
Монгол Улсын түүх, соёл, оюун санааны дархлааг илтгэх бахархалт өдрүүд арвинтай, Монголын төр, тусгаар тогтнол, үндэсний бахархал, соён гэгээрэл, сэргэн мандлын бэлгэдэл болсон онцлох ой, түүхэн үйл явдлууд тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой энэ сард тохиож байна.
Монголын төр, нийгэм, бурхны шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазар Халхын Түшээт хан Гомбодоржийн удаах хөвгүүн болон 1635 оны “Идэр” хэмээх хөхөгчин модон гахай жилийн намрын адаг сарын 25-нд мэндэлжээ. Энэхүү өдөр энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 14-нд тохиож буй бөгөөд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Өндөр гэгээний 390 жилийн ойд зориулсан шашин, соёлын арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тухайлбал, Өндөр гэгээний бүтээсэн Очирдарь бурхныг сүсэгтэн олонд дэлгэн толилуулах, “Цагийг тохинуулагч залбирал” буюу Жанлавцогзол номын айлдвар, ойд зориулан их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан илтгэлийн уралдаан, номын нээлт зэрэг арга хэмжээнүүд болох юм.
#МонголБахархал #БүтээлчСар #ӨвСоёл #ҮндэснийДархлаа #ТүүхээХүндэлье #ТусгаарТогтнол























