Долоодугаар сард гадаад валютын албан нөөц 4.6 тэрбум ам.доллар болсныг Монголбанк мэдээллээ.
Энэ нь өмнөх сараас 3.3 хувиар буурсан үзүүлэлт боловч өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар өссөн дүн болж байна. Өөрөөр хэлбэл гадаад валютын албан нөөц импортын 10-11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрээд байгаа юм.
Гадаад валютын албан нөөцийн хэмжээ өндөр байх нь гадаад зах зээлээс үүсэх эрсдэлд бэлтгэлтэй байх жийргэвч нөөц болдгоос гадна ханшийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй. Түүнчлэн зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үздэг.
Гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сард 4.9 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Ерөнхийдөө он гарсаар гадаад валютын албан нөөц харьцангуй өндөр түвшинд байгаа аж.
Үүний зэрэгцээ төгрөг ам.долларын албан ханш нэлээд тогтвортой байгаа юм. Тухайлбал: сүүлийн нэг жилийн хугацаанд төгрөг ам.долларын эсрэг 0.17 хувиар чангараад байна. Мөн энэ хугацаанд төгрөг ам.долларын дундаж ханш 2850 төгрөг 33 мөнгөтэй тэнцэж байгаа юм.