Нигерид зэвсэглэсэн дээрэмчид 16 далайчинтай усан онгоц руу довтолж Оросын зургаа, Эстонийн нэг далайчныг хулгайлсан хэрэг гарлаа. Далайчид бүгд “Bourbon SA” нэртэй газрын тос, шатдаг хий олборлодог компанид ажилладаг байжээ. Усан онгоц нь Нигерийн өмнөд эргийн дагуух тэнгисийн гүехэн хэсэгт газрын тос олборлодог цамхгийн үйлчилгээнд ажилладаг байсан аж. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр дээрэмчид барьцааны хүмүүсийг Нигери голын адагт нууж байгаа бөгөөд газрын тос олборлогч компаниас барьцааны мөнгө авсны дараа суллах бололтой. Далайд худалдааны хөлөг дээрэмдэн эд баялаг олзолж, далайчдыг барьцаалдаг хүмүүсийг хэн гэдэг билээ? Мэдээж далайн дээрэмчид. Хачирхалтай нь, шинэ технологи, хүмүүнлэг үзэл ноёлох болсон XXI зуунд далайн дээрэмчид алга болох нь бүү хэл бүр ч нэмэгдсэн гэвэл хилсдэхгүй. Далайн дээрэмчдийн дийлэнх нь 20-35 настай. Өөр өөрийн гэсэн хөдөлмөрийн хувиартай. Эрэг орчмын далайн урсгал, гүн зэргийг гаргууд мэддэг загасчдаас бүрдсэн газарчин, элдэв дайн, мөргөлдөөнд оролцож байсан хөлсний цэргүүдээс бүрдсэн дайчдын бүлэгтэй.
GPS, сансрын холбоо, интернэт зэрэг орчин үеийн төхөөрөмж дээр ажилладаг мэргэжилтнүүдээс бүрдсэн техник хангамжтай. Далайн эрэг орчмын усанд газарчид залж чиглүүлэх үүрэг гүйцэтгээд, эргээс холдож задгай тэнгист гарвал техник хангамжийн бүлэг төөрөхөөс сэргийлнэ. Ингэж явсаар дайрах онгоцоо олвол дайчдын бүлэг нь ажилдаа орно.
Далайн дээрэмчдээрээ хамгийн зартай улс бол Сомали. Ийм байдал үүсэхэд нөлөөлсөн хамгийн гол зүйл нь эдийн засгийн доройтол. Сомали нь 1991 оноос хойш дотоодын хагарал мөргөлдөөнд идэгдэн, шашин ба цэргийн эрхтэнүүдийн мэдлийн олон жижиг хэсэгт задран, нэрнээс цаашгүй болсон. Хүн амынх нь амьдралын түвшин гэж тун ч дорой. Суэцийн сувгаар дамжин Газрын дундад тэнгисийг чиглэсэн газрын тос болон бусад бараа тээсэн усан онгоц Сомалийн эргийн дагуу өдөр болгон олноор явдаг болохоор аргагүй байдалд орсон хүмүүс яаж мөнгө олох вэ гэж нэг их удаан тархиа гашилгаагүй нь ойлгомжтой. Худалдааны хөлгийг эзлэн авч, хүмүүсийн хамт барьцаална. Дараа нь тэднийг хөлсөлсөн том компаниудаас мөнгө нэхнэ. Барьцааны хүмүүсийг хөнөөвөл мөнгө авахгүй гэдгээ мэддэг болохоор гар хүрдэггүй. Мөнгө авахаараа усан онгоц, олзны далайчдыг суллан явуулдаг. Ийм болохоор их гүрнүүд мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлахыг хичээдэг байв. Гэвч сүүлийн жилүүдэд дээрмийн тоо хэрээс хэтэрсэн болохоор Орос, АНУ, Франц гэх мэт их гүрэн аргагүйн эрхэнд Тэнгисийн цэргийн хүчний хөлгүүдээ явуулж худалдааны замд эргүүл хийлгэх болсон юм. Гэлээ гээд дайралт цөөрсөн үү гэхээс үгүй болсонгүй. Одоогоор Сомалийн далайн дээрэмчдийн гарт 13 усан онгоц, 260 гаруй далайчин байж л байна. Сомалийн дотоодын хагарал дуусч, хүн амын амьдралын төвшин дээшлэхээс нааш энэ улсын далайн дээрэмчид алга болохгүй.
