АНУ-ын Висконсин мужид байдаг Брукфилд нэртэй жижиг хотын гоо сайхны салонд нэгэн эрэгтэй гал нээж гурван хүний аминд хүрч, нэг хүнийг шархдуулсан хэрэг гарлаа. Буудсан эрэгтэй нь салсан эхнэртэйгээ тооцоо бодохоор ирсэн аж. Цагдаа нарыг ирэхэд ийн гал нээсэн нөхөр зугтсан байсан ч түүнийг удалгүй амиа егүүтгэсэн байхыг олжээ. Америкт ийм хэрэг харамсалтай нь байсхийгээд л гарч байна.
Энэ оны наймдугаар сарын 5-нд Уэйд Майкл Пэйж гэгч арьсны өнгөөр ялгаварлагч этгээд Сикхүүдийн сүм рүү дайран орж гал нээн зургаан хүний аминд хүрсэн. Энэ хэргээс хоёр өдрийн дараа Детройт хотын усан боомтод нэгэн эмэгтэй зүгээр явж байсан хүмүүс рүү буудаж долоон хүнийг хүнд шархдуулсан. Долдугаар сард Бэтмений адал явдлын тухай шинэ киноны нээлтийн үер Жеймс Холм гэгч этгээд урьдаас бэлтгэж кино театрт дайран ороод үзэгчдийг буудаж 12 хүний аминд хүрч 59 хүнийг шархдуулсан. 2010 онд Алабамагийн их сургуулийн багш, профессор Эми Бишоп хурлын үеэр хамт ажиллагсад руугаа гал нээж гурван хүний аминд хүрсэн. 1999 онд ахлах сургуулийн хоёр сурагч сургууль дээрээ гал нээж 13 хүүхдийн аминд хүрч, 37 шархдуулаад сүүлд нь хоёулаа амиа хорлосон хэрэг гарсан. 2007 оны Виржиний политехникийн их сургуульд солонгос гаралтай оюутан Сын Хи Чо гэгч нь гал нээж 32 хүний аминд хүрч, 25 хүнийг шархдуулсан.
Ямар ч гэмгүй олон арван хүний аминд хүрсэн аллага гарах болсон шалтгааныг мэргэжилтнүүд янз бүрээр тайлбарладаг. Стресс, ахуйн маргаан, сэтгэцийн эмгэг, бусдыг дууриадаг гээд олон шалтаг дурдагддаг.
Гэвч явж явж гол шалтгаан нь америкчууд Үндсэн хуулийн хоёрдугаар өөрчлөлтийн дагуу галт зэвсэг чөлөөтэй эзэмших эрхтэй байгаа явдал гэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Тэгэхээр гол маргаан галт зэвсэг чөлөөтэй эзэмших эрх байх ёстой юу гэдэг сэдвээр явагдаж байгаа юм.
Америкийн Үндсэн хуульд оруулсан хоёрдугаар өөрчлөлт нь “Сайтар байгуулагдсан сэргийлэх ангиуд нь эрх чөлөөт улсын аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай болохоор ард түмний зэвсэг чөлөөтэй хадгалж, хэрэглэх эрхийг хязгаарлахгүй” гэсэн байдаг. Энэ хуулийг янз бүрээр тайлбарлан, хориглох, эсвэл бүр чөлөөтэй болгохыг шаарддаг ч арван жилийн өмнө гэхэд л америкчуудын гар дээр 250 сая галт зэвсэг байна гэсэн баримт байсны 80 сая орчим нь гар буу. Гэртээ хамгийн цөөндөө нэг гар буу, эсвэл өөр ямар нэг галт зэвсэг хадгалдаг өрхийн тоо 48 саяд хүрсэн.
Галт зэвсэг чөлөөтэй эзэмших эрхийг зөвшөөрөхийн төлөө байгаа хүмүүсийн нотолгоо болгодог нэг зүйл бий. Жилд зүй бусаар амиа алддаг хүмүүсийн дотор галт зэвсгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэг хувь ч хүрдэггүй. Энэ бол Америк жилдээ авто машины ослоос болж нас бардаг хүний тоотой зүйрлэхээргүй бага. Үүний дээр статистик мэдээнээс үзвэл АНУ-ын галт зэвсэг чөлөөтэй эзэмших эрхийг чөлөөлсөн мужуудад гарч байгаа онц ноцтой гэмт хэрэг, түүний дотор галт зэвсэг хэрэглэсэн эрүүгийн гэмт хэргийн тоо нь буу чөлөөтэй эзэмшихийг хориглосон мужуудаас бага байдаг. Өөрөөр хэлбэл, иргэдэд буу чөлөөтэй эзэмшихийг зөвшөөрөх нь онц ноцтой хэрэг буурахад нөлөөлдэг нэг хүчин зүйл болдог. Дээрэмдэх гэсэн хүн нь буутай байж болох тул дээрэмчид тэр бүр дайрч зүрхэлдэггүй гэсэн үг.
