Нийслэлд өнөөдрийн байдлаар 373 цэгт шахмал түлш борлуулж байна. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.
Тэрээр “Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэг ажиллаж буй. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна.
Энэ жил иргэд “HOTULA” аппликэйшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. Тус аппликэйшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгох юм.
Мөн борлуулалтын цэгийн мэдээллийг тус аппликейшнээс авч болно. Харин энэхүү аппликэйшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болно.
Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн буюу 200 шуудай сайжруулсан шахмал түлш худалдаалагдаж байна. Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хагас коксон шахмал түлш худалдаалж эхэлнэ” гэв.
Эх сурвалж:НЗДТГ