Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Франц Шубертын нэрэмжит хөгжмийн консерваторид “Морин хуур”-ын анги нээх болжээ


Зураг: Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-н захирал хатагтай Даниела Эгг-ийн хамт Франц Шуберт-ын нэрэмжит консерватори-т "Морин хуур"-ын ангийг албан ёсоор нээх хамтын гарын үсэг зурсан эрх, гэрээг хүлээн авч буй нь



Австрийн Вена хотод ажиллаж амьдардаг Б.Санжаажав  Вена хотын Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторид албан ёсоор “Морин хуур”-ын ангийг нээх болсон тухай мэдээг өнөөдөр албан ёсоор өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан монголчууддаа мэдээллээ. Тэрээр “Дэлхий даяар тархан суугаа нийт монголчууд болон монгол эх орондоо оршин суугаа нийт Монголчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье!
2016 оны 9 дүгээр сард миний бие Австри улсын Вена хотноо орших Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-т монгол үндэстний сонгодог хөгжмийн зэмсэг болох “Морин хуур” хөгжмийг Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-ийн сургалтын системд нэвтрүүлэх тухай хөтөлбөр, төслийг оруулсан билээ. Консерваторийн сургалтын алба болон удирдах зөвлөл нэг сарын турш хуралдан хэлэлцсэний үр дүнд Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторид албан ёсоор “Морин хуур”-ын ангийг нээх шийдвэр, эрхийг хүлээн авсан юм. Үүнээс хойш тус сургуулийн сургалтын албатай хамтран миний бэлтгэсэн морин хуур хөгжмийн 4 жилийн бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тус сургуулийн сургалтын хөтөлбөртэй нийцүүлж илүү боловсронгуй болгох тухайд шамдан ажилласнаар 2017 оны хоёрдугаар сард тус сургуулийн захирал хатагтай Даниела Эгг морин хуурын ангийн бакалаврын зэргийн 4 жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг албан ёсоор баталсан юм. Ингэснээр Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторид албан ёсоор “Морин хуур”-ын анги нээгдэж буйг баяртайгаар монгол түмэндээ мэдэгдэж байна.

Монгол Улсаас болон дэлхийн өнцөг булан бүрээс монголын болон гадаадын оюунтнууд Франц Шуберт-ын нэрэмжит консерватори-т нарийн мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээд зогсохгүй “Морин хуур” хөгжмөөр бакалаврын зэргийг хамгаалан төгсөх бүрэн боломж нээгдэж буй юм.
Гадаадын оюунтнуудын хувьд монгол улсын үндэсний хөгжмийг суралцаад зогсохгүй монголын соёл, урлагтай танилцан суралцах боломж нээгдэж байна. Мөн ингэснээр монгол улсын аялал жуулчлалын салбарт ч өндөр ач холбогдолтой.
Монгол оюунтнуудын хувьд Авcтри улсын болон Европын сонгодог хөгжмийн түүх соёл, ёс заншилтай танилцахаас гадна хөгжмийн өндөр боловсрол мэдлэгийг олж авах бүрэн боломж нээгдэж, энэ нь эргээд монгол эх орондоо, монголын соёл, урлагийн салбарт нэн шаардагатай боловсон хүчин болон бэлтгэгдэх гарц нээгдэж буйг хэлэхэд таатай байна.

Монгол үндэстний морин хуур хөгжмийн зэмсэг маань олон улсад мэргэжлийн хөгжмийн их дээд сургуулийн сургалтын системд нэвтэрч буй энэхүү үйл хэрэг нь өнөөдрийг хүртэл Монгол улсын хэмжээнд болон Монгол улсын соёл, урлагийн түүхэнд анхны тохиолдол болоод зогсохгүй үндэсний урлагаа дэлгэрүүлэн олон улсад сурталчлан таниулж буй бодит үйл хэрэг юмаа хэмээн миний бие дүгнэж байна.

Иймд энэхүү баярт үйл хэрэг нь миний санал санаачлагаар эхлэл тавигдаж буй хэдий ч, “Морин хуур” хөгжим олон зуун жил өвөг дээдсээс минь уламжлан ирсэн Монгол үндэстний соёлын их өв, баялаг учраас өнөөдөр хотол олон Монгол түмэн бидний баярт мэдээ, баярт өдөр юм аа. Монголын соёл, урлагийн ажилтнууд болон Монгол түмэн та бүхэндээ миний зүгээс халуун баяр хүргэж буйг минь хүлээн авна уу!

Цөөхөн Монголчууд бидний агуу их өв соёл, монгол морин хуурын эгшиг аялгуу дэлхий дахинаа цууриатаж Монголын сонгодог хөгжмийн зэмсэг “Морин хуур” хөгжим маань дэлхийн сонгодог хөгжимтэй хөл нийлүүлэн эгшиглэх цаг ирлээ.

Монгол морин хуурын амьд ая эгшигт хүмүүний сэтгэл уярч хөвчийн дэлхий хөглөгдөж байг.

Баярлалаа

Хүндэтгэсэн Б.Санжаажав” хэмээн бичсэн байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан