Ч.ДӨЛГӨӨН
“Болор цом” наадам өнөө жил Дорнод аймагт зохион байгуулагдаж, Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн дурсгалыг хүндэтгэсэн билээ. 34 дэх наадам Сүхбаатар аймгийн хүү Борхүүгийн Батсайханых болов. Жил жилийн “Болор цом”-ын араас зохион байгуулалт, түрүүлсэн найрагч, за тэгээд муулж, гоочилж болох бүхнийг өөнтөглөсөн яриа гарсаар, ирэх жилийн наадам болтол үргэлжилсээр дадчихаж. Мань мэтэд энэ яриаг сонсохгүй бол давсгүй хоол идчихсэн ч юм шиг дадал суучихсан гэхэд хэлсдэхгүй. Хэн цомын эзний талаар юу хэлэх нь вэ гээд чих ч өөрийн мэдэлгүй хов жив рүү хутгалдах. Гэхдээ өнөө жилийн хов живийг залуу яруу найрагчид өөрсдөө гаргаад, хоорондоо яриад утга уран зохиолоо өөрсдөө гутаагаад, муухай монгол зан гаргах нь арай л дэндэж байна уу гэмээр. 34 дэх наадмын хоёрын даваанд 80, 90-ээд онд төрсөн чамлахааргүй тооны яруу найрагчид тэнцэж үлдсэнээс тэдний нэг нь л “Болор цом” хүртэх нь гэж найдсанаас болов уу, эсвэл нас залуу учир унаж чадахгүй байна уу гэмээр “гийнах”. Гэхдээ унаж сураагүй нь тэдний ч буруу биш аж. Учир нь ах, эгч нар нь өөрсдөө гүйцэт унаж сураагүй учир дүү нар нь хэрхэн сурах билээ. Буруутгах аргагүй аж.
Жил бүрийн наадмыг сархадгүй, хөлчүү найрагчгүй төсөөлөх ч аргагүй биз. Мялаалга болгож шүлгээ уншихаар ирсэн цомын эздээс эхлээд шүлгээрээ уралдахаар тайзнаа гарсан нэг нь суудал дээрээ унтаад өгдөг үзэгдэл байсаар байхад шинэхэн шүлгээ өвөртөлсөн залуухан найрагчдыг буруутгах учиргүй. Үүнийг аль хэдийнэ зургаан жилийн өмнө хашир өвгөн олоод биччихсэнийг санаж байна. Дархан-Уул аймагт болсон наадмын дараа шүүгчээр ажилласан Ү.Хүрэлбаатар гуайн бичсэн шүүмжийг санаж байна. Тэрээр яруу найргаа эс хүндэтгэх үзэгдэл найрагчдад хорт хавдар мэт тарж байна гэсэн байсан. Тэгвэл энэ хорт хавдар нэгэнт эмчлэгдэхээ өнгөрсөн бололтой нь өнөө жил илүү тод харагдах шиг.
Тиймээс энэ удаагийн наадмыг дэнсэлсэн шүүгчид болох Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын бичсэн “Болор цом”-ын талаарх шүүмжийг эргэн харж, яруу найрагч Д.Ган-Очир, Б.Галсансүх нарын сэтгэгдлийг сонслоо.
