Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус төслийн бодлогын найман чиглэл, дөрвөн түвшний үр дүн, түүний шалгуур үзүүлэлтийг Тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулах чиглэлээр олон нийтийн хэлэлцүүлэг 14 удаа зохион байгуулж, Шинжлэх ухааны академийн Бага болон Их чуулганаар хэлэлцүүлсэн нь шинжлэх ухаанд суурилсан бодлого болсон гэж үзэж байна.
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулжээ. “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэж байна.
Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар