Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай хэрэгцээт уран бүтээлч хүүхдүүдийг дэмжих зорилгоор, Монгол Улсын соёлын элч Б.Өлзийбуяны санаачилгаар БНСУ-ын “Ж-Арт” хамтлагтай хамтарсан “ИРЭЭДҮЙ-БИДНИЙ -ОРОЛЦОО” тоглолтыг театрын тайзнаа амжилттай зохион байгууллаа.Нийгэмд зөв, үлгэр дуурайл үзүүлэх, тусгай хэрэгцээт уран бүтээлч хүүхдүүдийг дэмжих, хамтран ажиллах төслийг нь анх удаа амжилттай хэрэгжүүлж байгаагаараа онцлог байлаа.Тус тоглолтод Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид, Монгол Улсын Филармонийн “Баян Монгол” чуулга, СУИС-ийн ХУС-ийн оюутан Б.Ерөөлт оролцон тоглолоо.
“ИРЭЭДҮЙ-БИДНИЙ ОРОЛЦОО” хамтарсан тоглолтыг Нийслэлийн Боловсролын Газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар ивээн тэтгэж, Монголын Дуаны Холбоо, Дэлхийн Миссийн Холбоо, Нийслэлийн ЕБ-ын 55 дугаар сургууль зэрэг байгууллагууд дэмжин хамтран ажиллаж, сурагч, хүүхдүүд үзэж нэгэн өдрийг сонирхолтой өнгөрүүллээ.
55 дугаар сургуулийн сурагчдын гар урлалаар тоглолтын тайз, үзэгчдийн танхимыг чимэглэсэн бөгөөд мөн тэд БНСУ-ын Ж-Арт хамтлагийн найзууддаа өөрсдийн гарын бэлгээ гардуулан өгч, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.