Нигерид далайн дээрэм газар авах болсон шалтгаан нь мөн л хүн амын ядуурал. Газрын тосоор баялаг энэ улсад гадаадын компаниуд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг ч эрх баригчид нь тэр их баялгийг шударга хувиарладаггүй аж. Үр дүнд энэ улсад ядуурал, гуйланчлал бараг хэвийн үзэгдэл болжээ. Иймдээ ч 2006 онд иргэд нь эрх баригчдын эсрэг бослого дэгдээж, газрын тос дамжуулах хоолойг дэлбэлэн, гадаадын компанийн ажилтнуудыг барьцаалж мөнгө нэхэх болсон. Эрх баригчид босогчдыг дийлэхээ байгаад 2009 онд өршөөл зарлаж далайд дээрэм хийхээ больсон хүмүүст сар бүр цалин өгдөг болж, хүссэн мэргэжлээ үнэ төлбөргүй эзэмших эрх өгсөн. Гэвч далайн дээрэм багассан ч алга болсонгүй. Дээр өгүүлсэнтэй адил хэрэг байсхийгээд л гарна. Газрын нөөц ашиглалтын баялгийн хувиарлалт тэгш бус хэвээр. Үүнээс өмнө наймдугаар сард “Sea Trucks Group” усан онгоцын дөрвөн далайчныг барьцаалаад, төлбөр мөнгөө авсны дараа суллан явуулж байв. Мөн л хүн амын амьдралын түвшин нийтдээ жигдрэхээс нааш Нигери маягийн далайн дээрэмчид алга болохгүй.
Далайн дээрэмчид зөвхөн Африкийн энэ хоёр улсаар хязгаарлагддаг гэвэл том төөрөгдөл. Гвиней, Бразиль, Бангладеш, Малайз, Филлипин гээд далайн дээрэмчидтэй улс бий. Эндээс Малайз, Филлипин дээрэмчид гол төлөв усан онгоцыг хөвж явахад нь дайрна. Усан онгоцыг араас нь гүйцэж очоод дэгээ шидэн дээр нь гараад холбооны бүх хэрэгслийг нь эвдсэний дараа авч явж болох бүхнийг юу ч үгүй ачиж аваад зугатдаг. Нэгэн усан онгоцны ачааг гурван өдөр ачсан тохиолдол ч бий. Цөлмөж дуусаад усан онгоцыг явуулна.
Энд нэр гарсан бүх улсын цөөнх нь хамаг баялгийг гартаа атгаж, олонхи нь туйлын ядуу амьдардаг, нийгмийн эд баялгийн хувиарлалт туйлын шударга бус гэсэн нийтлэг онцлогтой. Ядуусаа манайхаар бол нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсээ өрөвдөж хайрлах гэгчийг мэддэггүй гэж болно. Ядуугийн туйлд хүрсэн хүмүүс амь зуухын эрхэнд юу ч хийхэд бэлэн. Хэн ч тэднийг өрөвдөж байгаагүй болохоор гаргах авир нь хэрцгий байх нь ч ойлгомжтой.
“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны ахмад Жек Спарроу автомат буу, гранат шидэгч, GPS-ээр зэвсэглэсэн орчин үеийн мэргэжил нэгтнүүдээ ямар авир гаргадгийг харсан бол шууд л Хөвсгөл нуурт жуулчдын хөтөч хийх шийд гаргах байсан биз.