Буу чөлөөтэй эзэмшихийг дагалдан үүсдэг энэ нөлөөг олон орон ашигласан байдаг.Жишээлэхэд, Бразиль. Энэ улсад буу хэрэглэсэн гудамжны дээрэм маш их гардаг. Иймд Засгийн газраас буу чөлөөтэй эзэмшихийг хориглох талаар санал асуулга явуулахад санал өгсөн хүмүүсийн дийлэнх нь хориод хэрэггүй, зөвшөөр гэжээ. Эрх баригчид зэвсгийн хууль бус наймаа, гудамжны дээрмийг зогсоож чадахгүй байж энгийн номхон хүмүүсийг эсэргүүцэх зэвсэггүй болгож гар мухарлах гэлээ гэж асуудлыг хүлээж авсан байна. Үнэхээр ч Австралид 1996 онд Засгийн газар нь галт зэвсэг чөлөөтэй хадгалах, авч явахыг хориглосны дараа зэвсэгт дээрмийн хэрэг ганц жилийн дотор 59 хувиар нэмэгдсэн байх юм. Их Британид буу чөлөөтэй эзэмших, хадгалахыг 1997 онд хориглосноор дээрмийн хэргийн тоо 101 хувь нэмэгдсэн байна. Германд галт зэвсэг эзэмших, чөлөөтэй хадгалахыг зөвшөөрдөг болохоор иргэдийн гар дээр албан ёсоор 10 сая гаруй буу байдаг. Албан ёсны зөвшөөрөлтэй бууны тоо нэмэгдэхийн хэрээр зэвсэг хэрэглэсэн гэмт хэргийн тоо 20 жилийн дотор 60 хувь буурсан гэсэн үзүүлэлт ч байдаг.
Энэ мэтээр иргэддээ буу чөлөөтэй эзэмших, хадгалах эрхийг зөвшөөрөх эсэхийг тойрсон маргаан их ээдрээтэй. Эсэргүүцэгчид болон дэмжигчид бүгд өөр өөрийн нотлох баримтыг татан эцэс төгсгөлгүй маргалддаг.
Мөн галт зэвсэг гар дээрээ чөлөөтэй эзэмших, хадгалах нэгэн төрлийн нийгмийн соёл гэж болохоор зүйл бий болдог нь гарцаагүй. Жишээлэхэд, манай хойд хөрш олон жилийн турш ангийн биш л бол бүх төрлийн бууг эзэмших, хадгалахыг хориглодог байсан. Зах зээлийн эхний жилүүдэд дээрмийн хэрэг хэрээс хэтэрч жирийн иргэд биеэ хамгаалах боломжгүй болсон. Иймд онц хүнд хэргийн гаралтыг зогсоох зорилгоор бие хамгаалах зориулалттай, резинэн сумаар хэдхэн алхмын зайнд бууддаг бууг биедээ авч явах, хадгалахыг зөвшөөрсөн. Гэтэл биедээ буу хадгалан эзэмших олон жилийн тогтсон соёл байхгүйгээс энэ зөвшөөрлийг нь элдэв танхайчууд, эрүүгийн нөхдүүд хамгийн шуурхай хэрэглэх болсноор буу хэрэглэсэн гэмт хэргийн тоо өсөхөд хүрсэн гэжээ.
Хүнд гэмт хэргийн гаралт энэ мэтээр буу чөлөөтэй эзэмших боломжтой орнуудад буурсаар байгааг статистик мэдээ харуулж байна. Гэхдээ энэ статистик үзүүлэлтийг сэтгэцийн өөрчлөлттэй, стресст орсон үедээ биеэ хянаж чаддаггүй хүмүүсийн гар дахь бууны золиос болж байгаа олон арван гэмгүй хүмүүсийн амиар зөвтгөх боломжгүй юм. Энд аль нэг талыг нь баримтлах нь улс төр, эдийн засгийн олон үр дагавартай байдаг. Жишээлэхэд, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль. Үндсэн хуулийн хоёрдугаар өөрчлөлтийг дэмжигчид гол төлөв Бүгд найрамдах намын дэмжигчид. Харин ардчилсан намын дэмжигчид нь энэ хуулийг хэрэгжүүлэхэд илүү нарийн хяналт тавих ёстой гэдэг. Ямартай ч, хоёр талын дэмжигчдийн дунд хоёрдугаар өөрчлөлтийг дэмжигч, эсэргүүцэгч олон. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ромни, Обама хоёр сонгуулийн кампанит ажил эцсийн шатандаа орж яваа энэ өдрүүдэд боломжит сонгогчдоо үргээхийг огт хүсэхгүй. Иймдээ ч эхэнд дурдагдсан хэргийн талаар тэр гэхийн тэмдэггүй барьцгүй мэдэгдэл хийх байх.