“Болор цом” авсан шүлэг гэж ирээд л эхийн тухай шүлгийг гоочлох юм. Тэгвэл “Болор цом” наадамд сайн шүлэгтэй оччихоод “дараагийн шатанд тэмцвэл үүнийгээ уншина” гэсээр зарим найрагч бага шатанд бүдэрдэг. Дөрвөн шат дамжиж дөрвөн шүлэг уншаад оргилд нь хүрсэн хүний ганцхан шүлгээр бүхэл бүтэн наадмыг дүгнэх нь өрөөсгөл. Энд би энэ талаар тайлбарлах гэвэл үг минь ч дутаж, уншигчид ч намайг чичих учир Ү.Хүрэлбаатар гуайн дээр дурдсан шүүмжлэлээс иш татав. Тэрээр “Шигшмэл хорьд үлдээд хасагдсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулга енгэнэтэл уйлаад сууж байх юм гэнэ. Яав гэтэл “Би хорин минут уйллаа, одоо гучин минут уйлна” гэж байх юм гэнэ. Өхөөрдмөөр ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Өхөөрдөхийн учир нь “Болор цом”-руу тэмүүлэх залуу яруу найрагчийн омголон хийгээд гэгээн тэмүүлэл, өрөвдөхийн учир нь наадам, тэмцээн хоёрын дунд тэлэгдсэн сэтгэлгээ юм. “Болор цом” бол найргийн наадмын дэвжээ болохоос начны найраа хийдэг наадмын тавын даваа биш. Одоо тэр цолны бохир наймаа бараг үгүй болсон. Тиймээс хасагдсандаа шаралхах бус шүлгэндээ харамсах нь зүй зохистой мэт. Б.Баттулгын тухайд дунд дүйзэд шөвгөрөөд “Гэнэтийн орчлонд” шүлгээ уншсан бөгөөд тэр нь өмнөх даваанд уншсан “Эх орон” шүлгээ гүйцсэнгүй. Уг нь гоо чиний даашинз дээр хатгасан янзага гэнэт амилах мэт... гэгээн монгол минь ...ертөнцийн их ариусгал болно гэх сайхан шүлэг байсан ч “цуугчсан бодол” ч гэх шиг хэлбэржиж амжаагүй хэллэг зэрэг нь нялх занг илэрхийлж байх шиг санагдаж байлаа. Тэгээд л боловсорч амжаагүй сайхан санаа, өмнөх даваанаас суларсан ур хийц нь авах ёстой оноог нь доош дарж шүүгчдийн нийлбэр дүнгээр их дүйзээс хасагдсан хэрэг. Ийм байдал ганц Б.Баттулгад ч байсан юм биш. Даваа даваанаас шивхэрч хасагдсан яруу найрагчид өөр өөрийнхөө шүлгийг ийм хоёр шүүлтүүрээр шүүгээд үзэх хэрэгтэй. Шүүгчдийг өнгөрсөн зууны үлэг гүрвэлийн ордныхон гэхчилэн элдвээр гоочилохоос өмнө өөрсдийгөө гоочилж үнэнийг тунгаавал ихэд хол давхихын шинж бүрдэж байгаагийн зам мөр болно.
Бага дүйз буюу дөчин зургаад шалгарч хоёрын даваанаас хасагдсан яруу найрагч М. Амархүү “Болор цом”-ын тайзнаа бохир агсан тавив. Хараалын үг хэлж хачин муухай аашлав. Үзэгч олноо нулимж үг сэггүй загнав. Үгүй энэ чинь хэн болчихоод хаана, хэнд юун агсан тавина вэ? Түүний уншсан “Дайны цагийн захиа” учир зүйн алдаатай тааруухан шүлэг байсан. “Эзэнгүй захиа ээж аавд нь хэрэггүй. Эр зориггүй цэрэг эх оронд нь бүр хэрэггүй” гэсэн мөр тэр шүлэгт нь бий. Эзэн нь үгүй болсон захиа байхаас “эзэнгүй захиа” гэж байдаггүй. Эр зориг гэдэг нь эрсдэж үхэхийн нэр гэж муйхарлах буюу “сүүгээр бичсэн захиа”-ны хариуг ”цусаараа бичих”-ийг тулган шаардчихаад “Нутгаас нь ирсэн захиа цус битгий үзээсэй” гэж түүнээ тайлах нь үнэндээ шүлгийн өөрийн нь учир шалтгааны гүн ухаадас бус харин “Болор цом”-ын үзэгчдийн цөсийг нь хөөргөх гэсэн угаадас байсан юм. Шүлгээ бус үзэгчдээ бодож бичдэг нь гагц М.Амархүү бус “Болор цом”-д оролцогчдын нийтлэг эмгэнэлт дүр төрх болчихоод байна. Тиймээс “Болор цом”-ын шүлгүүд гэх алга ташилтын шүлгийн бүхэл бүтэн ай сав бий болчихоод байгаа бөгөөд хачирхалтай нь түүнээс салах эрмэлзлэл яруу найрагч, шүүгч, үзэгчдийн алинд нь ч алга. Яруу найргийн наадмын явцад хасагддаг өөр нэг шалтгаан нь өрсөлдөгчид болон даваа гүвээгээ буруу тооцож сайн шүлгээ нөөцлөөд алддаг гэм ялангуяа залуу яруу найрагчдад их тохиолдох юм. Яруу найрагч М.Амархүү гэхэд “Амьдралын хуудас” гэх “сүүдэртэй, мадагтай ч сүүний үнэртэй” шүлгээ үл нөөцлөн уншсан бол дараагийн даваанд архиар бус шүлгээрээ “агсан тавих” боломжтой байсан. МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Амартайван бас нөөцөлж байж алдаж байгаа харагдсан. Түүнд өөр гал цогтой шүлэг лав байсан байх. Түүний уншсан “Харь аялгатай бүүвэй” нийтлэл шүлэг нь үгийн цэцтэй боловч шинэ уран санаагүйгээс “уулс нойрсоно, улс нойрсоно, хэзээ сэрэхийг хэн мэднэ” гэхчилэн энгийн хүүрнэхэд хүрснээс яруу найргийн үнэлэмжийг бууруулсан юм. Ай.Төмөр-Очирын хувьд ч энэ алдаа давтагдсан. Сүүлийн жилүүдийн “Болор цом”-ын шигтгээ болж буй энэ эрхэм найрагч улс төр, гоморхол хосолсон нэгэн хэвийн шүлгийн сэдвээс хальж чадахгүй байгаа нь шөвгийн дөрөвт шөвгөрөхгүй байгаагийн гол шалтгаан болсоор байна. Жилээс жилд уран бүтээл нь жигдэрч, бас өсч хөгжиж байх нь “Болор цом”-ын болор толинд тусгалаа олж байвал сайнсан” хэмээн бичсэн билээ.
Д.Ган-Очир: Шүүлтийн тухай яриа чинь жил болгон л хардалт дагуулдаг/Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, 34 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадмын шүүгч/
-Та яагаад шүүгчээр ажилласан юм бэ, уг нь таныг оролцоогүй болохоор нөгөө л яригддаг хэл амнаас зугтаж байна гэж бодсон юм. Танд шүүгчээр ажиллах саналыг хэзээ тавьсан бэ?
-Би “Болор цом” наадам болохоос сарын өмнө оролцохгүй гэдгээ Зууны мэдээ сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн. Дараа нь сошиал дээр шуугиад байна гээд нюс.мн сайтаас утсаар бас л тодруулга авсан.Мөн л хүндэтгээд хариугаа хэлсэн дээ. Үүний дараа МЗЭ-ийн хорооноос шүүгчээр суугаач гэсэн. Нутагт минь ийм том наадам болохтой холбоотой арын ажил, ивээн тэтгэгч хайж, олон хүнд хандаж байж хямралын үед нутгийнхаа нэр төрийг бодоод л гүйснээс биш ороод түрүүлэх тухай бодох зав ер байсангүй. Шүүгчээр ажиллах саналыг наадам болохыг нь тулгаад л хэлдэг юм билээ. Урьд нь ч ийм байсан гэсэн.
-Өнөө жилийн наадамд Дорнодоос хэдэн хүн оролцсон юм бэ?
-Таван найрагч шүлгэн хүлгээ сойсон. Хоёр залуу найрагч МЗЭ-ийн гишүүнийхээ батлахыг гардан авсан. Их уран зохиолын гэр бүлд орно гэдэг их хувь заяа шүү.
-Б.Батсайхан яруу найрагчийг Дорнодын хүргэн гээд л бичих болж. Та таних уу?
-Би сайн танихгүй юм аа. Сүүлд сонсохнээ Сүхбаатар аймгийн Онгон сумынх л гэсэн. Ер нь аль нутгийнхаараа “Болор цом” өгдөггүй шүү дээ. Ингэж хардах явдал байна аа байна.
-Түүний “Болор цом” хүртсэн шүлэг нь энэ байна гэж ирээд л гоочилж байна. Шүүлтэд гар бие оролцсон учир үндэслэлийг нь тайлбарлаж өгөөч?
-“Болор цом”-ын дараа сайн муу хоёр талтай яриа болдог. Тэр л яриа дэвэрсээр байгаа биз ээ. “Тэр эмэгтэй” гэж шүлгийг сүүлийн шатанд уншсан. Урд хоёр шүлэг нь сайн байсан л даа. Би үнэлэмжээ тавьсан. Ер нь эхлэх гэж байна гэж шуугиад, болж байна гэж шуугиад, болсны дараа дахин нэг шуугиад л. Найраг шүлэгтээ хайртай, өөрийн үнэлэмжтэй ард түмэн ийм л сайхан байдаг юм даа.
-Гэхдээ дэвэргэгчид нь залуу найрагчид голдуу байгаа нь жаахан харамсалтай...
-Найрагч болгон өөрийгөө агуу гэж боддог. Тиймээс л ийм яриа гардаг жамтай. Нутагт хэн ч түрүүлсэн бай, Монгол найраг, шүлэг сэтгэлгээ нутгийн зон олныг минь баясгасанд л хамаг зорилго оршиж байгаа юм. Муу муухайг аандаа амьдрал ялгаад сургаад өгнө. Санаа бүү зов, садан төрөл болтлоо ойрхон явсан найрагч нөхдийн сэтгэл түүнээс л агуу баян гэдэгт би бүрэн итгэлтэй явдаг.
-Шүүлт ямар зарчмаар явагдсан бэ?
-1-5 оноо өгсөн. Тус тусдаа дүнгээ гаргаад нэгтгээд л нийлбэр оноог нарийн бичиг хөтлөгч рүү шууд өгч байсан. Шүүлтийн тухай яриа чинь жил болгон л хардалт дагуулдаг. МЗЭ-ээс “Болор цом”-ын шүүлтийг олон янзаар өөрчилж үзсэн юм билээ. Ер нь шүүмжлээд муулаад байхаас айгаад хэл амнаас хол байя гээд суугаад байвал энэ урлаг, утга зохиол яаж хөгжих вэ дээ. Зохион байгуулалтын ажил үнэхээрийн хэцүү. Манай аймаг, орон нутаг, зон олон сэтгэл гаргасан шүү. Би Дорнодчуудаа өмөөрнө. Шүлэг, найргийн ертөнцөд умбаад сэтгэл нь догдлоод, гадаа тасалбар олдохгүй театр пиг дүүрэн байхаас илүүг би лав хэлж чадахгүй юм байна.
-Дахиад шүүгчээр ажиллах санал ирвэл яах вэ?
-Дахин шүүгчийн санал ирвэл бодож үзнэ. Гэхдээ их уран зохиол найраг шүлгийн төлөө суу гээд үзэг нэгт ахан дүүс минь хүсвэл бодож үзнэ.
-“Болор цом”-ын шүүгчээр анх удаа ажиллаа. Тайзан дээр анх шүлгээ уншиж байснаа дурсахгүй юу?
-1994 онд оролцоод айргийн тавд үлдэж байсан. Сайхан наадамд ороод үзсэнээс хойш болоо л гэж бодсон. П.Бадарч гуайн Г.Мөнхцэцэгт өгөх гэж байсан цүнхийг андуураад надад өгчихсөн. СТӨ-ний үзэгчид нирхийтэл инээгээд би ичээд л бөөн юм болж билээ. “Амрагаа үгүйлэхүй” хэмээх бүлэг шүлэг уншиж байсан санагдана. Эргээд бодоход 23 жил туушиндаад өнгөрчээ. Энэ хугацаанд нэг л удаа орж байсан. Ер нь завгүй л байдаг болжээ.
Сая аймагтаа зохиогдоно гэхэд сэтгэл зүтгэл гаргасан. Одоо ч ийм гоё наадам их тал нутагт минь нэр хүндтэй сайхан болж өнгөрсөн гэж бодож сууна. Хүн болгонд таалагддаг эд яруу найраг биш шүү дээ. Миний сайных бишээ, найраг шүлгэндээ хайртай Дорнодын ард түмний буянаар сайхан зохион байгуулагдлаа. Эрээнцавын эвдрээгүй найрагч хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэнгийн 70 насны ойг тохиолдуулан зохион байгуулж, улс аймаг том хүндэтгэл үзүүллээ. Үүнд нь баярлаад сууж байна.
-Та дээр ивээн тэтгэгч хайгаад завгүй байсан гэсэн. “Болор цом” зохион байгуулагдаж байгаа нутгийн найрагч бүхэнд энэ алба ирдэг үү?
-МЗЭ-ийн удирдлагаас эхлээд сэтгэлээр ажилладаг хүмүүс чинь уламжлаад ирсэн наадмаа таслахгүй өндөр хэмжээнд зохион байгуулсаар ирсэн. Энэ эрчийг алдагдуулахгүйн тулд хайна. Улсын төсвөөс мөнгө авдаг байгуулага биш. Яг энэ талаар МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалайгаас асуусан дээр болов уу. Миний хувьд энэ байгуулагад ямарч алба хашдаггүй. Нэг гишүүн нь л гээд ойлгочих.
-“Болор цом” болох нутгийг хаанаас сонгодог юм бэ?
-Үүнийг сайн мэдэхгүй юмаа. Манай МЗЭ-ийн удирдлагаас асуусан дээр болов уу.
Б.Галсансүх: Намайг ч гэсэн “Бурханд битгий хуц гэж хэллээ” гээд элдвийн яриа гарч л байлаа/“Болор цом”-ын эзэн, яруу найрагч, 34 дэх “Болор цом” наадмын шүүгч/
-Өнөө жилийн “Болор цом” наадмын шүүгчээр оролцсон. Хэд дэх удаа шүүгчээр ажилласан бэ?
-Дөрөв дэх удаагаа шүүгчээр ажилласан.
-Би Монголын Зохиолчдын эвлэлийн яруу найргийн төвийн гишүүн юм. Иймээс Монголын зохиолчдын эвлэлийн удирдлагаас шүүгчээр суух санал тавьсан. Миний хувьд оролцох ёстой ажил учраас үүргийнхээ дагуу оролцсон.
-Нөгөө л нэг наадам бүрийн ар яригддаг яриа л даа. Цомын эзний шүлгийг чадал муутайг нь гайхах л юм. Таны хувьд үүн дээр санаа бодлоо хэлээч?
-Шүлэг бичдэг хүн бүхэн өөрийгөө агуу гэж боддог. Шалгараагүй болохоороо аймшигтай уурлаж хэл ам хийдэг нь гэм биш зан. Монголчууд хэзээ ч нэг нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй нь харагдаж байна. Унасан бөх ууртай гэгчээр хэдэн хүн л ийм юм яриад яваад байгааг мэдэж байгаа. Намайг “Болор цом” авсан жил ч гэсэн “Бурханд битгий хуц гэж хэллээ” гэх зэргээр элдвийн яриа гарч л байлаа. Ер нь хэн ч түрүүлсэн хэл ам гарч л байдаг. Би энэ наадмын дараа их гайхаж байна л даа. Ээжийн тухай шүлэг шүлгийн тэмцээнд түрүүлэхэд яагаад ингэж дургүйцэж байна вэ. Эхний таван байранд орсон яруу найрагчид даага бэлэглэсэн явдалд яагаад ингэж дургүйцэж хэл амаа билүүдэж гоочилж байна вэ. Монголчууд хэзээнээс моринд дургүй болчихов, ээжийн тухай шүлгэнд хэзээнээс дургүй болчихов. Төрийн сүлдэндээ хүртэл морио оруулж чадсан ард түмэн театрын хаалгаар морь оруулахад яадаг юм бэ.
-Зохион байгуулалтыг бас их гоочлох юм. Шоу ертөнц хөгжчихсөн үед маркетингээ хийж чаддаггүй гэх зэргээр. “Болор цом” хөдөө зохион байгуулагдах болсонд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
-Монголчууд яруу найргийн наадмыг цолтой бөхийн барилдаан гэх мэт юмнаас дорд үздэг шүү дээ, үнэн хэрэгтээ. Утга зохиолын хүрээнийхэн л тооно уу гэхээс нийт ард түмэн бол нэг их ач холбогдол өгдөггүй. Тиймээс зардал мөнгийг нь даах хүн захаас аваад олдоно, менежмент муутай байна, энэнээс илүү зохион байгуулж болно гэх мэтээр ярьж бичээд байгаа хүмүүс бол утга зохиол яруу найргийн хүрээнийхэн биш хөндлөнгөөс харж хүн шүүмжилж суудаг этгээдүүд юм. Үүнээс гадна аль нэг аймаг сумаас төрсөн авьяаслаг олны дунд бүтээл нь үнэлэгдэж, хүндлэгдэж явдаг уран бүтээлчдийнхээ алдрыг тэмдэглэх хүрээнд “Болор цом”-ыг өөрийнхөө аймагт хийе гэдэг санал тавьдаг болсон. Тэрнээс биш заавал хөдөө очиж хийх гээд зүтгээд байгаа юм биш.
-Өнөө жил хоёрын даваанд залуучууд түлхүү орсонд тэднээс “Болор цом” авах хүн гарах байх гэсэн таамаг байсан, бүтээл нь хөнгөндсөн үү, нас нь залуудсан уу?
-Түрүүлсэн Батсайхан чинь залуу үеийн төлөөлөл шүү дээ. Шинэ мянганы шинэ залуу яруу найрагч гээд явдаг шүү дээ. Шинэ залуу үеийн төлөөлөл түрүүлчихсэн байхад бусад нь нулимаад байгаа нь харамсалтай л байна. Ер нь шинэ үеийн шүлэг яруу найргийн өнгө аяс ямархуу байгаа нь энэ жилийн “Болор цом”-ын эзний шүлгээс харагдаж байгаа биз ээ.