Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр 15.00 цагт хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл хийлээ.
Ерөнхий сайд, Эдийн засгаа сэргээхийн тулд манай Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэхээс ажлаа эхлүүлсэн. Намайг ерөнхий сайдаар томилогдоход төсөв 3.3 их наядаар тасрах эрсдэл үүссэн, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан. Энэ бол нүүрсний үнэ буурсан, нүүрснээс шалтгаалсан байсан. Тиймээс улсын төсөвт 2.2 их наядын хэмнэлт хийсэн.
8-р сарын дүнгээр эдийн засгийн өсөлт сэргэж, 5.7 хувьд хүрсэн. Валютын нөөц 5.7 тэрбум болж нэмэгдсэн.
ЭТТ-д онцгой дэглэм тогтоосноор борлуулалтын орлого 1.6 дахин, экспорт 1.3 дахин, олборлолт 1.1 дахин өссөн. Энэ бүхэн тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн юм.
Онцгой дэглэм тогтоосноор Тавантолгойд байсан нүүрсний хулгайн маш олон арга хэлбэр ил тод болсон. Бүгд баримт нотолгоотой бөгөөд АТГ-т шилжүүлсэн. Нүүрс баяжуулах 1 их наядын өртөгтэй үйлдвэрийг яагаад 18 км-ийн цаана байгуулсан бэ. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр нүүрсний тээвэр хийдэг байсан бол онцгой дэглэм тогтоосноор тээврийн зардлыг 400 мянга болгож бууруулсан.
Биднийг 7-р сарын 19-нд Эрдэнэс Тавантолгойн уурхайд очиж ажиллахад олон арван хулгайн талаар яригдаж байсныг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн.
Тавантолгойн орд газруудын үр ашгийг сайжруулах зорилгоор 2026 оны улсын төсөвтэй хамт Бор Тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Бор Тээгийн ордыг ашиглах тогтоолын төслийн өргөн баримагц гурван сарын өмнө намын даргад нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга Л.Амарбаясгалан яаран сандарч МАН-ын даргад нэрээ дэвшүүлсэн.
Залуус нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж жагсаж байсан. Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайтай тэмцэж хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайтай холбоотой гэж итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга нүүрсний хулгайд нэр холбогдсон.
УИХ-ын дарга өнөөдөр эвлэлдэн нэгдэхийг уриалж байна. Эв нэгдэл шударга ёсонд тулгуурлах ёстой. Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй. Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийн дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсноо ард түмэндээ мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлийг илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий хийхийн тулд Баттөмөрийн Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо гэв.