НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.
Хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшууллын тухай хэлэлцлээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсаны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болголоо.
Энэ хүрээнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа ажлын хэсгийн гишүүдэд мэдээллээ.
Түүний танилцуулсан урамшуулал олгох схемийн дагуу иргэн илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авах юм.
Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгоно.
Ингэснээр иргэн бүр замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах боломж бүрдэж буйг НИТХ-ын дарга А.Баяр онцоллоо.