Цагдаагийн байгууллага мөрийтэй тоглоом зохион байгуулж нэг тэрбум орчим төгрөгөөр хөрөнгө худалдан авч, мөнгө угаасан этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд Pokerrr 2 аппликэйшинд "Нүүдэлчин", "Lexus600", "Phoenix" нэртэй өрөөнүүд үүсгэж мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулан тоглуулж байсан гурван бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчиллаа.
Хууль бус аргаар иргэдийг хохироон олсон нэг тэрбум орчим төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэжлүүлж байна.
Хуурамч цахим тоглоомын өрөөнд тоглож буй оролцогчдын ихэнх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө байдаг ба олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч хаягууд зэрэг нээж, тоглож байдаг.
Улмаар сонирхон орж ирсэн иргэний эсрэг бүлэглэн тоглож, бүх хөзрийг харах замаар мөнгийг нь авдаг байна.