Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Отгонжаргал: Монгол хүний хэв маяг, донжийг тодорхойлсон загвар гаргамаар байна

Э.ГАНЦЭЦЭГ

“O Couture” загварын салоны үүсгэн байгуулагч, дизайнер Д.Отгонжаргалтай уран бүтээл, хувцас загварын талаар ярилцлаа. Тэрээр өөрийн урласан даашинзаа нэг тэрбум төгрөгөөр үнэлж олон хүнийг гайхшруулж байсан юм.

-Сар шинийн баярын өмнө үндэсний хувцасны шинэ загваруудаа толилуулсан. Харин одоо ямар загвар дээр ажиллаж буй нь манай уншигчдад сонин байгаа болов уу?
-Энэ хугацаанд зүгээр суусангүй. Шинэ бүтээл дээр ажиллаж байна. Гэхдээ одоохондоо нууц хэвээр үлдээе. Олон жилийн өмнөөс бодож, төлөвлөсөн зүйлсээ ажил хэрэг болгож байгаадаа баяртай байгаа. Тун удахгүй ямар ажил эхлүүлснээ тайлагнах болно.

-Таныг “кутюур” чиглэлээр дагнан ажилладгийг загвар сонирхогчид андахгүй. Гэхдээ энэ үгийн утга учрыг мэдэхгүй хүмүүс ч бий. Тэдэнд хандаж  “кутюур” гэж юуг хэлээд байгааг тайлбарлаж өгөхгүй юу?
-Гараар урлах урлаг гэж ойлгож болно. Энэ чиглэл хоёр төрөлд хуваагддаг. Нэг нь цор ганц бүтээл гаргах, нөгөө нь арай олон ширхэгээр үйлдвэрлэх. Миний хийдэг чиглэл бол цор ганц, дахин давтагдашгүй, тухайн загвараас нэгийг л урлах юм.Миний хувьд бэлэн хувцасны зах зээлд энэ чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна. Гэхдээ бүр их олноор биш, нэг загвараас 1-5 ширхэг байхаар тооцоолсон.

-Хэдийгээр загварууд тань масст зориулагдах ч гэлээ Д.Отгонжаргал гэх дизайнерын онцлог шингэсэн байна байх?
-Мэдээж тэгнэ. Отгонжаргалын онцлогийг харуулсан дахин давтагдашгүй, чимхлүүр ажиллагаа орсон, хээ хуар, гар чимэглэлүүдийг шигтгэж өгнө. Хамгийн хямд, боломжийн үнийг үйлчлүүлэгчдээ санал болгохоор ажиллаж байна.

-Өөрийнхөө загварын онцлогийг тодорхойлооч гэвэл та юу гэхсэн бол?
-Дизайнер бүр өөр өөрийн онцлог, чиг шугамтай. Футурист, эсвэл бүр энгийн хөг аястай, минималист ч гэх юмуу.  Миний загварын онцлог гэвэл эмэгтэй хүн бүрт таалагдахаар тансаг, түүндээ гар ажиллагаа түлхүү тусгаж өгдөг. Би эмэгтэй хүнд хайртай, эмэгтэй хүнийг илүү гоё болгох, гоёж гангалах хүсэл эрмэлзлэл, дэгжин төрхийг харуулахыг зорьдог. Энэ нь ч надад сонирхолтой байдаг. Эмэгтэйлэг төрхийг нь тодотгосон хувцас хийх илүү дуртай. Романтик стилийг өдөр тутмын, үндэсний, үдшийн гоёлын даашинзанд шингээхийг зорьдог.

-Ингэхэд “кутюур” чиглэлээр ажиллаад хэр удаж байна вэ. Яагаад энэ чиглэлээр ажиллах болов?
-Энэ чиглэл ажиллагаа ихтэй, хэрийн тэвчээр муутай, залхуу хүн оролдоод байхааргүй. Цаг хугацаа, тэсвэр тэвчээр, сэтгэл зүтгэл шаарддаг төрөл. Оюутан байхаасаа гар чимэглэлд дурлаж, ажиллаж ирсэн. Хэдийгээр орчин үед технологи хөгжиж, гар ажиллагааг хялбаршуулж байгаа ч бидний хувьд яг л гараараа ширхэг бүрээр нь оёж тогтоодог. Хүмүүс үүнийг ойлгоосой гэж боддог.

