![]()
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АДАПТ төслийн нэгжээс Цаг уур, орчны шинжилгээний газар, Монголын Үндэсний Давхар Даатгал ХК-тай хамтран “Зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, санхүүжилтийг шийдвэрлэх арга зам ” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, хэлсэн үгэндээ “МУЗН-ээс цаг уурын мэдээлэлд суурилсан санхүүжилтийн (Forecast-based financing) механизмыг хэрэгжүүлж эхэлсэн нь эрсдэлийг урьдчилан тооцож, хүндрэхээс өмнө малчдад шаардлагатай дэмжлэгийг цаг тухайд нь хүргэж урьдчилан хамгаалах тогтолцоонд тодорхой хувь нэмэр болж байна. Энэхүү улсын болон дотоодын туршлага нь зудын давтамж, эрчим нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн байгууллагууд бодлого, төлөвлөлтдөө тусгаж, салбар хоорондын уялдаа холбоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг улам бэхжүүлэх, төрийн байгууллагууд болон олон улсын байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, уялдаа холбооны урсгалыг сайжруулах, улмаар даатгалын механизм болон эрт санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд энэ удаагийн хэлэлцүүлэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт БОНХЯ, СЯ, ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, МЭГ, олон улсын донор байгууллагууд, элчин сайдын яамдын төлөөлөл, хувийн хэвшлийн болон даатгалын салбарын төлөөлөл биечлэн, 21 аймгийн Онцгой комиссын гишүүд, малчдын төлөөлөл цахимаар оролцсон юм.

Энэ үеэр ХХААХҮЯ-аас “Сүүлийн жилүүдийн зудын нөхцөл байдал, нөлөөлөл”, УЦУОСМХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, др.Д.Гомболүүдэв “2025-2026 оны өвлийн цаг уурын төлөв ба зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ”, Монголын үндэсний Давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант “Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээг үндэсний давхар даатгалын системд ашиглах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчид мэдээллийн урсгал дата мониторинг, малчид өрхийн түвшинд мэдээлэл хүргэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
























