Б.БИЛГҮҮН
“Саусгоби Ресурс Лимитед” (SouthGobi Resourсes Ltd) компанийн Монгол дахь “Саусгоби сэндс” (SouthGobi Sands LLC) компани нь Өмнөговь аймгийн Гурван тэс суман дахь “Овоот толгой” нүүрсний ил уурхайд олборлолт хийж, Сүмбэрийн, Заг сүүж, Цагаан толгойн гэсэн хэрэгжүүлэх шатанд байгаа гурван ордыг эзэмшдэг. Харин “Овоот толгой” ордод олборлолт явуулж байхдаа 2011 онд хоёр удаагийн үйлдлээр зуу гаруй тэрбум төгрөгийн орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон байдаг.
Энэ хэрэгт тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла болон тус компанийн Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Филлипин улсын иргэн Хиларион В.Кажуком, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг холбогдуулан шалгасан юм. Шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд Жастин Капла 90.02 тэрбум төгрөгт ногдох 17.4 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний, Санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нар бүлэглэн мөн 17 орчим тэрбум төгрөгийг тус, тус татварт төлөхөөс зайлсхийсэн. Нийтдээ 35 тэрбум төгрөгийг татвараас нуун дарагдуулсан хэрэгт Эрүүгийн гурван зүйл ангиар буруутгагдан 5.6-5.10 жилийн хорих ял авсан байдаг. Гэхдээ тэдэнд Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн тул иргэний хариуцагчаар оролцсон “Саусгоби сэндс” компани улсад учруулсан 35.2 тэрбум төгрөг төлөх ялтай үлдсэн юм. Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн 131 дугаар шийтгэх тогтоолд “…иргэний хариуцагч “Саусгоби сэндс” компаниас 35.252.394.670 төгрөгийг гаргуулж улсын орлогод (Сангийн яам)-нд оруулсугай” гэсэн нь одоог хүртэл хүчин төгөлдөр шийдвэр юм.
Харин тус компани төлбөр төлөх гурван янзын хувилбар гаргаж, өнгөрсөн оны сүүлээр Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт хүсэлт хүргүүлсэн байдаг. Түүнийг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Сангийн сайд Б.Болорт судлаад танилцуул гэх утгатай асуудал болгоод уламжилсан байдаг юм.
Харин Сангийн сайд Б.Болор гуравдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “SouthGobi Sands” компанийн өр төлбөрийн асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Ингээд улсын төсөвт төлөх төлбөрөөс бэлнээр төлөхөөр санал болгож байгаа дүн (15 тэрбум төгрөг)-г зөвшөөрч, үлдсэн хэсгийн төлбөрийн барагдуулах хуваарийг судлан үзэж, боломжит хувилбарын талаарх санал, шаардлагатай гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгасан шийдвэр гарсан юм.
Тэгвэл, өчигдөр Шүүхийн шийдвэрийг үндэслэн “SouthGobi Sands” компанийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс улсын төсөвт 35.2 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “SouthGobi Sands” компанид ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7.5 тэрбум төгрөг төлөхөөр болоо.
Харин үлдэгдэл 20.3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Тавантолгой” компанид даалгахаар шийдвэрлэсан байна.
“SouthGobi Sands” нь Тавантолгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компаниас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна.
“SouthGobi Sands” компани нь нэг дор 35.2 тэрбум төгрөгийг манай улсад төлж чадахгүй, хэрэв бөөнөөр нь өгвөл дампуурах эрсдэлтэй гэж үзсэн тул хэд, хэдэн хувилбар санал болгож байсан юм. Харин Засгийн газар дээрх шийдвэрийг гаргаснаар улс хохирохгүй шүүхээс ногдуулсан төлбөрийг бүрэн хэмжээгээр авахын зэрэгцээ тухайн компанийн үйл ажиллагааг ч зогсоохгүйгээр өр төлбөрийг эцэслэх боломж бүрдэж байгаа гэж мэдэгдсэн юм.