Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл нар Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн барилгыг засварлах төсөл”-ийн гэрээнд
2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гарын үсэг зурав.
Уг төслийн хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн барилгын халаалт болон цэвэр болон бохир усны шугам хоолой, мөн цахилгааны систем (хуваарилах самбар, дэд самбар, цахилгааны утас)- ийн шинэчлэл хийх ба ариун цэврийн өрөөний нийт 22 ширхэг суултуур, 42 ширхэг гар угаалтуурыг солих, суурилуулах ажлыг хийх юм. Үүний үр дүнд тус цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй, эрүүл мэндийн шаардлага хангасан сургалтын орчин бүрдэхийн зэрэгцээ тухайн орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын орчин нөхцөл сайжрахад хувь нэмэр болох юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 619 дахь, тус аймагт хэрэгжих 28 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 146,755 ам.доллар болно.
“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд нь голлох үүргийг гүйцэтгэдэг.
Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам