
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2025 оны 11 дүгээр сарын 3-14-ний өдрүүдэд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 50 дугаар хуралдаан болж байна.Тус хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дөрөвдүгээр тайланг 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хэлэлцүүллээ.
Манай улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, мөн яамны Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Амгалан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд нар ажиллалаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 60/251 дүгээр тогтоолд үндэслэн НҮБ-ын гишүүн орнууд өөрийн орны хүний эрхийн нөхцөл байдал болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаар тайлангаа Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанд тогтмол хэлэлцүүлдэг уламжлалтай. Монгол Улс энэхүү хэлэлцүүлэгт анх 2010 онд, дараа нь 2015 болон 2020 онд тус тус оролцож байв.
























