Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО

Олон улсын санхүүгийн корпорац Голомт банканд 160 сая ам.долларын санхүүжилт олголооМонгол Улс усны хязгаарлагдмал нөөц, ундны усны хүртээмж, хаягдал ус цэвэрлэх зэрэг усны менежменттэй холбоотой олон сорилтуудтай тулгарч байна. Эдгээр сорилтуудыг даван туулах, эрүүл аюулгүй усны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих санаачилгаар зогсохгүй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Голомт банк болон Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК) хамтран 160 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү санхүүжилт нь ОУСК-аас Монгол Улсын санхүүгийн салбарт олгогдож буй анхны “цэнхэр” хөрөнгө оруулалт бөгөөд Франц улсын хөгжлийн санхүүгийн байгууллага болох Proparco болон BlueOrchard Finance байгууллага тус санхүүжилтийн тодорхой хэсгийг хариуцан олгож буй.  

Голомт банкны ногоон зээлийн багц 2025 оны байдлаар 350 гаруй тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэхүү санхүүжилтийн хүрээнд банкны ногоон зээлийн үйлчилгээгээр дамжуулан:

  • Цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • Усны хэмнэлт үүсгэх тоног төхөөрөмж, үйлдвэрлэл,
  • Бохир, хаягдал ус цэвэрлэх байгууламж, саарал ус дахин ашиглах,
  • Бохир усны менежмент, дэд бүтэц, байгууламж,
  • Ногоон барилга, байгууламж,
  • Дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууц,
  • Сэргээгдэх эрчим хүчний зэрэг төсөл, үйл ажиллагаанд голчлон зарцуулагдах юм.

Нийт санхүүжилтийн дүнгийн 60 хүртэлх хувийг байгаль орчинд ээлтэй төсөл, үйл ажиллагаанд зарцуулах ба үүнээс 25 хүртэлх хувь нь ОУСК-ын “Цэнхэр санхүүжилтийн зарчим”-ын дагуу усны хэмнэлт, ус цэвэршүүлэлт, усан хангамжийг сайжруулах санаачилгуудад зориулагдана. Харин үлдсэн санхүүжилтийг жижиг, дунд үйлдвэрлэл, ялангуяа эмэгтэй бизнес эсвэл хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн үйл ажиллагаанд хуваарилна.

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар

ОУСК-аас олгож буй энэхүү урт хугацаат санхүүжилт нь бидний үйл ажиллагааг үнэлж, итгэл хүлээлгэж байгаагийн илрэл бөгөөд Голомт банкны түүхэнд шинэ хуудсыг нээж байна. Голомт банк нь greenwashing буюу бодит бус сурталчилгаа хийхээс зайлсхийдэг бөгөөд харилцагч нарынхаа болон өөрийн үйл ажиллагаагаар дамжуулан бодит үр дүн, эерэг нөлөөллийг бий болгохыг эрхэмлэн ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид уламжлалт ногоон, тогтвортой зээлээс гадна “цэнхэр” зээл гэх шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан, олгохоос гадна эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох жижиг, дунд бизнес, тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжихэд онцгой анхаарал хандуулна

ОУСК-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Маттье Лө Блан

“Монгол улсад цэнхэр, ногоон санхүүжилт болон санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Голомт банктай хамтран ажиллах болсонд бид баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Дэлхийн банкны группийн Монгол улсын эдийн засгийг илүү төрөлжсөн, тэсвэртэй болгох стратегитай нийцэж байгаа юм. Бид дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, үр ашгийг дээшлүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг олон талт зорилгыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ажиллах болно.”

Олон улсын санхүүгийн корпорац  (ОУСК):

ОУСК нь Дэлхийн Банкны группийн гишүүн бөгөөд хөгжиж буй орнуудад хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. ОУСК нь дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулж, зах зээлийг хөгжүүлэх, бизнесийн боломжийг өргөжүүлэх, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор өөрсдийн мэдлэг, туршлага, санхүүгийн нөөц бололцоог ашиглан хамтран ажилладаг. Түүнчлэн 2024 оны санхүүгийн жилийн хүрээнд ОУСК нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд нийт 56 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгох болон хөгжлийн тулгамдсан сорилтуудыг хувийн хэвшлийн оролцоогоор шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилласан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org цахим хуудаснаас үзнэ үү.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан