Б.БААТАР
Дэлхийн кино академийн 88 дахь удаагийн Оскарын наадмын од нь яахын аргагүй шилдэг эрэгтэй жүжигчин шагналын эзэн болсон Леонардо ДиКаприо байлаа. Энэ бол түүний анхны Оскарын шагнал. Тэрээр таван удаа Оскарт нэр дэвшээд бүтэлгүйтэж байсан юм. Продюсер, кино жүжигчин, НҮБ-ын цаг уурын өөрчлөлтын хүрээлэнгийн тусгай элч зэрэг олон амбийцтай Лео “авах ёстой шагналаа энэ жил авлаа” хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж, онцолж байна. Алтан бөмбөрцөгийн эзэн болж байсан тэрээр 2004 онд анхны томоохон гэж хэлж болох шагналыг хүртэж байжээ. “Чаддаг юм бол бариарай”, “Цуст алмаз”, “Нью-Йоркийн дээрэмчин”, “Хараагдсан арал”, “Тэрсүүд үзэлтэн” гэх мэт олон уран бүтээлээр Оскар болон Алтан бөмбөрцөг наадамд шилдэг жүжигчний номинацид өрсөлдөж байв. Гэсэн хэдий ч түүнд өнөөдрийг хүртэл кино академийн зөвлөл шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг өгөхгүй байх шалтгаан үгүй нь тодорхой боллоо.
41 насандаа кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэндээ тэрээр бага зэрэг сэтгэл дундуур байгааг үгүйсгэхгүй. Учир нь түүний үеийн уран бүтээлч найз нөхөд болон бүр хожуу гарч ирсэн жүжигчид хүртэл аль хэдийнээ Оскарын шагнал авчихсан. Лео 2006, 2007 онд Кино академийнханд хандан хатуу үг хэлж байсан удаатай. Хийсэн уран бүтээл болгон нь шилдэг эрэгтэй дүр авах байсан ч түүнийг хааж, боосон гэх хардлага хэвлэлийнхний, шүүмжлэгчдийн дунд ч гарсаар ирсэн. Леонардо ДиКаприо энэ жил Оскарт нэр дэвшээд шагнал авахгүй бол дахиж Кино академийн төлөө дүр бүтээхгүй, цаашид кино урлагт ажиллах хүсэлгүй байгаа талаар найздаа ярьсан тухай мэдээлэл ч гарсан гэдэг. Түүний энэхүү яриаг бататгах нэг үйлдэл нь НҮБ-ын элч болсон явдал. Магадгүй Лео уран бүтээл хийхээс илүүтэй нийгмийн зүтгэлтэн болоход нөлөөлсөн байж болох.
“The Revenant” уран бүтээлд арьс шир бэлтгэдэг хэсэг бүлэг хүмүүсийн тухай өгүүлдэг. Леонардо индиан хүүгийн эцэг, нутгийн босуул. Энэхүү уран бүтээлд Леонардогийн хийж байгаа бүхэн байгаль дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг, байгаль дэлхийн ан амьтадтай хэрхэн харьцах тухай үйл явдал гардаг. Гэсэн ч хүүг нь хороосон хамтран зүтгэгчдийнхээ араас өш хонзон авах гэж буйг “The Revenant” харуулна.
Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг тэрээр Кино академийн зөвлөлөөс гуйж аваагүй гэдгийг харуулсан бас нэг үйлдэл хэвлэлийнхний нүдийг орой дээр нь гаргасан. Тэрээр шагналаа гардсаны дараа дунд хуруугаа санамсаргүй байдлаар гаргасан мэт үйлдэл шуугиан тариад буй. Шагнал авах үедээ баярлаж, талархаж байгаа үг хэлж байгаа ч Оскарын барималыг барьсан гараараа дунд хуруугаа гаргаж байгаа нь олон жилийн үл ойлголцолд цэг тавьж байгаа гэсэн үг хэмээн энтертайнмент шоу ертөнцийн сэтгүүлчид бичжээ.
