхэлсэн тус улсын хувьд дотоодоосоо боловсон хүчнээ хангах нь нэн чухал, эдийн засагт нь үлэмж нөлөөтэй юм. “Goldman Sachs” банкны стратегич Кэти Мацуйн тооцон гаргаснаар эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нэмэгдсэнээр Японы ДНБ 15 хувиар өсч тэлэх боломжтой ажээ. Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард ч энэ санааг дэмжиж буйгаа Токиод болсон Дэлхийн банк-ОУВС-гийн хамтарсан хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ “Танай улсын эдийн засгийг бүсгүйчүүд чинь аварна шүү. Өнөөдөр танайд 10 эмэгтэй тутмын тав нь ажилтай байхад, 10 эрэгтэй тутмын хоёр нь л ажилгүй байна. Энэ ялгааг л багасгах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн байна.
Японы хүн амд настайчуудын эзлэх хувь нэмэгдэж буйгаас бүсгүйчүүдэд ажлын байр олдох магадлал илүү өндөр болж байгаа юм. 2055 он гэхэд тус улсын хүн ам 2005 оны үеийнхээс хоёр дахин их болох үед ажиллах хүчний тоо одоо байгаагийн тал хувьтай тэнцэхүйд хэмжээнд хүрч буурахаар байгаа. Тиймээс ажиллах хүч гэдэг Японы эрх баригчдын хувьд хамгийн толгой гашилгасан асуудал болоод байна. Хэдийгээр япон бүсгүйчүүд ажил хөдөлмөр хийх нь нэмэгдсэн ч тэд анхны хүүхдээ төрүүлээд л ажлаа орхиж, гэртээ суудаг уламжлал нь өнөө хүртэл саад болсоор байгаа юм.