Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдээлэл хийж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан талаар танилцуулсан. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулахдаа анх УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн бичгээр бус ТББХ-ны санал дүгнэлтээр санал хураасан. Мөн баасан гарагийн чуулганы хуралдааныг шинэ ирцээр бус өмнөх өдрийн ирцээр үргэлжлүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.
Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийн УИХ-аар хэрхэн хэлэлцэх вэ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх
90.1. Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
90.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
90.3. Нэгдсэн хуралдаанд хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулсны дараа энэ хуулийн 90.2-т заасан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоно.
90.4. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
90.5. Гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
90.6. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
90.7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл холбогдох Байнгын хорооны саналаар эхэлж санал хураалт явуулна.
90.8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
90.9. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.
























