Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын үндэстнүүдийн эртний гар урлалын технологитой танилцаарай

Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд “Үзэсгэлэнт сайхан Хятад орныг зураглая-Уламжлалт ээрмэл, будмал, сүлжмэл, хатгамлын үзэсгэлэн” гарч буй билээ. Хятадын үндэстнүүдийн биет бус соёлын өвөө бидэнд танилцуулж байгаа нь энэ. Үзэсгэлэнд бай үндэстний хатгаж будах, мяо үндэстний лаадаж будах, дай үндэстний хэмэрлиг сүлжих, хятад үндэстний зурагт торго сүлжих, бүтээх, хэжэ үндэстний загасны арьсны эдлэл хийх технологиор бүтсэн олон арван бүтээл, хувцас, эд хэрэглэлээ дэлгэжээ. Ингэхдээ Хятад, Монгол хоёр улсын хоорондын соёлын адил талыг, мөн хоёр улсын ард түмэн, ялангуяа Өвөрмонгол болон Монгол Улсын ард түмний таньдаг соёлын элементүүдийг голчлон сонгож, дотно санагдуулах тэр л мэдрэмжийг өгөхөд илүүтэй анхаарч ажилласан талаар үзэсгэлэн зохион байгуулж буй албаныхан ярив. Гэхдээ бүтээлүүдээ зүгээр ч нэг дэлгээд орхихыг хүсээгүй учир олон улсын чанартай үзэсгэлэнгүүдийн адилаар дизайнтайгаар хийжээ.

Тиймээс хүмүүс аль нь ямар үндэстний бүтээгдэхүүн болохыг төвөггүйхэн мэдэж, өөрийн хүссэн мэдээллээ бүрэн дүүрэн авах бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө онцлог болж чадсан байна билээ. Тус үзэсгэлэн маргаашийг хүртэл гарах бөгөөд хүмүүс өөрийн сонирхсон зүйлээ худалдаж авах бүрэн боломжтой.

Хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан бүтээлүүдийн талаар бэлтгэсэн мэдээллээ уншигч танд хүргэж байна.

Дай үндэстний хэмэрлигийн технологи

Дай үндэстний хэмэрлиг бол тэдний өвөг дээдсийн хөдөлмөрийн бүтээгдэхүүн бөгөөд өдөр тутмын амьдрал болон шашин шүтлэгтэй нь нягт холбоотой ажээ. Хэмэрлиг нь цагаан дээр дан цулгүй хээ угалз буюу олон дахин давхардсан, үргэлжилсэн хээ угалз зонилдог байна. Хэмэрлигийн агуулга нь тод, төсөөлөн бодох нь баялаг, уран сэтгэмж, өвөрмөц өнгө төрхөөрөө Хятадын урлагт өөрийн гэсэн байр сууриа эзэлжээ. Энэхүү технологийг танилцуулахаар Юньнань мужаас ирсэн Юй Жинькай хэрхэн урладаг болохоо үзэсгэлэнг сонирхож буй хүмүүст үзүүлж байсан юм. Тэрээр энэхүү хэмэрлигийг нэхэх аргыг өвлөж авсан залгамж халаа нь юм билээ.

Хятад үндэстний Сүжөүгийн зурагт торгоны сүлжмэлийн технологи  

Зурагт торго нь эртний торгон сүлжмэлийн технологийн нэг төрөл нь аж. Энэхүү технологи нь эртний модон машин болон хулсаар хийсэн хэдэн орхиц, товшуурыг ашиглаж, таван өнгийн хүрийн ширхгийг өнгө будаг ялгарам, өнгөний зэрэглэлийг ашигладаг сүлжмэл юм байна. Хамгийн сонирхолтой нь сүлжмэлийн хээ угалзыг ар өвөр тал гэж ялгахын аргагүй ч өнгөн тал нь жижиг хутгаар зураад авсан юм шиг жижиг нүх буюу зурсан оромтой аж. Иймээс сийлмэл торго гэж нэрлэдэг байна. Мөн угаах, шүргэх, нухсан ч их тэсвэртэй байдаг болохоор мянган жилд эвдрэхгүй урлагийн бүтээл хэмээн нэрийддэг гэв.

Бай үндэстний уяж будах технологи

Уяж будах нь тус улсын ээрмэл эдийг будах нэг эртний технологи гэж үздэг байна. Далигийн бай үндэстний өөртөө засах жөүгийн Жөүчэнгийн бай үндэстний уяж будах технологи хамгийн нэртэй нь гэнэ. Уяж будахын гол дараалал нь хээ угалз зурах, уях, дэвтээх, будах, жигнэж чанах, ээж хатаах, утсыг нь авах, тээрэмдэг зэрэг аж. Хувин, будах шийдэм, жааз, чулуун тээрэм зэрэг нь хамгийн гол багаж нь юм байна.

Хэжэ үндэстний загасны арьсны технологи

Загасны арьсны технологи нь умардын хүйтэн усны загасны арьсыг түүхий эдээ болгодог байна. Түүхийн хуудаснаа олон үндэстэн загасны арьсны соёлтой байсан талаар дурдсан байдаг хэдий ч Чин улсаас өнөөг хүртэл Хармөрөн мужийн Түнжян хотын Жүжинькөү шянгийн хэжэ үндэстэн түүнийг нь уламжлан залгамжилж авчээ. Тиймдээ ч хэжэ үндэстний эмэгтэйчүүд энэ ур чадварыг боловсронгуй эзэмшдэг байжээ. Энэ технологи нь загасны арьсаа өвчих, хатаах, элдэх, эсгэж оёж эвлүүлэх зэрэг дараалалтай байдаг аж.

Монгол үндэстний сувдан хатгамал

Монгол үндэстний сувдан хатгамал нь Тан улсаас гаралтай юм байна. Мин, Чин улсын үед илүүтэй хөгжжээ. Буддын шашин Түвдээр дамжиж Монгол нутагт уламжлагдан орж ирсний дараа монгол дархад сувдан хатгамлаар хийсэн танка, очир баг зэрэг нарийн сайхан хийцтэй гар урлалын бүтээгдэхүүнээ сүм хийдэд хүндэтгэн барьж тахиж ирсэн байна. Зарим технологи нь устах аюул нүүрлээд байгаа хэдий ч олон технологи нь өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа аж. Ялангуяа эмэгтэйчүүдийн толгойн засал болон хувцас гоёл дээр мөн улаан шүр, оюу, хаш зэрэг түүхий эдийг гараар оёдог байна.

Энэ мэтээр олон сонирхолтой бүтээлийг очиж үзэх боломжтойгоос гадна хүссэн зүйлээ худалдан авах боломжтой үзэсгэлэн худалдаа маргааш дуусах юм байна.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан