Зуны дэлгэр цагт хүүхэд, багачуудын амралтаа өнгөрүүлдэг газрын нэг нь зуслан байдаг. Гэвч таны хүүхэд, дүүгийн амрахаар төлөвлөсөн зуслан стандарт шаардлага хангасан буюу тохирлын гэрчилгээ (бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлох баримт бичиг) авсан эсэхийг нягталж үзсэн үү?
"61 ЗУСЛАНГИЙН 50 НЬ СТАНДАРТ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ"
Энэ талаар, ХГБХХЕГ-ын Хүүхдийн хөгжил, оролцооны бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн У.Долгормаа "Жил бүр зуслан явах хүүхдийн тоо нэмэгддэг. 2023 онд 79 мянга, 2024 онд 91 мянга гаруй хүүхэд зусланд хамрагдсан байна.
Манай улсад бүртгэлтэй 61 хүүхдийн зуслангийн 11 нь стандарт шаардлага хангасан, тохирлын гэрчилгээтэй. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй 48 зуслангийн 37 нь шаардлагад тавигдах стандартыг хангаагүй атлаа ажиллаж байна.
2023 онд Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага, стандартыг шинэчлэн баталсан. Тус стандартад “хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амарч, хөгжих нөхцөлийг хангана “ гэсэн гол үндэслэлүүдийг тусгасан.
Зүй нь Стандарт, хэмжил зүйн газраас шаардлага хангасан гэх тохирлын гэрчилгээ авч, үйл ажиллагаа явуулах ёстой. Гэвч тохирлын гэрчилгээгүй зуслангууд үйл ажиллагаа явуулж буй нь ноцтой асуудалд хүрсэн. Энэ нь хууль, дүрэм шинэчлэгдсэн ч хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна" гэв.
"УГААГЧ ШИНГЭНИЙ ҮЛДЭГДЭЛ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ"
Стандарт,хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн,тогтолцооны баталгаажуулалтын албаны дарга В.Ганзориг "Хүүхдийн зуслангуудын нийтлэг асуудал нь хоол, үйлдвэрлэлийн хэсэгт гарч байна. Тухайлбал, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлагад:
7.2.8 Аяга, таваг, халбага, сэрээ нь нэг суудалд хоёр ээлж байхаар төлөвлөн, аяга, таваг угаагчийг ариутгах төхөөрөмжөөр хангасан байна.
7.4 Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн бодисыг зориулалтын дагуу зөв найруулж, ашиглан, найруулсан огноог бичиж хэрэглэнэ" гэж тусгасан.
Эдгээр шаардлагын биелэлт хангалтгүй байна. Цаашлаад хүүхдүүд угаалгын шингэний үлдэгдлээс хорт хавдар тусах эрсдэлтэй.
Мөн зуслангийн стандартад хүүхдийг "аюулгүй тээвэрлэх" зохицуулалт байдаг. Гэвч орон нутагт байрлах хүүхдийн зуслангуудын зорчих зам нь шаардлага хангадаггүй.
Хүүхдийн зуслангийн стандартыг мөрдөх нь хүүхдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал. Иймд холбогдох байгууллагууд зуслангийн стандарт мөрдлөгийн хяналтыг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй" гэв.
"ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУД ХӨТӨЛБӨРТӨӨ ХЭТ АНХААРЧ, СТАНДАРТАА ОРХИГДУУЛДАГ"
Стандарт,хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн баталгаажуулалтын ахлах мэргэжилтэн Г.Шинэчимэг хэлэхдээ, Хүүхдийн зусланд ажиглагддаг нийтлэг алдаа нь анхан шатны бичиг баримт дутуу байдаг. Хүүхдүүд зусланд хамрагдахдаа эрүүл мэндийн үзлэгт ордог. Тэгсэн хэр нь зуслангийн ажилчид өөрсдөө эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй зөрчил их байна.
Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангасан гэх цагдаагийн тодорхойлолт авдаг. Тухайлбал, хяналтын камер, харуул хамгаалалтын мэдээлэл бүрэн байх ёстой.
Түүнчлэн зуслангууд оюутнуудыг багшаар сургаж, ажиллуулдаг. Хүүхэдтэй ажиллаж байгаа тохиолдолт анхан шатны "сэтгэцэд гарах өөрчлөлтгүй" гэж тодорхойлсон бичиг хэрэгтэй. Энэ мэт анхан шатны стандартын зөрчил ажиглагдсан.
Стандарт, хэмжил зүйн газраас стандартын шаардлага хангаагүй зуслангуудад тохирсон зөвлөмж, санамж бичиг өгдөг. Хүүхдийн зуслангийн стандартыг бүрэн хангасан тохиолдолт тохирлын гэрчилгээ олгодог" гэв.
Нийслэлд хүүхдийн зуслангийн стандартыг хангасан, тохирлын гэрчилгээтэй дөрвөн хүүхдийн зуслан байна. Эдгээр зусланд Стандарт, хэмжил зүйн газраас 2024 онд тохирлын гэрчилгээ олгожээ.
СТАНДАРТ ХАНГАСАН ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ЖАГСААЛТ
№ |
Нэр |
Байршил |
Утас
|
Албан ёсны хуудас |
1 |
Найрамдал
|
СХД, Баянголын ам
|
75056010 |
|
2 |
Нарс төгөл |
СХД, 24-р хороо, Баруун салаа, Баянсогоотын ам
|
99096109 11325329 |
|
3 |
AB Greenland |
Сүхбаатар дүүрэг, 19-р хороо Хандгайт дунд ам, АБ Грийн ланд зуслан, хотоос 25км
|
9910 9501 |
|
4
|
Анар |
Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай Горхи Тэрэлжийн, Их мөстийн ам, хотоос 64км
|
9918 8793 98999509 |
|
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлагатай ЭНД дарж танилцана уу.