Зодооны хэрэгт холбогдож, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Тайландаас баривчилсан байдаг. Тэгвэл түүнийг өчигдөр Монгол Улсад авч иржээ.
Сануулахад, Тэрбээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Монгол Улсын хилээр гарч явсан байдаг. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Наймдугаар сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан юм.
Гэвч тэрбээр хуулийн хугацаандаа ирээгүй.
Тиймээс хуулийн байгууллагаас Интерполын төв товчоонд Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүргүүлснээр Интерполын Улаан булангаар эрэн сурвалжилж байсан юм.
Б.Амарсайхан хил давж зугтсанаас болж, хэргийн шийдвэрлэх явц удаашралтай байсан. Өөрөөр хэлбэл, хэргийг шалгаж, дараа дараагийн байгууллага руу шилжүүлэх процесс гацсан байдалтай байсан юм. Учир нь уг зодооны хэрэгт 3-4 хүн шалгагдаж байгаа тул Б.Амарсайханы мэдүүлэг чухал байсныг эх сурвалж мэдээлсэн юм.