Чингис хааны өв, соёлын хүрээлэн “Их хаадын ертөнц” цуврал эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай. 2023 онд Өмнөговь аймагт “Батмөнх даян хааны түүхэн замнал: төр, нийгэм, соёл”, Хөвсгөл аймагт “Их хаадын ертөнц: Мөнх хаан-815”, 2024 онд Өвөрхангай аймагт “Их хаадын ертөнц: Өгэдэй хаан” эрдэм шинжилгээний хурлыг тус тус амжилттай зохион байгуулсан.
Энэ жил “Их хаадын ертөнц: Цагадай хаан” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Дэлхийн Монгол гарал үүсэлтний төв”, Талын язгууртан сан, ШУТИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн сургуультай хамтран, “Чингис хаан” хөрөнгийн биржийн дэмжлэгтэй 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.Тус хуралд Монголын эзэнт гүрний түүхийн том зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, Чингис хааны хоёр дахь хүү Цагадайн амьдрал, тэмцэл, үйл хэрэг, Их хаан Өгэдэйг төр барихад гол түшиг тулгуур болсон дүү, төр ёс хийгээд “Их засаг” хуулийг чанад сахиж, бүс нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан талаар хэд хэдэн илтгэл багтсан байна. Мөн Монголын түүхэнд холбогдох цагадай хэлний сурвалж, бичиг үсгийн дурсгалууд хийгээд, БНФУ-ын архивт хадгалагдаж буй Цагадай улсын түүхэнд холбогдох ховор сурвалжуудыг тусгайлан танилцуулах болно. Хөрш орнууд тэр дундаа БНХАУ дахь Цагадай судлалын тойм, ОХУ, БНУУ дахь Цагадай угсааныхны үлдээсэн түүх, соёлын өв зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Өнөөдрийн Их хаадын ертөнц: Цагадай хаан олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, ОХУ, БНФУ, ХБНАБУ, БНЭУ, БНУУ, Израил улс, Австралийн холбооны улс зэрэг 8 улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд оролцож, 17 илтгэл хэлэлцүүллээ.