-“Загварын ертөнц” киног үзээгүй хүн байхгүй л болов уу. Тиймдээ ч загварынхныг тэр киногоор төсөөлдөг нь олонтай. Үнэхээр кинон дээр гардаг шиг өрсөлдөөн манай загварынханд бий юу?
-Мэдэхгүй ертөнц болохоор тэгж ойлгодог байж магадгүй. Оюутан байхдаа би ч гэсэн тэр киног үзэж байсан. Яахав тэр кинонд загвар өмсөгчид хоорондоо маш их өрсөлддөг. Гэхдээ өрсөлдөөнгүй салбар гэж хаана ч байхгүй шүү дээ. Өрсөлдөөнтэй байж л аливаа салбар хөгжинө. Мэдээж өрсөлдөөн байдаг л байлгүй. Гэхдээ, хоорондоо нэг их өрсөлдөөд байгаа зүйл манайханд ажиглагддаггүй.

-Энэ жилийн “O Couture” шоуныхаа үеэр та өөрийн урласан  нэг тэрбумын үнэтэй даашинзаа танилцуулсан нь багагүй шуугиан дэгдээсэн. Тухайн үед дутуу дулимаг зүйл бий гэж байсан. Одоо урлаад дуусчихсан уу?
-Дууссан. Энэ талаар ярьж, сенсаацлахыг хүсэхгүй байна. Хүмүүс буруу, зөрүүгээр ойлгож, ярьж байна. Уг нь, өөрийн бие даасан шоугаараа дамжуулаад загвар бол урлаг гэдгийг харуулахыг хүссэн. Миний загварын шоунд гол хоёр даашинзны маань нэг нь тэр байсан. Загвар өмсөгч, топ модель Урнаа өмсч амьдруулсан. Бид даашинзаа нэг тэрбумаар үнэлсэн. Яагаад ингэж үнэлсэн бэ гэхээр тэрхүү даашинз битүү сувдан бөгөөд “Swarovski” шигтгээтэй, голд нь 3.6 кратын, 400 мянган ам.долларын үнэтэй очир алмазыг шигтгэж өгсөн. Тэгээд дээрээс нь тэр бүх сувд, очир алмазыг гараар шигтгэж хийсэн юм.

-Таны сар шинийн өмнө гаргасан үндэсний хувцасны коллекц их таалагдсан. Баяраар ч, энгийн үед ч өмсч болохоор. Бас жүжигчин Б.Цэцэгийг моделиороо сонгосон нь нүдээ олсон санагдсан?
-Тийм үү. Баярлалаа. Гэхдээ хүмүүс маш их шүүмжилж хүлээж авсан. Өнгөрсөн хугацаанд чамлахааргүй тооны загвар, коллекц гаргасан байна. Энэ удаад хүмүүсээс залуу, туранхай хүнийг загвар өмсөгчөөр сонгохгүй яасан юм бэ гэх шүүмжлэл хүртсэн. Өмнө нь туранхай, залуу охидуудад зориулж өчнөөн тооны хувцас хийсэн. Цаашид ч хийнэ.  Жүжигчин Б.Цэцэгийг моделиороо сонгосон нь дизайнерын зоригтой шийдэл байсан юм.
Хүмүүс загвар мэддэг юм шиг харагдах гэдэг юм уу зөвлөгөө, шүүмжлэл их ирүүлсэн. Гэхдээ энэ чинь миний л санаа. Загвар өмсөгчдийн биед тааруулж өчнөөн л хувцас урладаг шүү дээ. Хэдийгээр загварын тайзан дээр гоё харагддаг ч амьдрал дээр энгийн хэрэглээний хувцас болоод ирэхээр нийцдэггүй. Анхнаасаа сар шинийн коллекцоо масст зориулсан болохоор моделийн сонголт маань нүдээ олсон, зорилгодоо хүрсэн. Ер нь монголчууд их хэцүү. Хийж бүтээж яваа нэгэндээ халгаатай. Миний хэлэх, харуулах  гэсэн санаа биеллээ олсон. Өнөөгийн дүр төрх болсон эмэгтэйг моделиороо сонгосондоо баяртай байгаа. Хүмүүс яаж хүлээж авах нь надад хамаагүй.

