Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо Долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлна Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана
Түгжээтэй хаалганы цаана орхигдсон хүүхдийн аюулгүй байдал

  Ч.Бямбахажид, П.Лхагважаргал

Бидний хамгийн тайван, жаргалтай байх орчин бол амьдарч байгаа гэр билээ. Гэвч зарим нөхцөлд тийм байх боломжгүй байдал ч үүсэж байна. Дэлхий даяар ойролцоогоор 4.5 сая хүүхэд гэртээ байх үедээ ахуйн осол, гэмтэлд өртөж байна гэх судалгаа бий. Монгол Улсад ч энэ асуудал анхааран үзэхүйц хэмжээнд хүрээд байгаа юм. Иймд “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ хүүхдүүд ахуйн осол, гэмтэлд өртөж буй шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам болон манай улсад уг асуудлыг хэрхэн зохицуулж болох талаар сэдвийг хөндөж байна.Зуны амралт эхлэхэд сургууль, цэцэрлэгүүд амарч бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хамгийн завгүй болдог. Амьжиргааны түвшний ялгаатай байдлаас хамааран айл болгон хүүхдээ зуслан,  төлбөртэй цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд явуулж чаддаггүй. Иймээс тэд хүүхдээ гэрт нь цоожлоод орхих, эсвэл хүүхдийг хүүхдээр нь буюу ах эгчээр нь харуулахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ нь хүүхэд ахуйн осолд өртөх гол шалтгаануудын нэг болж байна. Цаашлаад аялал зугаалгын болон бусад үеэр эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт муутайгаас үүдэн бага насны хүүхдийн амь нас эрсдэлд ордог. Тухайлбал, Улсын хэмжээнд 2023-2024 оны байдлаар нийт 197 удаагийн усны осол бүртгэгдэж, ослын улмаас 167 хүний амь нас эрсэджээ. Үүний 31 нь хүүхэд байсан харамсалтай тоо баримт байна.Тохиолдол: Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б-ийн хүү Н гурван настай. Тэрээр угаалгын машины хатаагч дотор гацсан тухай дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид хүүг угаалгын машины хатаагчаас гарган, ээж Б-д нь хүлээлгэн өгчээ. Энэ мэт хүүхэд өндрөөс унах, эд зүйлсэд бие эрхтнээ зүсэх, хавчуулагдах, түлэгдэх зэрэг ахуйн хүрээний осолд өртөж буй дуудлага Онцгой байдлын газарт түгээмэл ирдэг байна.

“Зуны улиралд яаралтай тусламжаар ирэх хүүхдийн тоо эрс нэмэгдэж өдөрт 150-200 болдог”

Тэгвэл “Хүүхдийн эрхийн тухай хууль”-ийн 2.5 дугаар зүйлд “Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч тус хуулийн 5.2 дугаар хэсгийн “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрх” бодит байдал дээр бүрэн хангагдаж чадахгүй байгаагийн нэг илрэл нь хүүхдийн ахуйн хүрээний осол, гэмтэл юм.Тодруулбал, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд нийт 283,313 хүн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсанаас 97,586 буюу 34.4  хувь нь 0-18 насны хүүхэд байв. Эдгээр хүүхдийн 63.0 хувь нь эрэгтэй, 37 хувь нь эмэгтэй буюу 10 хүүхэд тутмын зургаа нь эрэгтэй хүүхэд байгаа аж. Хүүхдүүд ихэвчлэн бүх төрлийн уналт, амьтай, амьгүй механик хүчинд зүйлст өртөх, зам тээврийн осол, түлэгдэлт, хүчирхийллийн шалтгаанаар бэртэж гэмтэн тусламж үйлчилгээ авч байна. ГССҮТ-ийн мэдээллээр дээрх тохиолдлын хамгийн өндөр хувийг буюу 46.5  хувийг унаж бэртэх гэмтэл эзэлж байна. Энэ төрлийн гэмтэлд бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламж, мориноос унах тохиолдлууд хамаарна. Үүний дараа нийт тохиолдын 19 хувийг амьтай механик хүчин зүйлд өртөх буюу нохой, муур, мал, хүнд хазуулснаас үүдэлтэй гэмтлүүд эзэлж байна. Мөн 14.1 хувийг амьгүй механик буюу шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж бэртсэн гэмтлүүд байна. Эдгээрээс гадна зам тээврийн осолд 9.1 хувь буюу 8847, халуун бодист өртөх буюу түлэгдсэн тохиолдол 4.8 хувийг буюу 4689, хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл 3.1 хувийг буюу 3031 тохиолдол тус тасгаас үйлчилгээ авчээ. Харин тодорхойгүй осол 2.9 хувь буюу 2831, бусад төрлийн осол гэмтэл 0.5 хувь буюу 462 бүртгэгдээд байна.

Тэгвэл тус төвд хандах энэ төрлийн осол гэмтэл ЕБС-ийн сургууль, цэцэрлэг амарсан зуны саруудад нэг дахин нэмэгддэг байна. Учир нь эцэг эхчүүд хүүхдээ гэртээ үлдээхдээ ихэвчлэн ах, эгчээр нь буюу хүүхдийг хүүхдээр харуулж үлдээдэг. Ийм үед дүүгээ санаандгүй юм мөргүүлэх эсвэл унагааж түүнийгээ нууснаас үүдэн хүүхэд нь гэнэт халуурах, татах тохиолдол их байдаг аж. Мөн зуны урин дулаан цагт унадаг дугуйтай замын хөдөлгөөнд орохоос гадна скүүтэр, суррон дураараа унаж онхолдох, машин тэрэгтэй мөргөлдөх осол гэмтэлд өртөх хүүхдүүдийн тоо  нэмэгддэг байна.  Энэ тухай ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Г.Лхагвадоржоос нэмж тодрууллаа. Тэрээр “Намар, өвөл, хаврын үед  яаралтай тусламжид 100-150 хүүхдийг хүлээн авч үздэг бол зуны улиралд энэ тоо эрс нэмэгдэж 24 цагийн тоон мэдээллээр 150-200 болдог. Иймд манайх хүүхдийн үзлэгтээ дахин нэг эмч нэмж гаргаж байна” гэв. Өөрөөр хэлбэл, тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хоёр эмч 24 цагт 200-гаад хүүхдэд  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аж. Дээр дурдсан гэмтлийн хүнд, хөнгөнөөс үл шалтгаалан эмнэлгийн байгууллагад хандаагүй, анхан шатны тусламж буруу үзүүлснээс үүдэн хожим насан туршийн эмгэгтэй болох эрсдэлтэй ч байдаг байна. Энэ тухай Г.Лхагвадорж эмч үргэлжлүүлэн “Хүүхэд ямар нэгэн зовуурьтай, гэмтсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандаж, нарийн мэргэжлийн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Гэтэл эцэг эхчүүд дур мэдэн бариачаар бариулах, ямар нэгэн зүйлээр боох зэрэг буруу арга хэмжээ авснаас үүдэн гар хөлөө тайруулах, төрөлхийн эмгэг өөрчлөлттэй болох магадлалтай байдаг. Түлэгдсэн үед хамгийн түрүүнд хүйтэн урсгал усанд 5-10 минут урсгаж анхны тусламж үзүүлээд цэвэр гялгар уут, хүнсний скоч, самбай тавин шууд эмнэлгийн байгууллагад хандана. Түлэгдэлт их өвддөг учир эмнэлэгт ирэхээс өмнө гэртээ байгаа өвчин намдаах эм, лааг хийгээд ирэх хэрэгтэй. Гэвч бидний дунд элсэн сахар, нохойн цус, гутлын тос, барааны саван түрхэж буруу арга хэмжээ аван өвчнөө улам хүндрүүлэх тохиолдлууд байсаар байна. Арьс гэдэг хүний хамгийн том эрхтэн түлэгдэхэд хамгаалж байсан биед халдвар орж байгаа юм. Түүн дээр нэмж саван түрхэнэ гэдэг халдварыг улам хүндрүүлж буй хэрэг” гэлээ.

 

“Зуны цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ нь хүртээмжгүй, төлбөр нь өндөр байгаагаас шалтгаалан хүүхдүүдээ явуулж чадахгүй байна”

Эцэг эхчүүд хүүхдээ гэмтээхгүй байя гээд үргэлж хамт байх боломжгүй. Ажлаа хийж ар гэрээ авч явах хэрэгтэй. Тиймээс бага насны хүүхдээ цэцэрлэгт өгдөг. Гэтэл хуваарьт үедээ ч хүртээмжгүй байдаг цэцэрлэгүүд зуны улиралд амрахаар тэдгээр бяцхан хүүхдүүдийг зуны гурван сар хэн харах вэ. Зарим нь хөдөө өвөө эмээ рүү нь явуулж, том ах эгч нараар нь харуулдаг байх. Гэвч энэ боломж хүн бүрд алга. Эсвэл хүүхдээ харах гээд зуны гурван сар ажлаасаа чөлөө авах хэрэгтэй юу?Манай улсад СӨБ-ын 1407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс төрийн өмчийн 1002, орон нутгийн өмчийн 22, хувийн өмчийн 383 байна. Төрийн өмчийн цэцэрлэг зохих хуваарийн дагуу тавдугаар сарын 31-нийг хүртэл хичээллээд амарсан бол хувийн цэцэрлэг дотоод зохион байгуулалтаасаа хамааран зуны улиралд ажилладаг билээ. Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын үйл ажиллагааг үндсэн болон хувилбарт гэсэн үйлчилгээгээр зохион байгуулдаг. Хувилбарт сургалтын үйлчилгээ зуны улиралд явуулын багшийн болон нүүдлийн бүлгийн гэх байдлаар явагддаг байна. Энэ тухай Боловсролын ерөнхий газрын бага насны хүүхдийн хөгжил, хамгаалал хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаагаас тодруулахад “Нүүдлийн бүлгийн сургалтын үйлчилгээг зургаадугаар сарын эхний долоо хоногоос 56 хоногийн хугацаатай ихэвчлэн 21 аймагт чиглэж явуулдаг. Өнгөрсөн жил 19 аймгийн 270 цэцэрлэгт энэ сургалтыг зохион байгуулж 10200 орчим хүүхэд хамрагдсан. Харин энэ жил хувилбар сургалтдаа 11660 хүүхэд хамруулах төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.Тэгвэл зун үйл ажиллагаагаа явуулдаг цэцэрлэгүүдийн нэг болох “Бөндөөлхөн” нь холимог нэг бүлгээр зуны элсэлтээ авч, бүлэг нь дүүрчээ. Нэмэлт элсэлтээ долоодугаар сараас авахаар төлөвлөж байгаа аж. Тус цэцэрлэгт явдаг хүүхдүүд дахин зуны ангид бүртгүүлсэн тул сул орон тоо байхгүйн улмаас гаднаас хүүхдүүд авах боломжгүй болсон байна. Тус цэцэрлэгийн 1-3 насны хүүхдийн төлбөр 550 мянга, 4-5 насны хүүхдийн төлбөр 450 орчим мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн эдгээрээс гадна бусад төрлийн үйлчилгээг авч, хүүхдээ харуулан нь ч бий.