Брайн Кранстоны “Трумбо”, Эдди Рэдмэйны “Дани охин”, Мэтт Дэмоны “Марсын хүн” болон Майкл Фассбендерийн “Стив Жобс” уран бүтээлүүдийн өрсөлдөөн дундаас Леонардо шилдэг эрэгтэй жүжигчин боллоо. Дөрвөн удаа гар хоосон гэртээ харьж байсан тэрээр шилдэг эрэгтэй жүжигчны Оскарын шагналаа НҮБ-д дурсгал болгон үлдээж магадгүй нь. Оскарын шагнал гардуулах ёслолын дараа зарим хэвлэл ингэж бичиж байсан юм. Түүнийг үүнээс ч олон жилийн өмнө авах ёстой байсан юм гэж шүтэн бишрэгчид нь илэрхийлсээр байдаг. Леонардогийн гол дүрийг нь бүтээсэн “Уоллстритийн чоно” кино хамгийн их хараал хэлсэн уран бүтээлээр тодорч байсан нь шилдэг эрэгтэй жүжигчин шагналаас түүнийг хойш татах шалтгаан байсан гэдгийг Кино академийн зарим уран бүтээлч хэлдэг. Энэ жил өрсөлдсөн “The Revenant” кинонд тэрээр дээд тал нь таван өгүүлбэр хэлсэн үү, үгүйтэй байсан нь мөн л хачирхалтай баримт болоод байна.
Леонардо 1994 онд шилдэг эрэгтэй туслах дүрд “Гилберт Грэйп” уран бүтээлээр Оскарт анх удаа нэр дэвшиж байв. Дараа нь 2005 онд “Авиатор” буюу нисгэгч эрийн талаар өгүүлсэн, онгоц зохион бүтээдэг уран бүтээлчийн талаар гардаг киногоор өрсөлдсөн. Мөн “Цуст алмаз” гэх мэт уран бүтээлээр хүч үзсэн удаатай.
Цаашид түүнийг уран бүтээл хийж, кинонд дүр бүтээхгүй байх гэсэн таамаг бий. Учир нь тэрээр НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн элчийн ажлаа идэвхтэй хийх бололтой. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сэтгүүлчдэд мэдээлсэн бөгөөд түүний хийх ёстой ажлын талаар ярьж байсан юм.
Лео байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний гол хүмүүсийн нэг. Өнгөрсөн жил Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн хурал дээр илтгэл тавьсан билээ. Ийн илтгэл тавьсаныг нь Оскарын шагналтай нь холбоотой гэж кино шүүмжлэгчид хэлж байна. Гэхдээ энэ жилийн хувьд түүнтэй өрсөлдөх хэмжээний сайн уран бүтээл байхгүй байсан учраас шилдэг эрэгтэй жүжигчин авсан гэх мэдээллэл гарсан юм. Үнэн хэрэгтээ 88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын зургаан төрлийг өөрийн болгосон “Галзуу Макс”-ын гол дүрийг бүтээсэн Том Хардэйг хүчтэй өрсөлдөгч байсныг шүүмжлэгчид хэлж буй.
Леонардогийн хувьд ганцхан уран бүтээл дээр ажиллана, ажиллахыг хүсч байгаагаа саяхан илэрхийлсэн. Тэрээр ЗХУ-ын удирдагч В.И.Лениний дүрийг бүтээхийг мөрөөддөг. ХБНГУ-ын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний дүрийг бүтээхийг хүсдэг. Мөн ЗХУ-ын удирдагч В.И.Лениний дүрийг бүтээх нь миний мөрөөдөл” хэмээн ярьж 2011 онд Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ В.Путинтэй үг сольж байсан билээ.
АНУ-ын зүгээс түүний үйлдлийг хорьж магадгүй гэдэг таамаг мөн бий. Өчигдөр олон нийтийн сүлжээний гол мэдээлэл Леонардогийн тухай байж, 88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын од болж гялалзлаа.