-Та яагаад “Гоёл” наадамд оролцдоггүй юм бэ. Уг нь, Монголын загварын хамгийн том наадам шүү дээ?
-“Гоёл” наадамд оролцоогүй олон жил болж байна. Анх 1999 онд, түүний дараа 2003 онд орсон юм байна. Ер нь “Гоёл” наадамд оролцох дэмий юм шиг санагддаг. Ингэж хэллээ гээд загварынхнаа шүүмжилж байгаа хэрэг биш. Цаг завны асуудлаас өгсүүлээд олон юм бий. Ганц тэр наадамд оролцох гэж өчнөөн мөнгө төгрөг, цаг заваа зарцуулдаг.
Шүүлтийн хувьд шударга биш гэсэн бодол төрдөг. Авах ёстой хүмүүс нь шагналаа авдаггүй. Оюутан байхдаа их ач холбогдол өгдөг байсан. Харин өөрөө биеэрээ оролцоод мэдрээд ирэхээр ач холбогдол өгөхөө больсон. Цаг зав, мөнгө үрсэн ажил гэж боддог.

-Загвар өмсөгчдийн “тоглолт”-нд дизайнеруудын хөдөлмөр дарагдаад байх шиг санагддаг. Гадны шоунуудыг харахаар загвар өмсөгчид нь ижил алхаа гишгээ, нүүр будалттай, зөвхөн дизайнерын бүтээлд анхаарлаа хандуулсан байдаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Ийм байсан уу гэвэл, байсан. Дизайнерууд биш загвар өмсөгчид голлох байр суурьтай байсан нь үнэн. Энэ хэв маяг, өнгө аяс өөрчлөгдөж байгаа. Дизайнерууд өөрийн гэсэн бизнестэй болж, нийгэмд тодорхой хэмжээнд уран бүтээлчийнхээ хувьд танигдаж эхэлж байна. Дизайнер ажилтай байвал моделиуд ажилтай  байна гэдэг систем рүү шилжиж байна. Моделиуд ч хүний хөдөлмөрийг үнэлж, дизайнеруудаа хүндэтгэдэг болсон.

-Таны хувьд өнгөрсөн жил шагналын хуртай байсан. Оюутан байхаасаа уралдаан, тэмцээнд оролцдог байв уу?
-Оюутан байхдаа уралдаан, тэмцээнд оролцдоггүй байсан юм билээ. Өнгөрсөн хугацаанд Нью-Йоркийн загварын долоо хоног, мөн Азийн шилдэг дизайнерууд оролцдог “Asian Fashion festival”-д оролцож Азийн шилдэг дизайнераар шалгарсан. Мөн нэлээд олон фестивальд оролцож шагнал хүртсэн.

-Ер нь, загварын долоо хоногт оролцох ямар ач холбогдолтой байдаг юм бол?
-Мэдээж, ач холбогдолтой байлгүй яахав. Бизнес талаас нь зөв харж чадвал ашигтай. Манай загварын ертөнц залуу байна. Дэлхийн загварын ертөнцтэй харьцуулахад манайх дөнгөж л хөгжиж явна. Сууриа тавиад явж байгаа гэхэд хилсдэхгүй. Дэлхийн загварын ертөнцөд  эх орныхоо нэрийг гаргаж, өөрийн нэрийн брэндтэй болно гэдэг чухал. Үүний тулд танилын хүрээ, харилцаа холбоотой байх хэрэгтэй. “Мерседес бенз”-д оролцоход 7000 ам.доллар төлдөг. Гэтэл үүнийхээ оронд эндээ үйлдвэрлэл эрхэлж, илүү үр өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулах нь дээр санагддаг. Энэ талаар судалж үзсэн л дээ. Гэхдээ үр дүн нь тааруу санагдсан. Манайхан хийгээд л, манай дизайнерууд урлаад л байна. Гэхдээ яг дэлхийн стандартад нийцсэн хувцас хийж чадаж байна уу гэвэл, үгүй.