Манай улсад хүүхэд болон өндөр настан асрах үйлчилгээ сүүлийн жилүүдэд хөгжиж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэмэгдэж байна. Тэдний нэг “Эм Би Ар Нарандэлгэрэх” хүүхэд, өндөр настан асрагч жуулчлалын төв нь дөнгөж төрсөн нярайгаас таван нас хүртэлх хүүхдийг өдрөөр болон байрлаж асрах үйлчилгээ үзүүлдэг аж. Ингэхдээ 18-55 насны эмэгтэйчүүдийг өдөр бүр сургалтад хамруулж ажилд авч, энэ төрлийн үйлчилгээг сонирхож байгаа айл өрхүүдэд зуучилж өгдөг байна. Мөн бага ангийн хүүхдүүдийг сургуулиас авч, хоол хийж өгөн эцэг эх, асран хамгаалагчийг гэрт иртэл богино цагаар болон ажлын найман цагаар ажилладаг аж. Үйлчилгээний цаг, гүйцэтгэх ажлаас хамааран төлбөрийн хувьд хэлбэлздэг гэнэ. Энэхүү үйлчилгээг жилийн дөрвөн улирал эцэг эх асран хамгаалагчид сонирхож үйлчлүүлдэг бөгөөд ингэхдээ зуны гурван сараар лагер дээр хүүхдүүдээ харуулах үйлчилгээ авах нь нэмэгддэг байна. Мөн нэг асрагчаараа урт хугацаанд харуулах хүсэлтэй байдгийг тус төвийн мэргэжилтэн дурдсан юм.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан эцэг эхчүүдийн байр суурийг сонсоход Чингэлтэй дүүргийн иргэн Б.Дэлгэрэх “Хүүхдээ зуны амралтаар нь хөдөө явуулах бодолтой байгаа. Нөхөр бид хоёр өглөө гараад орой орж ирдэг учраас хүүхдээ гэртээ харах боломжгүй байдаг. Тиймээс өмнө нь хүүгээ аргагүй болсон үед хааяа гэртээ түгжиж орхидог байсан. Харах хүнгүй үлдээчихээр санаа зовоод, ажилдаа ч төвлөрч чадахгүй хэцүү байдаг. Ингээд өдөр өнжүүлэх, зуны цэцэрлэгүүдэд өгье гэхээр бүртгэл нь дүүрчихсэн гэнэ. Эсвэл төлбөр нь өндөр байдгаас шалтгаалан тэр бүр явуулаад байж чаддаггүй. Тиймээс энэ жил хөдөө өвөө, эмээ рүү нь явуулах бодолтой байна” гэсэн юм.Мөн Хан-Уул дүүргийн иргэн Б.Баасансүрэн “Манай хүүхэд дөрвөн настай. Зуны амралт болчихоор хүүхэд харах хүнгүй, хэцүү байдаг. Заримдаа хамаатны дүү нараа гуйж харуулна. Өмнө жил хүүгээ нэг сар хүүхэд харах төвд өгч байсан. Тэгтэл ямар ч чанаргүй, өдөржин хүүхдүүдийг нэг өрөөнд “хорьж” байгаа юм шиг л байлгадаг. Хоол хүнс нь ч баталгаагүй, хүүхдэд маань тохирохгүй байсан. Үүнээс хойш өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг газруудад итгэхээ больсон. Зарим газар нь төлбөр өндөр байдаг учраас санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Иймээс хүүхэд харах үйлчилгээ, зуны цэцэрлэгүүдийг илүү хүртээмжтэй, баталгаатай болгох тал дээр анхаараасай гэж хэлмээр байна” гэлээ.

“Асрахуйн салбар хөдөө хотгүй тэлж, үнэ хөлс, чанарын хувьд боломжтой болж ирснээр хүмүүс илүү тайван амьдарч болно”

Иймд зун болохтой зэрэгцэн хүүхдийн ахуйн осол гэмтлийн тоо өсдөг шалтгаан, эрсдэлийг бууруулахын тулд асрахуйн эдийн засгийг Монгол Улсад хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байгаа юм. Асрахуйн ажил, асрахуйн эдийн засаг бол нийт эдийн засгийн өсөлт явагдахад өдөр тутмын тулгуур болдог салбар билээ. Монгол Улсад хүүхэд шууд асрах ажилд нэг өдөрт зарцуулж буй хугацаа бусад хүмүүсийг асрахад зарцуулах хугацаанаас өндөр байгааг МУИС-ийн эдийн засгийн сургуулийн багш нар судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, манай улсад өдөрт дунджаар 102,9 минутыг цалин хөлсгүй асрах ажилд зарцуулж байна. Үүний 47,4 минут буюу 46 хувийг хүүхэд шууд асрахад зарцуулж байгаа аж. Мөн цалин хөлсгүй асрах ажлын хувьд охидыг хөвгүүдтэй харьцуулахад 1,9 дахин илүү цаг зарцуулж байна. Харин эмэгтэйчүүдийг, эрэгтэйчүүдтэй харьцуулахад 2,4 дахин илүү цаг зарцуулж байгааг мөн судалгаагаар тогтоосон ажээ.Энэ талаар “МУИС-ийн Эдийн засгийн тэнхмийн багш, профессор Б.Отгонтөгс “Асрахуйн ажил цалин хөлстэй болон цалин хөлсгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Төлбөртэй асрахуйн салбарын дэмжлэг их чухал байна. Хүүхдүүд аливаа төрлийн осол, гэмтэлд өртөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, асаргаанд байгаа өндөр настнууд гээд энэ бүхэн нь асаргаа, асрах ажлын эрэлтийг ихээр нэмэгдүүлж байна. Асрахуйн салбар хөгжиж гэхээсээ илүү хөдөө хотгүй тэлж, үнэ хөлс, чанар, цаг хугацааны хувьд боломжтой болж ирснээр хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн хүмүүс л илүү тайван, амгалан амьдарч эхэлнэ. Энэ л чухал.  Мөн дүүрэг, хороо, багийн удирдлагууд энэ тал дээр сайн ажиллах хэрэгтэй. Дүүргийн захиргаа өдөр өнжүүлэх ажиллуулах, өдрийн цай хоолтой дугуйлантай болох, бага насны хүүхдүүдтэй айлуудыг эргэж тойрох зэрэг олон ажлыг хийх хэрэгтэй байна. Замын засварт төсөвлөж байгаа мөнгөний өчүүхэн бага хэсгээр бидний санал болгож буй ажлуудыг хийж болно. Тухайлбал, оюутнуудыг хагас цагаар ажиллуулж цалин, хөлстэй болгож болох юм.Үр дүнд нь ээжүүд санаа амар, тайван ажлаа хийх, орлого олох, хүүхдүүд аюулгүй, тоглож, сурч, оюутнууд ажил төрөлтэй зуныг өнгөрөөж болно” гэсэн юм.

Цалин хөлсгүй асрахуйн ажил Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд чухал ач холбогдолтой боловч бодлогын түвшинд авч хэлэлцэгдэхгүй байгаа нь уг салбарын талаарх ойлголт, бүтээж байгаа нэмүү өртгийн нарийвчилсан хэмжилт хийгдэхгүй байгаатай холбоотой аж. Манай улсад асрахуйн эдийн засгийг дэмжихэд дэд бүтцийн асуудал тулгамдаж байна. Иймд бодлого боловсруулагчид улсын хэмжээнд цалин хөлсгүйгээр хүн асрах, гэрийн ажил хийх нь их байгааг хүлээн зөвшөөрч, өрх, гэр бүлийн доторхи цалин хөлсгүй ажлыг хуваалцах явдлыг дэмжих шаардлага бий болж буйг асархуйн эдийн засагчид хэлдэг. Түүнчлэн үүний ач холбогдлыг эрхэмлэх төрийн үйлчилгээ, дэд бүтэц, нийгмийн хамгааллын бодлогоор цалин хөлсгүй асрах ажлыг зохицуулах, бууруулах бодлого явуулах хэрэгтэй болж байгаа юм.

“Зууны мэдээ” сонин Баримт нэн тэргүүнд сүлжээний гишүүн. Энэ нийтлэлд орсон баримтуудыг “Зууны мэдээ” сонин нягталж шалгасан болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 104 (7601)

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан