Манай улс хамгийн сүүлд “Лимбийг битүү амьсгаагаар хөгжимдөх” аргыг ЮНЕСКО-д “дэлхийн соёлын өв”-өөр бүртгүүлсэн билээ. Энэ тухай соёлын өвийн төвийн захирал Г.Энхбаттай ярилцлаа.
-Сайн байна уу? Манай уншигчдад “Соёлын өвийн төв”-ийн талаар мэдээлэл өгөөч?
-БСШУЯ-ны харьяа түүх дурсгалын зүйл соёлын өвийг сэргээн засварлах мэргэжлийн ганц байгууллага. Сэргээн засварлах хэлтэс, Биет өвийг хамгаалах хэлтэс, Биет бус өвийг хамгаалах хэлтэстэй. Монгол улсын бүх аймаг сумдын музей, ЗДТГ-уудтай хамтарч ажилладаг. Соёлын өвийг хамгаалах хуульд тухайн газар нутагт байгаа түүх, соёлын дурсгалыг ЗДТГ хамгаалах үүрэгтэй байдаг. Үүний зэрэгцээ архелоги, палентелогийн малталт, судалгаа хийдэг хүрээлэнгүүдтэй хамтарч ажилладаг. Сүүлийн жилүүдэд архелогийн малталтаас нэлээд их хэмжээний олдвор олдсон. Тэдний дийлэнх нь манай төвд ирж сэргээгдэхээр хүлээгдэж байна.
-Соёлын өв гэж юу юм бэ? Соёлын өвийг хамгаалах ажлыг хэрхэн явуулдаг юм бэ?
-Хүний гараар бүтээгдсэн түүх, соёл урлаг, шинжлэх ухааны ач холбогдолтой дурсгалуудыг соёлын өв гэж нэрлэж болно. Соёлын өвийг биет болон, биет бус өв гэж ангилж үздэг. Биет өв маань дотроо хөдлөх дурсгал буюу музейн үзмэр, сүм хийдэд хадгалагдаж байгаа бурхан шүтээн, эд өлгийн зүйлс болон хувь хүнд хадгалагдаж байгаа бусад зүйлс. Үл хөдлөх дурсгал гэдэгт булш хэрэгсүүр, хадны зураг, эртний хотын туурь, сүм хийдүүд гэх мэт дурсгал багтдаг. Бид биет өвийг нь бүртгэх, сэргээн засварлах, хадгалах зэргээр хамгаалж байгаа бол биет бус өвийгөвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн соёлын өвд бүртгүүлэх гэх мэтээр дархалж, хамгаалж байна.
-Сэргээн засварлах ажлын талаар яриач. Манай мэргэжилтнүүд хэр хүрэлцээтэй, ур чадвар ямар түвшинд байдаг вэ?
-Сэргээн засварлах хэлтэс жилд 150-200 орчим музейн үзмэрийг сэргээн засварладаг. Үзмэрүүд музейд ирэхээс өмнө хэрэглээнд ашиглагдаж байсны хувьд тодорхой хэмжээгээр эвдэрч, гэмтсэн байдаг. Тиймээс удаан хадгалж хамгаалахын тул эд материалын шинж чанараар дагнан мэргэшсэн сэргээн засварлагчид ажиллаж байдаг юм. Яамнаас бидний тавьсан хүсэлтийн дагуу шаардлагатай тоног төхөөрөмж, бодис, хэрэглэгдэхүүнээр шат дараатай хангаж байгаа. Ирэх жилээс зориулалтын байр лаборатори баригдаж эхэлнэ. Боловсон хүчинг бэлтгэх ажлыг гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч зохион байгуулж байна. Жишээлбэл 2008 онд ихээхэн хэмжээний гал түймэр гарч зарим уран зургууд тортгонд бохирдсон, шатаж устсан. Эдгээрийг сэргээн засварлахын тулд АНУ-аас зөвхөн шатсан уран зураг сэргээдэг төхөөрөмж оруулж ирж байна. Үүнийг ажлуулах мэргэжилтнүүд АНУ-д 1-2 жилийн хугацаатай суралцаж ирээд удахгүй ажилдаа орох гэж байна. Мөн Японы мэргэжилтнүүдтэй хамтраад хөшөө чулууг яагаад гэмтсэнийг тодорхойлох ажлыг хийж сэргээн засварлах технологийн судалгаа явуулж байна. Энэ ажилд Хэнтий аймгийн Рашаан хадны дурсгал, Сэрвэн хаалганы дурсгалууд хамрагдаж байгаа.
-Биет соёлын өвийг хил давуулан хулгайгаар их гаргаж байна, хамгаалалт муу байна гэсэн шүүмжлэл байдаг. Үүний хариуд та бүхэн ямар ажил хийж байна вэ?
-Хил гааль дээр судар, шашны эд зүйлс олноор хураагдлаа гэсэн мэдээг сонсоод иргэд улсын музейгээс алдчихаж гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ тэдгээр нь ямар нэгэн түүх, шинжлэх ухааны ач холбогдолгүй нийтийн дунд түгээмэл байдаг боловч хилээр авч гарах боломжгүй зүйлс байдаг юм. 2007, 2008 оноос хойш улс, аймгийн музейгээс бурхан алдагдах тохиолдол үндсэндээ үгүй болсон гэж хэлж болно. Биет өвийг хамгаалах хамгийн эхний ажил нь тухайн дурсгалын дүрслэл тэмдэглэгээг тодорхойлж, байршилыг тогтоогоод дугаар олгодог. Ингэснээр, хууль бусаар хил давсан дурсгалт эд зүйлийг интерфолоор эрэн сурвалжлах эрх нь нээлттэй болдог юм. Хоёрдугаарт бүртгэгдсэн бүх бүртгэлийг тухайн аймаг, сумын ЗДТГ-т өгч тагнуулын болон цагдаагийн давхар хяналтанд оруулсан байдаг. Сүүлийн үеийн ажил гэвэл өнгөрсөн 4дүгээр сард Монголын музейн үзмэрүүдийн электрон каталоги хийж вэб сайтанд байршуулсан байгаа. Ингэснээр цагдаагийн байгууллага болон хил, гаалийн байгууллагтай шууд хамтран ажиллах суваг нээгдэж байгаа юм. Энэ 8 сард бол улс аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллого болно. Энэ тооллогын үр дүнд сүүлийн 20 орчим жил хийгдээгүй байгаа том ажил хийгдэнэ. Энэ бол үзмэрийн бүртгэлийн шинэчилсэн үнийг тогтоох юм. Өмнө бол социализмын үеийн үнэ ханшийг хэд дахин нэмээд ч одоогийн зах зээлийн үнэнд хүрдэггүй байсан. Мөн хувь хүн, сүм хийд, байгууллагуудад байгаа эд, өлгийн зүйлсийг бүртгэх ажил бас давхар явагдаж байна. Иргэд маань өөрсдөө энэ тал дээр санаачлагатай байхыг хүсч байна. Учир нь иргэд байгууллагууд хуулийнхаа дагуу өөрсдийн хүсэлтээр бүртгүүлэх ёстой. Үүний дараа л Монгол улс иргэнийхээ өмчийг хамгаалах эрхтэй болдог юм шүү дээ.
-Гадаадын улс орнуудад музейн үзмэрүүдийн зөвхөн хуулбарыг дэлгэн үзүүлдэг гэсэн. Энэ туршлагыг монголд ашиглах боломжтой болов уу?
-Энэ технологийг манайд хэрэглээд эхэлчихсэн байгаа. Говь-Алтай, Завхан аймгийн музейд тодорхой тооны үзмэрүүд дээр туршилтын журмаар хуулбар ашигласан тохиолдол бий. Манай соёлын өвийг хамгаалах хуульд ч гэсэн музейн үзмэрийг хамгаалах зорилгоор болон бэлэг дурсгалын зориулалтаар хуулбар хийх Засгийн газрын тогтоолоор баталгаажсан журам байдаг. Цаашдаа энэ талаар манай соёлын өвийн төв болон яамны зүгээс бодож төлөвлөсөн зүйл байгаа.
-Биет бус соёлын өвийг хамгаалахаар ямар, ямар ажил хийж байна?
-Өнөөдөр дэлхийн биет бус соёлын өвд Монгол Улс найман соёлын өв бүртгүүлээд байна. Биет бус соёлын өвийг тухайн улсын төлөөллийн өв, яаралтай хамгаалах өв гэж ЮНЕСКО бүртгэдэг. Уртын дуу, морин хуур, монгол наадам маань төлөөллийн өвд бүртгэгдсэн. Харин яаралтай хамгаалах өвд хамгийн сүүлд бүртгэгдсэн лимбэний битүү амьсгаа, тууль, цуур, бие биелгээ маань орсон.Биет бус өвийг хамгаалахаар уртын дуу, морин хуур, хөөмэй, тууль гэж төрөлжсөн дөрвөн хөтөлбөр өнөөдөр хэрэгжиж байна. Үүнтэй хобоотойгоор Манай төвөөс өв тус бүрийг хэрхэн хамгаалахад чиглэсэн үндэсний хөтөлбөр боловсруулж байна. Энэ хөтөлбөрийн онцлог нь өв соёлыг сурвалж бүс нутагт нь нутагшуулан хөгжүүлэх юм. Өмнө нь тогтоол захирамж гарахад 21 аймгийг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан бол одоо баруун аймгийн соёлыг баруун аймагт нь өвлүүлэн хөгжүүлэх бодлого баримталж байна.
-Удахгүй улсын баяр наадам болох гэж байна. Жуулчид ихээр ирдэг цаг. Танай байгууллагаас наадмын үеэр ямар нэгэн соёлын арга хэмжээ зохион байгуулах уу?
-Өнгөрсөн жил баяр наадамд зориулж “монгол гэрийг сурталчлах өдөр”-ийг зохион байгуулж байсан. Энэ жил мөн ижил төрлийн арга хэмжээг наадмын үеэр зохион байгуулах байх. Өнөөдрийн байдлаар төлөвлөсөн ажил байхгүй. Харин Монгол хөөмэйг сурталчлах арга хэмжээг долдугаар сарын 7-нд Ховд аймагт зохион байгуулахаар болсон.
-Мэргэжлийн хүний хувьд хамгаалах нэн шаардлагатай байгаа соёлын өв юу байна? Дэлхийд найман биет бус өв бүртгүүлсэн гэдэг нь таны хувьд хэр хангалттай тоо вэ?
-ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхэд маш олон шалгууртай. Энд бид хүсэлт гаргахад үүнийг дэлхийн өв гэж үзэх үү? үгүй юу гэдгийг цаана нь маш олон орны шинжээчид судалж шийддэг. Найман өв гэдэг бол харьцангуй дээгүүрт орох тоо. Гэхдээ бид илүү олон өвийг бүртгүүлэхийг хичээж байна. Одоогийн байдлаар бид 14 өв бүртгүүлэх санал илгээсэн байгаа. ЮНЕСКО хэрхэн хүлээн авч шийдэхийг нь мэдэхгүй. Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд эхлээд бүртгэгдэх боломжтой үндэсний өвийн жагсаалтыг гаргах ёстой байдаг. Яамнаас энэ ажлыг зохион байгуулж 16 өвийг жагсаагаад бйана. Бид зээр олноор нутагшсан Мэнэнгийн талаа, үлэг гүрвэлийн яс ихээр олддог говийн их дархан цаазат газруудыг“байгалийн өв”-д, хамгийн эртний чулуун зэвсэг олдсон Баянхонгор аймгийн Цэнхэрийн цагаан агуй, Зүүн монголын хүн чулуузэргийгээ “соёлын өв”-д бүртгүүлмээр байна гэх жишээтэй.
Ярилцлаг өгсөнд баярлалаа.