-Ингэхэд манай дизайнеруудад гадаад руу зах зээлээ тэлэх боломж байна уу. Зөвхөн загварын долоо хоногт оролцох зэргээр хязгаарлаж болохгүй юм шиг санагддаг?
-Байлгүй яахав. Эхлээд мэдээж дотооддоо танигдаж, монголчуудаа өөрийн урласан хувцсаар гоёхоос гадна дэлхийн загварын тайзнаа гарч, өөрийн үндэсний хэв маягийг хадгалсан “Монгол брэнд”-тэй болохыг хүсч байна. Солонгос, Япон хэв маяг гэж байдаг шүү дээ. Бид солонгос, япон хүнийг хараад шууд таньдаг. Үүнтэй адил монгол хүний хэв маяг, донжийг тодорхойлсон загвар гаргамаар байна. Тэгж байж бид дэлхийд өрсөлдөнө.

-Хэдий хэр хугацаа шаардлагатай юм шиг байна вэ?
-Хамгийн түрүүнд гадаад харилцаа маш чухал. Гэнэт гарч очоод тэсрэлт хийнэ гэж байхгүй шүү дээ. Аливаа юм шат дараалалтай болохоор одоохондоо арай болоогүй байна.

-Манай дизайнерууд яагаад бэлэн хувцас үйлдвэрлэл рүү ордоггүй юм бол?
-Манайд хэцүү шүү дээ. Үйлдвэрлэл явуулах боломж, нөхцөл тааруу. Үйлдвэрлэлийг бий болгоё гэхээр даавуу байхгүй. Даавуугаа хийе гэхэд түүхий эд нь байхгүй. Шат, шатны маш олон асуудал байна. Дотоодын бэлэн хувцас үйлдвэрлэлийн салбар сүйрчихсэн гэж болно. Ганц, хоёр компанийг эс тооцвол. Тэгээд тэр олон ажилчны цалин мөнгө гээд далайцтай бөгөөд оновчтой хөдлөхгүй бол эрсдэл их. Тиймээс манайхан орж зүрхэлдэггүй. Гэхдээ эрсдэлээс айгаад хөдлөхгүй бол энэ салбар ахихгүй. Аль болох гарц хайж,  эрэлхийлж энэ хоосон орон зайг бий болгохын төлөө ажиллаж байна.

-Дизайнертай уулзаж байгаа болохоор асуулгүй өнгөрч боломгүй нэг асуулт байна. Энэ жилийн хаврын трэнд юу байх бол.Уншигчид маань хамгийн ихээр сонирхож байгаа болов уу.
-Энэ жил өнгөний хувьд гэгээлэг, цайвар өнгө зонхилж байна. Ягаан, цэнхэр, ногоон гэсэн цэвэр тод өнгө, мөн шохойн, цэнхэрийн төрлийн өнгөнүүд моданд орж байна. Хэлбэрийн хувьд шулуун, икс, мини стиль. Ерөнхий загварын хувьд минималист буюу маш энгийн загварууд, тэгсэн мөртлөө, геометрийн элдэв хэлбэр дүрс, өнгөний хуваалт гээд маш олон хувилбар байгаа. Материалын хувьд нэг хэвийн байхаа больсон. Ерөнхийдөө биеийн өнгөн дээр ажилласан ажиллагаатай хувцас загварын талбарт түрж орж ирж байна. Торон материал ч энэ жил ноёлно. Мөн аксессуараар ерөнхий стилиэ өөрчилж болно. Цүнх, гутал, аксессуарныхаа өнгийг ижилсүүлж өнгөний тоглолт хий. Энэ жил том зүүлт, ялангуяа абстракц маягийн геометр хэлбэр дүрстэй зүүлт сонгоорой. Энэ жилийн хувьд толгойн гоёл орж ирж байгаа.
Ер нь, эмэгтэй хүнийг чамин, тансаг харагдуулах гол хүчин зүйл бол аксессуар.

-Пальтоны хувьд?
-Энэ жил доторгүй, харахад нимгэн, кашмеран пальто моданд орж байна. Мөн дотрыг нь өөр өнгөөр шийдсэн. Констракт өнгөөр албаар цухуйлгасан мэт стильтэй бол бүр дэгжин. Доторгүй юм шиг оёсон технологитой хувцас сонгохыг зөвлөе. Загварын хувьд сул, шулуун хэлбэрийн пальтонууд ноёрхож байна. Уртын хувьд өвдөгнөөс дээгүүр, доогуур гэсэн хоёр сонголттой. Өвдөгнөөс доош хоёр см-ийн англи маягийн урттай байвал хамгийн сонгодог хэлбэр гэдгийг бүсгүйчүүддээ зөвлөмөөр байна.

-Уран бүтээлч хүн хэзээ ч сэтгэл ханаж болдоггүй гэдэг. Урласан хувцсандаа 100 хувь сэтгэл ханамжтай байсан үе бий юу?
-Тийм шүү. Ингэж байж л юм хийх хүсэл оргилдог. Ер нь, ямар ч зүйлд сэтгэл ханаж үзээгүй. Бүтээл бүрийнхээ дараа ямар нэг зүйлийг нь засчихмаар санагддаг. Миний гараас гарч байгаа бүхэн хүүхэд мэндлэхтэй л адил. Жил ирэх тутам хүүхэддээ илүү хайртай болдог. Илүү л гоё юм хийх юмсан гэж боддог. Тэгж байж л энэ салбар хөгжих болов уу.

-Хүн бүр л онгодтой. Гагц уран бүтээлч хүнд илүү хүчтэй илэрдэг байж магадгүй юм. Ямар үед танаас гайхалтай санаа, бүтээл төрдөг вэ?
-Өөрийгөө шахаж, шаардах тусам сайн загвар гардаг. Би ийм зарчмаар л ажилладаг. Урсан өнгөрч байгаа цаг хугацаатай уралдаж, үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Онгод хүлээж суудаг цаг оюутан настай хамт улиран одсон. Одоо хийх тусам хурцлагдаж, хөгжиж, бүтээл хийх санаа ар араасаа төрсөөр байна.

-Таны мөрөөдөл юу вэ?
-Одоогоос жилийн өмнө “O Couture” салоноо нээсэн. Цаашид салоноо улам өргөжүүлж, олон жилийн дараа хийж бүтээсэн зүйл ихтэй байхыг хүсч байна. Монголын хувцас загварын салбар хүнд байдалтай байгаа. Маш олон эрсдэлтэй, шантрах үе ч гарна. Хүмүүс биднийг хувцсаа үнэтэй зарж, ашиг олдог гэж боддог. Үнэндээ урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг ч энэ салбартаа хайртай, дуртай учраас энэ бүгдээс илүүтэй урам зориг авч ажилладаг.

-Өөр төрлийн хувцас, магадгүй загварын дээл хийлгэе гэвэл болох уу?
-Манай салон бүх төрлийн хувцас хийдэг. Оёж, шидэж болох бүх л зүйлсийг оёно.

-Та жилд хэчнээн коллекц гаргаж байна вэ?
-“Houte Couture” чиглэлээр бүтээл хийдэг дизайнерууд, бас загварын орднууд жилдээ  хоёр удаа шоу хийж загвараа танилцуулдаг. Дэлхийн жишигт бэлэн хувцас үйлдвэрлэлийн салбарт тэргүүлж байгаа брэндүүд жилдээ хэдэн ч удаа коллекцоо танилцуулж болдог. Хавар-зун, намар-өвлийн гээд хоёр том хэмжээний шоу хийдгээс гадна миний хувьд одоогоор жилдээ нэг том шоу хийж, 4-6 коллекц дэлгэн үзүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-“Бүтээлч залуу” булангийн маань хоёр дахь зочноор оролцож ярилцсанд баярлалаа. Манай уламжлалт асуулт бий. “Бүтээлч залуу” гэж хэнийг хэлэх вэ?
-Баярлалаа. Мэдээж хийж бүтээсэн зүйлтэй. Зөвхөн өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө ч хөдөлмөрлөдөг. Хийж бүтээсэн зүйлээ ярьж бус үйлдлээрээ харуулдаг тийм хүнийг л бүтээлч хүн гэх байх даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан