Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийд Монголын зохиогчийн эрх, өв соёлын асуудал үнэгүйдэх вий

Амташсан хэрээ 13 дахихийн үлгэр

Хүүхэд байхаас эхлээд л  гэр бүлийнхэн маань “Эрдэм ном сайн сураарай, чиний эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэгийг хэн ч чамаас хулгайлж авахгүй” хэмээн зааж сургасан. Ганц манай гэр бүл ч бус монгол хүн бүр үр хүүхэддээ ийн зааж сургасаар ирсэн.


Гэтэл нөгөө олж авсан мэдлэг, боловсролоо бусдад тэр дундаа харийн нөхөд сэмхэн хулгайлуулчихаад байх юм, монголчууд бид. Хэд хоногийн өмнө Хятад, Италийн хамтарсан “Хоёр бар” нэртэй адал явдалт нэгэн киног үзээд өөрийн эрхгүй Монгол Улсын зохиогчийн эрх хийгээд өв соёлын асуудал дэлхийд үнэгүйдэх бий дээ гэсэн болгоомжлол төрсөн юм.  “CHINA FILM” кино компани болон “TIANJIN FILM” кино студийн хамтран бүтээсэн энэхүү киноны гол дүрд Селена Хо, Андре Освард нар тоглосон бөгөөд уг кинонд Монгол ардын бэсрэг уртын дууг ашигласан нь ийн бодоход хүргэв.
Хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин Надмид нарын дуулсан уртын дууг “Энигма” хамтлаг нэгэн дуундаа ашиглаж, түүнийг нь нэлээд хожуу манайхан мэдэж Оюуны өмчийн газрынхан гэнэт сэрсэн мэт зохиогчийн эрхийн асуудал энээ тэрээ гэж ярьсан ч тэр нь нэг их газар авалгүй тэгсхийгээд л өнгөрсөн санагдана. Харин дуулсан дуучид нь “Ямар азтай юм бэ, дэлхийд нэртэй хамтлаг бидний дууг дуундаа ашигласан байна” хэмээн гуяа алгадах нь халаг гүйж явсан. Хожим энэ талаар чих тавьбал Оюуны өмчийн газрынхан “Дуучнаас нь зөвшөөрөл авсан” гэсэн тайлбар хэлсэн. Гэхдээ хоёр дуучин энэ талаар огтхон ч дурсдаггүй нь хачирхалтай. Ямартай ч, энэ дуутай адил манай улсын бэсрэг уртын дууг ашигласан хэрэг дахин давтагдаж байх шиг байна. Олон хавар нэгэндээ гэгчээр эхлээд ганц нэгхэн ая дан хумсалж байснаа сүүлдээ бүхэл бүтэн дууг нь, бүтээлийг нь аваад манайх, минийх хэмээн тас гүрийгээд суувал бид яахав. “Улаанбаатарын үдэш”, “Хөдөөгийн баясгалан” киноны дууг Хятад улсын нэгэн хамтлаг дуулсан тухай яриа гараад бас л чимээгүй болсон. За яахав, дуучин нь зөвшөөрсөн гээд нүдээ аниад, чихээ таглаад таг дуугай өнгөрч болох ч гэлээ харин түүний хойноос явж асуудлыг шийдэж байх ёстой Оюуны өмчийн газрынхан юу хийж суудаг юм бол.  Уг нь Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль энэ газрын үйл ажиллагаа, чиг үүргийг тодорхой заасан байдаг. Гэтэл “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр бүх зүйл болоод өнгөрсөн хойно дээшээ, доошоо гүйж байхаар болохоос нь өмнө энэ бүхэндээ хяналт тавьж байх нь хэн хэндээ амар биш гэж үү.
Харин энэ тухайд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардоржтой уулзаж, ярилцсан юм.

-Итали, Хятадын хам­тар­сан “Хоёр бар” нэртэй кинонд монгол ардын бэсрэг уртын дууг ашигласан байна билээ. Энэ талаар та бүхэн мэдсэн үү?
-Ер нь, Зохиогчийн эрхийн тухай хууль болоод олон улсын гэрээнд зааснаар бол ардын урлагийн бүтээл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагддаггүй. Учир нь, ардын урлагийн бүтээлийн зохиогч тодорхой байдаггүй учраас зохиогчийн эрхийн хуулиар хамгаалах боломжгүй байдаг. Харин тухайн ардын дууг дуулсан дуучны эрх буюу гүйцэтгэгч уран бүтээлчийн эрхийн талаар хөндөгдөнө. Дуучны дуулсан бүтээлийг өөр ямар нэгэн бүтээлд ашиглах бол заавал дуучнаас нь зөвшөөрөл авах ёстой. Энэ тухай Олон улсын гэрээ хэлэлцээр болоод тухайн улс орны хуульд заасан. Гэхдээ өөрийн чинь яриад байгаа кинонд дууны ая яваад байна уу, эсвэл дуучны дуулсан дуу байна уу гэдэг тухай ярина.

-Дуучин дуулсан байсан л даа. Хэдийгээр дууг бүгдийг нь дуулахгүй байгаа ч дууны хэсгээс авсан байсан?
-Хэрвээ дуучин дуулсан байх юм бол дуучнаас нь зөвшөөрөл авсан байх учиртай. Түүнчлэн бичлэг хийсэн бол бичлэг хийсэн студиэс нь зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ зохиогчийн эрх гэдэг талаасаа бус хамаарах эрх гэдэг талаасаа дуучнаас, бичлэг үйлдвэрлэсэн компаниас зөвшөөрөл авна. Ер нь, гадаадын орнууд зохиогчийн эрхийн зөрчил илэрхий гаргах нь гайгүй байдаг юм. Үнэнийг хэлэхэд, хойд, урд хоёр хөршид л манай уран бүтээлчдийн бүтээлийг ашигласан асуудал яригдахаас бусад орны тухайд харьцангуй бага. Тийм учраас дуучнаас зөвшөөрөл авсан байх аа гэж бодож байна.

-Аваагүй байгаа тохиолдолд яах вэ? Монголын дуучид болоод уран бүтээлчид хэнд, хаана хандах вэ?
-Манай уран бүтээлчдийн хувьд энэ бол их нээлттэй. Монгол Улс Олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдсэний ач холбогдол энэ бүхэнд л гарах учиртай. Тухайлбал, Монгол Улс “Утга зохиол, урлагийн бүтээл ашиглах тухай Бернийн конвенцэд нэгдсэн орон,1998 онд. Ингэснээр тухайн орон өөрийн орондоо зохиогчийн эрхээ хамгаалах талаар ямар арга хэмжээ авдаг яг л түүнтэй адил арга хэмжээ авдаг болсон гэсэн үг юм.
-Ер нь, манай улсын уран бүтээлчдийн бү­тээлийг ашигласан та­лаар гадаадын орны уран бүтээлчдийн эс­рэг арга хэмжээ авч байсан тохиолдол бий юу?
-Энэ тухай мэдээлэл бидэнд байхгүй. Яагаад гэвэл тухайн уран бүтээлчийн эрхийн асуудал. Хэрвээ хандсан байлаа гэхэд манайд заавал мэдэгдэх албагүй.

-Хандаж байсан тохиолдол байдаг уу?
-Байдаг. Ту­хайл­бал, “Морин хуур” чуулгын хөөмийч Сандагжав БНХАУ-ын Хөх хотын нэгэн хамтлаг өөрийнх нь найруулсан хөөмийн аялгууг баруун Европын орнуудаар тог­лолт хийхдээ ашиг­ласан байна гэсэн гомдол гар­гасан. Энэ дагуу бид Хятадын Оюуны өмчийн газарт хандсан. Энэ талаар арга хэмжээ авч өгөөч гэж хэд хэдэн удаа хүсэлт тавьсны дагуу ямар ч байсан арга хэмжээ авч өгнө гэсэн. Бид хүлээгээд л байж байна. Дээр хэлсэнчлэн Хятад улсад манай улсын уран бүтээлчдийн бүтээлийг ашиглах явдал их гардаг.  Энэ асуудлыг шийдэх хамгийн зөв гарц бол зохиолчид, уран бүтээлчид өөрсдөө нэгдээд өөрийнхөө эрх ашгийн төлөө төрийн бус байгууллага байгуулаад хамтын удирдлагын  бай­гууллагад гишүүнээр элсч энэ байгууллагаараа дамжуулж асуудлаа тавьбал илүү хурдан шийдвэрлэгддэг.

