МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоол болон Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төсөл 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гүүрийн анхны тулгуур цооногийн өрөмдлөгийг хийснээр бүтээн байгуулалтын барилгын ажлыг газар дээр нь албан ёсоор эхлүүсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр захиалагч тал “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК хооронд 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, хоёр тал гарын үсэг зурсны дагуу ийнхүү ажлыг эхлүүлсэн юм.
Төмөр зам нь нийт 32.6 км урттай, 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн болон 1435 мм нарийн царигийн хос замтай, жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий тээврийн сүлжээ болохоор төлөвлөгдсөн. Үүнээс 19.5 км нь гол төмөр зам, үлдсэн хэсэгт 8–31 метрийн өндөртэй дан болон хос гүүрэн байгууламж, хил орчмын хяналтын цогцолбор, технологийн барилга байгууламж, дэд бүтцийн иж бүрэн шийдэл багтаж буй.Барилгын ажлыг 22 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд хил дамнасан төмөр замын гүүр, өргөн болон нарийн царигийн өртөө, нэвтрэх цэг, хилийн хяналтын дэд бүтэц зэрэг нийт 8 багц ажлын хүрээнд бүтээн байгуулалтыг барьж байгуулахаар тооцсон юм.
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ЧИГЛЭЛИЙН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГЕОДЕЗИЙН ЦЭГҮҮДИЙГ БАТАЛГААЖУУЛАВ
Төлөвлөгөөний дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн инженер, техникийн ажилчид геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн хатуу цэгүүдийг тооцоолж дууссаны дагуу 2025 оны 07 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд ерөнхий гүйцэтгэгч China Railway Construction Corporation (CRCC) компанийн инженерүүдтэй хамтран хэмжилт хийж, ашиглалтад нийцэж буй эсэхийг баталгаажуулсан.Ингэснээр инженерүүд нэг ижил байршлын мэдээлэл дээр тулгуурлан ажиллах нөхцөл бүрдэж, төслийн гүйцэтгэл, хяналтын багуудын уялдаа сайжирч, гүйцэтгэлд чухал ахиц дэвшил гарах нөхцөл бүрдсэн юм.
САНХҮҮЖИЛТИЙН ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭГ БАЙГУУЛАВ
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 310 дугаар тогтоолоор Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг магадлагдсан дүнд багтаан гүйцэтгэгч, захиалагч нартай санхүүжилтийн гурван талт гэрээ байгуулж, зохих журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс тавантолгой” ХК-д даалгасан.Энэхүү тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК төслийн санхүүжилтийг хариуцаж, төслийн гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгчээр “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллах үүрэг хүлээсний дагуу 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр санхүүжилтийн гурван талт гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр төслийн санхүүгийн асуудал бүрэн шийдэгдэж, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд саадгүй, хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдлээ.
ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БАРИЛГЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 2025 оны 6-р сарын 15-ны өдөр гүүрийн анхны тулгуур цооногийн өрөмдлөгийг хийснээс хойш төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд 8 багц ажлыг хийж хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд эхний ээлжинд бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Монгол Хятадын хил дамнасан төмөр замын ажлын талбай хоёр улсын хилийн бүс нутагт байгуулагдахтай холбоотойгоор Хаалттай бүс байгуулах шаардлага үүссэн юм. Энэхүү бүсийг байгуулснаар бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, барилгын ажил төлөвлөгөөний дагуу саадгүй үргэлжлэх үндсэн нөхцөл бүрдэнэ. Тодруулбал, ажиллах хүч, техник тоног төхөөрөмжийг түр гарцаар шуурхай нэвтрүүлэх нөхцөл бүрдсэнээр барилгын ажлыг 24 цагийн турш зохион байгуулах боломжтой болж, ажилчдын бүртгэл, тээврийн хэрэгсэл, бараа материалын хөдөлгөөнийг гаалийн болон хилийн хяналтаар нэгдсэн байдлаар зохицуулна. Хил гааль, хууль сахиулах болон орон нутгийн байгууллагууд хамтран ажиллаж, ажилчид, техник, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангана.Мөн ажиллах хүч, техник, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг харилцан түргэн шуурхай солилцсоноор Монгол, Хятад тал улирал тутам, онцгой нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авах юм. Хаалттай бүсэд ажилчдын түр байрлах бүс байгуулж, хог хаягдлыг хууль тогтоомжийн дагуу зохицуулах зэргээр бүтээн байгуулалтын нөхцөлийг илүү цэгцтэй байхаар төлөвлөн ажиллаж байна. Төслийн барилгын ажлын үед нийт 1280 инженер, техникийн ажилтан ажилтныг ажиллуулахаар тооцоолсон бөгөөд одоогийн байдлаар 164 инженер техникийн ажилтан болон 39 машин механизм ажиллаж байна.
Хаалттай бүс байгуулагдаж гаалийн хяналтыг хэрэгжүүлэх хэрэгцээ үүссэнтэй холбоотой гаалийн хяналтын талбайд пүү барих ажлыг хийж дуусгасан. Хаалттай бүсийн хориг хашааг барьж, орц гарцын 6 хаалгыг хийж гүйцэтгэсэн. Цаашид төслийн ажил үргэлжлэх хугацаанд гүйцэтгэгч талын ажилчид албан хаагчдын байрлаж ажиллах шаардлага үүссэнтэй холбоотой ажилчдын кемпийн барилгын ажил 83.33%, урт гүүрийн барилга угсралтын ажлын бүрэлдэхүүн хэсэг болох арматур бэлтгэх ажлын талбайг байгуулах ажил 81.5, барилга угсралтын бараа материалын агуулах барих ажил 40.64, цагт 360 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн барилгын ажил 53.50%-тай үргэлжилж байна. Эдгээр ажлуудыг 2025 оны 10 дугаар сард дуусах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын хүрээнд бэлтгэл ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ үндсэн барилга угсралтыг эхлүүлэн тодорхой ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, багц 1 буюу ус зайлуулах хиймэл байгууламжийн ажлын хүрээнд төслийн талбайд нийт 19 дөрвөлжин, 9 дугуй хоолой хийхээр төлөвлөснөөс 2025 оны 9 дүгээр сарын 23-ны байдлаар 5 дугуй, 3 дөрвөлжин хоолойн суурийн ухмалын ажил гүйцэтгэсэн бөгөөд ажлын явц 7.5 хувьтай байна. Мөн угсармал төмөр бетон дугуй хоолой (Кальцо) 319.7 метрийг талбайд буулгасан байна.Багц 2 буюу урт гүүрийн ажлын хүрээнд дам нурууны тулгуурын ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, нийт 2382 ширхэг шон суурь цооног өрөмдөж байгуулахаас одоогийн байдлаар 114 ширхэгийг гүйцэтгэсэнээр ажлын явц 4.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгчийн мастер төлөвлөгөөгөөр шон суурийн ажлыг 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Доод хөндлөн нуруу буюу ростверк нийт 291 ширхэг хийгдэхээс 3 ширхэг нь дуусч, 1.03 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн захын болон завсрын тулгуурын ажил 291 ширхэг хийгдэхээс завсрын В176 дугаар тулгуурын цутгалт хийгдэж дууссан бөгөөд энэ ажил 0.35 хувийн гүйцэтгэлтэй байна. Дээд хөндлөн нуруу буюу ригель мөн 291 ширхэг хийгдэхээс В176 дугаар тулгуурын цутгалтын ажил хийгдэж, 0.35 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна.
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан бүтээн байгуулалтын төсөл нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээг одоогийн 83 сая тонноос 165 сая тоннд хүргэх зорилготой. Зөвхөн Гашуунсухайт–Ганцмодын чиглэлд жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэж, 1 тонн нүүрсийг 100 ам.доллараар тооцвол нийт 3 тэрбум ам.долларын экспортын орлого олох тооцооллыг гаргаад буй. Төмөр замын тээврээс жилд 250–300 сая ам.долларын орлого төвлөрөх бөгөөд ДНБ-ийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм.Ийнхүү барилгын ажил төлөвлөгөөний дагуу амжилттай урагшилж, төслийн эхний шатны бүтээн байгуулалтууд өндөр бүтээмжтэй хэрэгжиж байна. Энэхүү томоохон дэд бүтцийн ажил бүрэн дууссанаар Монгол Улсын уул уурхай, экспортын тээвэрлэлтэд шинэ боломж нээгдэж, нүүрсний тээврийн зардал эрс буурч, улсын эдийн засагт бодитой үр өгөөж авчрахын зэрэгцээ бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ.Ирээдүйд уг төмөр зам ашиглалтад орсноор тээврийн урсгал тогтвортой, найдвартай болж, олон улсын зах зээлд Монголын өрсөлдөх чадвар өсөхөөс гадна Монгол, Хятад 2 улсын харилцаа хамтын ажиллагааны шинэ гүүрийг бэхжүүлнэ гэж үзэж байна.