УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2025.11.04/ хамтран хуралдаж, УИХ-ын гишүүнээс буусны дараа олгох тэтгэмжийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэв.
Нийтийн өргөдөл, гомдлын цахим систем https://petition.parliament.mn-д 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Цогбадрахын Батболд Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг санаачилсан байна.
Уг өргөдөл нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100467 иргэний санал авсан байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн саналыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр хуралдаж эхэллээ.
Хоёр байнгын хорооны хуралдаанд 57 гишүүн оролцохоос 36 нь ирцээ бүртгүүлж, УИХ-ын гишүүн О.Номинчимэг хуралдааныг даргалав. Хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Ц.Батболд оролцож, гишүүдийн асуултад хариулна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир, Энэ хууль анх батлагдахдаа тэтгэмжийг зургаан сарын хугацаанд олгохоор тусгасан бол 2006 оноос 12 сар болгосон. 2024 оны 5-р сарын 16-ны өдөр буюу өмнөх парламент бүрэн эрхийг хугацаагаа өндөрлөхөөс энэ хууль өөрчлөлт оруулсан.
УИХ-ын Тамгын газраас асууя. Тэгэхээр 1992 онд анхны парламент байгуулагдсанаас хойш УИХ-ын гишүүн байсан хэчнээн хүн энэ тэтгэмжийг авсан бэ?
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Энэ асуудлыг хэлэлцэх болсонтой холбогдуулан УИХ-ын Тамгын газраас захирамжуудыг шүүж байна гэсэн мэдээлэл өгсөн.
Эхний байдлаар мэдээлэхэд 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн байсан хүмүүсийн үеэс авч эхэлсэн. Үе үеийн Парламентын гишүүдээс тэтгэмж авч байсан хүний тоо:
- 1990-1992 оны УБХ-ын гишүүдээс- 36
- 1992-1996 оны тоо гараагүй байна. /шүүж байгаа/
- 1996-2000 он -50
- 2000-2004 он- 53
- 2004-2008 он-38
- 2008-2012 он- 39
- 2012-2016 он- 45
- 2016-2020 он- 38
- 2020-2024 он- 34 гишүүн тэтгэмж авсан байна. Энэ тоог дахин нягтлах ёстой гэсэн мэдээлэл өгсөн. Үүн дээр Засгийн газрын гишүүдтэй холбоотой тоо баримт гаргахыг бас хүссэн гэв.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, 12 сарын тэтгэмжийг нэг дор олгохгүй, сар сард нь олгодог. Нэг сарын дараа ажилд орвол тэтгэмж олгохгүй.
Албан тушаал хашсаныхаа төлөө иргэдээс илүү давуу боломж эдэлж байгааг иргэд эсэргүүцэж байна. Тиймээс цаашид зөвхөн 12 сарын тэтгэмж гэхгүйгээр төрийн өндөр албан хаагч байсан хүмүүс хуулиар илүү боломж эдлэхгүй, нийтээрээ Үндсэн хуульд заасан тэгш эрх эдлэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулж, хууль, журмуудыг засаад явах нь зүйтэй гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа иргэн Ц.Батболдын саналыг дэмжиж, байр сууриа илэрхийлэв.
![]()
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Бид нэг зүйлийг ойлгохгүй байх шиг байна. Эсвэл ойлгоод попроод байдаг юм уу. УИХ-ын гишүүн бол олон түмний мандат авсан, төр барьж байгаа хүн. Олон түмний мандат авсан учир тодорхой хэмжээний хуулийн хамгаалалтууд байдаг. Сонгуулийн үр дүнгээр нэг хүн төрийн шийдвэр гаргах тохиолдол ч бий. Жишээлбэл, О.Дашбалбар тийм байсан. Нэг хүнийг яаж ч болох тохиолдол Монголын түүхэнд гарч болзошгүй. Тийм учраас мандатын эзнийг хуулиар хамгаалдаг юм.
Та нарын ярьж буйгаар бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүгд тэгш эрхтэй байх ёстой болж байна. Маргаашаас эхлээд эд нарын машин тэргийг зогсоо, хамгаалалттай явдгийг болиул гэж хэлж байна шүү дээ. Үндсэн хуулийн дагуу бүгд тэгш эрхтэй байх ёстой юм бол бүгдээрээ гудамжинд гараад алхацгаа. Монгол төрт улс юм уу, үгүй юм уу. Төрийн нууц гэж байдаг юм уу, үгүй юм уу. Олон түмнээс авсан мандатаа буруу ашиглаж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой. Төр тогтвортой байх ёстой гэдэг утгаар энэ бүх хамгаалалт байдаг.
Эд нар бол шийдвэр гаргаж буй төрийн түшээ.
Японд 1.2 сая иен авдаг. Англид найман сарын хугацаанд тэтгэмж авдаг. Германд төрийн өндөр албан тушаал хашиж байсан, нууцтай холбоотой ажил хашиж байсан бол бараг насаараа тэтгэмж авдаг. Европын дийлэнх оронд ийм байдаг.
Манай улс Үндсэн хуулиа Германы Үндсэн хуулийг судалж, боловсруулсан. Би Үндсэн хууль баталж байсан гишүүдээс энэ талаар асууж байсан. Энэ бол нууцын хугацаатай холбогдолтой юм гэж хэлж байсан.
30 гаруй жил явж ирснийг өнөөдөр гэнэт ухаардаг “Тэнэгийн ухаан хойно“ гэдэг шиг байж болохгүй шүү дээ. Нэг бол Үндсэн хууль хийсэн хүмүүс тэнэг байсан байна. Эсвэл бид тэнэгэрсэн байна. Аливаа шийдвэр гаргахдаа өнгөрсөн, одоо, ирээдүйг маш сайн бодох ёстой. Өнгөрснөө сайн мэддэг хүн ирээдүйг тодорхойлж чаддаг, популизмаар биш. Тиймээс ажлын хэсэг ажиллахдаа энэ заалт өмнө нь яагаад орсныг маш сайн хараарай.
УИХ-ын гишүүн бол ард түмний мандат авсан хүн. Энэ үүргээ сайн гүйцэтгэх ёстотй. Мандат авсан хүн, жирийн иргэн хоёрыг харьцуулж ойлгож болохгүй. Ард түмний төлөө зүтгэх үүрэг хүлээсэн учир тэднийг хамгаалдаг.
