Хэдийгээр газрын даргын хэлдэгчлэн уран бүтээлчдийн өмнөөс гүйх албагүй ч гэлээ өөрийн орны оюуны өмчийг хамгаалахын тулд хөдлөх л хэрэгтэй баймаар. Оюуны өмчийн газрынхан дуучны өмнөөс бүтээлийг нь хамгаалаад гүйлээ ч гэсэн дуучин өөрөө зөвшөөрчихөөд түүнийгээ холбогдох байгууллагадаа хэлээгүйгээс нэгнийгээ эвгүй байдалд оруулах тохиолдол цөөнгүй гарсан аж. Ярихад ичгэвтэр ч гэлээ хамгийн эмгэнэлтэй асуудал энэ биш гэж үү. Хариуцсан бай­гуул­лага нь холбогдох хү­мүүстэйгээ хамтран ажил­ладаггүйн баталгаа энэ гэлтэй. Хэдий болтол уран бүтээлч нь мэднэ хэмээн хүлээж суух вэ. Хууль зүй дотоод хэргийн сайд нь орондоо хууль засаад болж байхад яагаад улсынхаа орчинд таарсан хуулийг Оюуны өмчийн газрынхан санаачилж батлуулж болохгүй байна вэ.
 
Үнэт эрдэнээ хулгайд алдсан, эргүүлж авсан, харин дараа нь...

Ийн оюуны өмчийн бүтээлээ харийнханд хумс­луулж байх зуур үнэт олдворууд шуналтнуудын өлөн нүдэнд өртөж хилийн дээс давсаар... Сар гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Боловс­рол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярыг өрөөндөө дуудаж нэгэн зүйлд яаралтай анхаарлаа хандуулж, арга хэмжээ авахыг хүссэн. Энэ бол АНУ-ын Нью-Йорк хотноо маш ховор үлэг гүрвэлийн бүтэн араг яс дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсныг Монголын эрдэмтэн, судлаачид мэдээд ийн Ерөнхийлөгчид хандсан хэрэг. Азаар сайн санаат, Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн ачаар “Тираннозавр Батаар” эх орондоо эргэн ирэх гэж байна. Энэ бол монголчуудын аз түшсэн хэрэг байсан гээд хэлчихэд нэг хэтрүүлсэн болохгүй биз. Гэтэл үүнээс өмнө Өндөр гэгээн Занабазарын дэлхийд гайхагдсан бүтээлийг урт гартнууд хилийн дээс давуулан худалдсан хэрэг гарсан. Эзэн нь өнөөг хүртэл олдоогүй. Харин үлэг гүрвэлийн ясны ховор олдворыг хилийн дээс алхуулсан хэрэгтэн нь тогтоогдсон. АНУ-ын Эрик Прокопи гэгч Өмнөд Ирландын Вант улсын иргэн Крис Монтой хамтран энэхүү хэргийг үйлдсэн гэдгээ бараг л хүлээчихээд байгаа. Нэг бодлын монголчууд бид өөрсдийгөө азтай гэмээр ч юм шиг. Учир нь, дээрх “шилийн сайн эр”-ээр дамжуулаад хулгайн нэг том бүлэглэлийг барихад ойртсон тухай мэдээ юм. Хэрвээ тэрхүү бүлэглэлийг барьчихвал монголчуудад мэдэгдэлгүй хилийн дээс давуулан гаргасан олон үнэт, ховор бүтээл эх орондоо эргэн ирэх ч юм билүү хэн мэдлээ. Хэргийг шалгаж дуусаагүй бөгөөд Их Британиас АНУ руу уг олдворыг оруулсан байдаг. Бас болоогүй ээ гаалийн мэдүүлэгтээ олдворын гарал үүслийг мэдүүлэхдээ Монгол Улс биш Их Британи гэж бичсэн байсан хэрнээ дуудлага худалдаанд оруулахдаа “Мон­го­лоос гаралтай ди­но­заврын яс” хэ­мээн хэлсэн гэ­дэг. Эрик Прокопи АНУ-ын хууль тогтоомжийн дагуу маш их асуудалд орооцолдоод байгаа тухай тус улсын албаны хүн мэдэгдсэн. Түүний анхны хэрэг ч энэ биш гэх юм билээ. Тэгэхээр олон хэргийн учиг энэ нөхөртэй хамаатай болж таараад байгаа юм. Энэ бүхнээс харвал “гээндээ ч бий, гоондоо ч бий” гэгчээр хэнэггүй нь дэндсэн монголчуудын байдлыг ашиглаад уран бүтээлчдийн бүтээлийг дуртай нөхөр нь дуртай цагтаа авч байдаг, урт гартнууд нь үнэт, ховор эд өлгийн зүйлийг хил давуулан гаргасаар байх уу.  Хэдийгээр монголчууд тэнгэр заяат, азтай ард түмэн ч гэлээ азын заяа хэлтийхийг үгүйсгэх аргагүй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан