"Ерөнхий сайдын захидлыг "Мөнхийн үсэг" ХХК ₮8 тэрбумаар хэвлэсэн гэх мэдээлэл үндэслэлгүй"
Ерөнхий сайдын илгээлт захидлыг "Мөнхийн үсэг" ХХК 8 тэрбум төгрөгөөр хэвлэсэн гэх мэдээлэл үндэслэлгүй хэмээн тайлбарлаж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр “Олон нийтийн цахим сүлжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлт захидлыг "Мөнхийн үсэг" ХХК 8 тэрбум төгрөгөөр хэвлэсэн гэх үндэслэлгүй, ташаа мэдээлэл зориуд, зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байгаад харамсаж байна.
Мөн миний бие төрийн албанд зүтгэсэн цагаас эхлэн тус компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцож байгаагүй, компанийн аливаа шийдвэр, үйл ажиллагааг удирдан чиглүүлдэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Хувь хүн, төрийн албан тушаалтан, улстөрчийн хувьд би ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүйтэй, шударга байдлыг эрхэмлэн ажилласаар ирсэн. Энэ бол миний тууштай баримталдаг зарчим юм.
Худал мэдээлэл тарааж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг оролдож буй аливаа үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцуулах болно” гэжээ.