Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Энхболд: Хонконг шүүгчид монголчууд их өвөрмөц төрхтэй, өндөр юм гэсэн

Ю.НЯМГЭРЭЛ

Монголчуудын нүүр царай болсон сайхан залуусын нэг загвар өмсөгч Э.Энхболд энэ жил уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Түүний хувьд  Хонгконгт болсон ес дэх удаагийн “International Fashion Super Model” тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа оролцож гран при шагнал хүртсэн амжилттай ирсэн. Тэгвэл өчигдөр түүнийг Монголын залуучуудын холбооноос хүлээн авч “Тэргүүний залуу” цол тэмдгээр шагнав. Түүнийг шагналаа гардах үеэр цөөн хором ярилцсанаа хүргэе.

 -Таны хувьд өнөө жил шоу, тэмцээнд өөрийгөө сорьсон, тэр хэрээрээ амжилт ялалт ихтэй байлаа. “International Fashion Super Model” өмнө нь оролцож байсан тэмцээнүүдээс юугаараа онцлог байв?
-2008 оноос моделийнхоо карьерыг эхлүүлсэн. Түүнээс хойш жилд 2-3 томоохон арга хэмжээнд оролцдог болсон. Мөн 2-3 том шагнал ч авсан. Миний хувьд урлаг судлалын академийн бакалавр, бизнесийн бакалавр гэсэн хос мэргэжилтэй. Хажуугаар нь өөрийнхөө хоббиг мэргэжил болгоод явж байна. Багаасаа хийж үзэх юмсан гэж бодож байсан мөрөөдлөө биелүүлж яваа маань энэ.
Харин дээрх тэмцээний хувьд анх удаагаа оролцсон. Намайг “Яг түүн шиг” шоунд оролцож байх үеэр тус тэмцээний зохион байгуулагчид манай томоохон агентлагуудад нэг эрэгтэй, хоёр эмэгтэй модель оролцуулах санал тавьсан юм билээ. Манай агентлагууд олон моделийн танилцуулга, зураг явуулсан гэсэн. Харин эрэгтэй модельд нь миний бие шалгарч, эмэгтэй  модельд Буджаргал, Балжидмаа нар шалгарсан. Тэмцээнд оролцохоор болсондоо дотроо маш их баярлаж байсан ч түрүүлнэ гэж бодоогүй шүү. Өмнө нь Азийн олон тэмцээнд явж байсан. Азиуд модель гэхээр туранхай жижиг залуучууд, бүсгүйчүүдийг сонирхдог. Яг л ингэж сонголт хийх байх гэж бодсон. Харин энэ жилийн сонголт өөр байлаа. Монгол моделиуд дэлхийд танигдаж эхэлж байна.

-Таны хувьд энэ тэмцээнд гран при шагналаас гадна хоёр ч номинацын эзэн болсон гэсэн. Хоёр эмэгтэй моделийн хувьд ч гэсэн амжилттай оролцоод ирсэн юм билээ. Шүүгчдийн зүгээс монгол моделиудад ямар үнэлэмжийг өгсөн бол?
-Бид гурав нийтдээ зургаан шагнал авсан. Миний хувьд гран при шагналаас гадна “Сошиал сүлжээн дэх хамгийн их саналтай загвар өмсөгч”, “Шилдэг зураг авалт”-ын төрөлд тэргүүн байр эзэлсэн.  Харин эмэгтэй загвар өмсөгчдийн хувьд Буджаргал “1st runner up” буюу тэргүүн байр, Балжидмаа “2nd runner up” буюу дэд байр, “Сошиал сүлжээн дэх хамгийн их саналтай загвар өмсөгч”-өөр шалгарсан. Харин Хонконг шүүгч, захирлууд хэлэхдээ монголчууд их өвөрмөц дүр төрхтэй, өндөр юм гээд Балжидмааг цэвэр Ази, Буджаргалыг Европдуу, харин намайг Монгол ч гэсэн Солонгосжуу төрхтэй юм байна гэж хэлсэн. Энэ удаа шүүгчид модель, урлагийн салбараасаа гадна мэдлэг, мэргэжил, боловсрол талаас нь их харсан.

-Хөдөлмөрийн үр шим хэзээ нэгэн цагт ирдэг. Таны хувьд энэ тэмцээнд тэргүүн байр эзэлснээр олон боломж нээгдсэн талаар сонссон. Тухайлбал, кинонд тоглох санал авсан талаараа сонирхуулаач?
-SMI movie гэдэг Хонконг, Хятадын хамтарсан кино компанитай хамтран ажиллаж 2-3 кинонд тоглох гэрээ хийсэн. Эхний киноны зураг авалт арванхоёрдугаар сарын сүүл нэгдүгээр сарын эхээр эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон компанийн захирлууд Монголын энтертаймент зах зээлийг маш их сонирхож буйгаа хэлсэн. Арваннэгдүгээр сарын эхээр тэд надтай уулзах тов гаргасан байгаа.

-Таны гол дүрд нь тоглосон дэлгэцийн бүтээл үзэгчдэд хүрч эхэлсэн. Загварын тайзнаас дэлгэцийн урлагт хүч үзэх хэр байв?
-“Хас урлан” болон “Шүүдэр” продакшны хамтарсан бүтээл болох “Галзуу зугаалга” гээд сонирхолтой залуучуудын сэдэвтэй кинонд уригдан тоглосон. Өмнө нь надад кинонд тоглоа саналууд ирдэг байсан л даа. Харамсалтай нь, тоглох цаг зав нь гарч байгаагүй.  Харин энэ удаад Өлзийхүү эгчтэй уулзаж ярилцаад кинонд нь оролцохоор болсон. Маш сонирхолтой, онцлог дүр бүтээсэн. Киног маань үзсэн үзэгчид надад жаахан муу болоод байгаа. Жаахан онцгүй дүрд тоглосон болохоор тэр л дээ. Харин миний хувьд эсрэгээрээ маш их баяртай байна. Билгүүний дүрийг гайгүй гаргаж чадсан юм болов уу гэх бодол төрсөн.  Харин үзсэн найзууд маань чамайг найзуудын хурлаар авч хэлэлцэнэ. Чи жаахан эвгүй нөхөр юм биш үү гэсэн.

-Эсрэг дүр жүжигчнийг ямагт эвдэж байдгаас гадна ур чадвар шаарддаг. Энэ хэрээрээ авьяас чадвараа хөгжүүлэх, өөрийгөө өөр хэв маягаар илэрхийлэх боломжийг өгдөг юм шиг. Танд дахин кинонд тоглох санал тавьбал ямар дүр бүтээе гэж бодож байна вэ?
-Анх продюсер, найруулагч нар “Энэ дүрийг мэргэжлийн жүжигчид л хүсдэг юм  шүү. Маш олон зан аашийг гаргадаг. Хувь хүнээс их ур чадвар шаардана” гэж хэлж байсан. Гэхдээ киноны зураг авалтаа амжилттай дуусгасан. Харин үзэхэд гоё сонирхолтой санагдсан шүү. Хүмүүс хүлээж авахдаа жаахан сөрөг хандлагаар хүлээж авч байгааг киноны пэйжээс ажигласан. Дараагийн кинондоо эерэг дүр бүтээхийг хүсч байна.

-Камерны өмнө жүжиглэх, моделийн хувьд камерны өмнө зураг авхуулах хоёр тэс ондоо л доо. Гэвч алинаас нь ч үзэгчид таныг л харах учраас муу байж болохгүй шүү дээ. Киноны зураг авалтын үеэр хэцүү зүйлүүд хэр гарч байв?
-Зураг авалтын хувьд маш хүнд байсан. 20-30 хоногийн турш натурт зураг авалт хийгдсэн. Зураг авалтын обьект байгаль болон хүн амьдрах боломжгүй балгас байсан. Тиймээс тоос шороо ихтэй. Тэр байр өмнө нь цэргийн зориулалттай байсан болохоор тэсэрч дэлбэрэх аюултай. Мөн химийн бодис маш их байсан. Тиймээс зураг авалтын аюулгүй байдлыг маш өндөр түвшинд хангах хэрэгтэй болсон. Мөн өөр өөр дүрд хувирах гээд миний хувьд хүнд байсан.

 -Ойрд V.R хамтлаг ямар уран бүтээл хийж байна вэ?
-Хамтлаг маань дараагийн төлөвлөсөн уран бүтээлдээ ороод явж байгаа. Харин  бид бүгд завгүй ажилтай байдаг учраас уран бүтээл рүүгээ тэр болгон орж чадахгүй байна. Тэгсэн ч төлөвлөсөн уран бүтээлээ хийж байгаа. Хүлээж буй хүмүүстээ хандаж хэлэхэд тун удахгүй шинэ уран бүтээлээр уулзана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан