УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2025.10.07/ хуралдаан 16:20 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.
Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батбаяр Хавдар судлалын үндэсний төвийн II цогцолборын барилга, гадна шугам сүлжээний ажил төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээний жагсаалтад орсон шалтгааныг тодруулахын зэрэгцээ зураг төсөл, төсөвлөлтийн шаардлага хангаагүй нийтдээ хэчнээн төсөл арга хэмжээ байгааг лавлалаа.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Хавдар судлалын үндэсний төвийн цогцолборын төсөл арга хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 2.4 тэрбум төгрөг төлөвлөснийг дурдаад төсөвлөлтийн шаардлага хангаагүй шалтгаан нь салбарын яамдуудтай нь холбоотой гэв.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны анхны батлагдсан төсөв дээр 2025 оны төсвийн тодотголоор нэмж 60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авах хөрөнгийг тусгаж, Улсын Их Хурлаар баталсан. Үүнийгээ ашиглаж чадаагүй тул хураалгасан. Өөрөөр хэлбэл, захиалагч буюу салбарын яамдууд төслийн бэлэн байдлыг хангуулах хариуцлагын асуудалд анхаарал сул байгаа гэв.
Дээрх асуултад Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал Д.Энхболд нэмэлт тайлбар өгөв. Тэрбээр Хавдар судлалын үндэсний төв II цогцолборын барилга, гадна шугам сүлжээний төсөл арга хэмжээ нь аудитаар зураг төсөв, төсөвлөлтийн шаардлага хангаагүй таван арга хэмжээний нэг байсныг тодотгов. Мөн аудитаар тухайн жилийн санхүүжилттэй уялдуулж төлөвлөөгүй нийт 75 төсөл арга хэмжээ байсныг онцлоод эдгээр нь төсөвлөлтийг гурван жилийн хугацаанд тэнцүү хуваарилсан байх гэдэг шаардлагыг хангаагүй байсан гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ирэх жилийн төсөвт багш нарын цалинг нэмж тусгах боломж бий эсэх, ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт нийт хэчнээн төгрөг төсөвлөсөн талаар тодруулав. Ажлын хэсгээс ирэх оны төсвийн төсөлд хуримтлалын сангийн ноогдол ашгийн орлого 372.9 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын орлого 156 тэрбум төгрөг нийт 528.9 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр тусгасан гэлээ.
Харин Сангийн сайд Б.Жавхлан багш нар гэхгүйгээр төрийн албан хаагчдын цалинг нэмэх төсвийн хязгаар, боломж хэр байгаатай гишүүд төсвийн төслөөс танилцсан байх гээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдээ Улсын Их Хуралд өргөн барьсан тул холбогдох 200 хуулиар төсвийг хэрхэн, яаж нэмж хуваарилсныг эргэн харах шаардлагатай байгааг хариултдаа онцолсон. Бодлогын орон зай байхгүй энэхүү хүнд цаг үед тэрхүү хуулиудыг эрэмбэлснээр орон зай гарна гэсэн тайлбарыг өглөө.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төсвийн төсөлд 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилга байгууламжуудыг дуусгахад анхаарсан эсэх, дутуу дүнтэй төсөл арга хэмжээний санхүүжих дүнг тодруулав.
“Өмнөх оны болон эхэлсэн төслүүдтэй холбоотой нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг холбогдох яамдаас ирүүлсэн. Сангийн яамнаас өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлэн найман удаагийн албан бичгээр бүх төслүүдийн магадлал гарсан нэмэгдлүүдийг аудитад хүргүүлсэн. Нийт нэмэгдлийн дүн 194 төслийн 609 тэрбум төгрөг байгаа.
Төслийг өргөн барихаас өмнө Үндэсний аудитын газрын дүгнэлтээр баталгаажуулаад 100 төслийн 194 тэрбум төгрөгийн санал ирснийг төсвийн төсөлд бүрэн тусгасан. Төсвийн төслийг өргөн барьснаас хойш Үндэсний аудитын газраас 15 төслийн 23 тэрбум төгрөгийн нэмэгдэлтэй санал ирснийг УИХ руу хүргүүлсэн” хэмээн ажлын хэсгээс хариулж байлаа.
Мөн ажлын хэсгээс төсвийн төсөлд тусгасан нийт ажлуудын 424 төсөл буюу 73 хувь нь 2024-2026 онд, 19 хувь буюу 110 төсөл нь 2027 онд дуусна. Үлдсэн 7 хувь буюу 45 төсөл нь 2026 онд шинээр эхэлж байгаа бөгөөд 2028 онд дуусна гэв. Түүнчлэн ирэх оны төсвийн төсөлд тусгасан 579 төслийн 430 нь өмнөх онуудад эхэлсэн шилжих хөрөнгө оруулалтууд тул 2026 онд ажлыг нь бүрэн дуусахаар төлөвлөсөн гэж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл төсвийн шинэчлэлийг хийх шаардлагатайг онцлоод ирэх оны төсвийн төсөлд төрийн албан хаагч, ялангуяа багш нарын цалинг 10-15 хувиар нэмж тусгахад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа цаашдаа төсвийн төслийг боловсруулахдаа зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний орлогод тулгуурлан зардлаа тааруулаад байж болохгүй, төсвийн эрс шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай гэсэн санал хэлсэн.
Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар