Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний соёл, өв уламжлалаа кино урлагаар дархална

Э.ГАНЦЭЦЭГ

“Монгол хүү”, “Норжмаа­гийн зам”-аас эхлэлтэй Монго­лын кино урлаг 85 жилийн түүхтэйгээ золгоод буй. Соц нийгэмд бодлоготойгоор хөгжүүлж, хөгжиж ирсэн кино урлаг 80-аад онд ид оргилж явсан гэдэг. Тиймдээ ч XX зууны хуучны монгол кинонууд хуучирдаггүй. Үүнээс хойш...
20-иод жил бор зүрхээрээ зүтгэж яваа Монголын кино урлагт төр сая л анхаарлаа хандуулав. Төслийн шатандаа яваа Киноны тухай хуулийг Соёлын яам гэж байхад 15 жилийн өмнө санаачилсан байдаг. Гэвч, олон шалтгааны улмаас өдийг хүрсэн дээрх хууль батлагдчихвал Монголын кино урлаг нэг шат ахиж, монгол кино дэлхийн зах зээлд гарах үүд хаалга нээгдэх юм.


Түүх сөхвөл

Ах, дүү Льюмер анх дэлгэцэнд хөдөлгөөнт дүрс үзүүлснээс нэг их удалгүй монголчууд кино урлагтай танилцсан байдаг. Энэ үеэс “Сүүдэрший” гэгээрүүлэх, танин мэдүүлэх, соёлыг сурталчлах үүргээ гүйцэтгэж иржээ. Учир нь, хүн амын ихэнх нь бичиг үсэггүй “Харанхуй” байсан он жилүүдэд ард олныг гэгээрүүлэх үр дүнтэй арга хөдөлгөөнт дүрсээр дамжуулан орчлон, ертөнцтэй танилцуулах байв. Тиймээс 20, 30-аад онд төрөөс кино урлагийг ихэд анхаарч үзвэрийн байгууллагыг нэмэг­дүүлэх, хөдөөд нэвтрүүлэх, гадаад киног эх хэлрүүгээ хөрвүүлэх гээд олон ажлыг хийж эхэлжээ. Ийнхүү Монголын кино урлаг өнгөрсөн нийгэмд эрчимтэй хөгжиж, 80-аад онд оргил үетэйгээ золгосон.
Ардчилалтай золгох ахуйд кино урлаг сэдэв хийгээд олон зүйлээр чөлөөлөгдөв. Энэ үед хамгийн олон кино хийгдсэн байдаг. Энэ үеэс кино урлагийн бодит үүргийг тусгасан тогтоол, шийдвэрүүд гарч эхэлсэн. Энд 1994 оны Кино урлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг дурдаж болно. Тогтоолд кино урлагийг нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх, хөдөөгийн хүн амд хүргэх ажилд төрөөс дэмжлэг үзүүлэх, баримтат кино, кино мэдээ, хүүхдэд зориулсан хүмүүжлийн ач холбогдолтой тодорхой тооны уран сайхны киног улсын хөрөнгөөр бүтээх, түүнчлэн төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан кинотеатруудын орлогын тодорхой хувиас кино бүтээлгэх, зохион байгуулалтын арга хэмжээ авна гээд цөөн боловч чухал заалтыг тусгасан байв. Өнөөг хүртэл дээрх тогтоол, холбогдох хуулиудын зүйл, заалтаар зохицуулагдаж ирсэн Монголын кино урлаг маань бие даасан хуультай болох нь. Хэрэв киноны тухай хууль батлагдвал шүү дээ. Ингээд тус хуульд ямар асуудлуудыг тусгасныг сонирхуулъя.

Дэлхийн хэмжээний кино үйлдвэртэй болно

Киноны тухай хуулийн төслийг кино урлагийн эх гарвал болсон, киноны хамгийн сайн хуультай гэгддэг Франц, мөн ОХУ-ын киноны хуулиас санаа авч, боловсруулж байгаа гэдгийг төслийн багийнхан хэлж байна. Азидаа энэ салбарт тэргүүлж, киноны зах зээлд оновчтой бодлого хэрэгжүүлж, киноны дэд бүтцийг амжилттай хэрэгжүүлж байгаа Солонгос улс ч Францын киноны хуулиас үлгэрлэсэн байдаг аж.
Хэрэв хууль батлагдвал киноны дэд бүтэц бий болж, олон улсын жишигт нийцсэн кино үйлдвэртэй болох юм. Манайхан сүүлийн жилүүдэд кино зураг авахаар хилийн чанадыг зорих болсон. Тэгвэл кино үйлдвэр байгуулагдсанаар гадагш урсах мөнгөн зардал дотоодод үлдэж, мөн манайд кино зураг авах хүсэлтэй гадны уран бүтээлчдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр манай кино зах зээл өргөжин тэлнэ. Мөн гадаад харилцаа сайжирч, кино салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Киноны үзвэрийн цэгүүдийг сэргээнэ

Манайх кино үзвэрийн жижигхэн зах, зээлтэй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 3-4 кинотеатрыг эс тооцвол олон нийтийг хамарсан, стандартын шаардлага хангасан кино үзвэрийн байгууллага байхгүй гэж болно. Тэр дундаа хөдөө орон нутагт. Дээхнэ үед улсын хэмжээнд 500 гаруй кино үзвэрийн байгууллага байсан гэх. Хотод 20 орчим кинотеатр, сумын соёлын төв бүрт кино гаргадаг байсан гэдэг. Хууль батлагдсанаар 21 аймагт кино үзвэрийн цэгийг сэргээж, цаашлаад төв, сумдыг холбосон кино сүлжээ бий болох юм. Ингэснээр  улсын хэмжээний кино ложистикийн систем бий болж, хөдөө орон нутгийнхан  нийслэлчүүдтэй зэрэг дэлхийд нээлтээ хийх киног үзээд зогсохгүй, дэлхийн шилдэг киног дуу, дүрсний өндөр чанартай үзэх юм. Түүнчлэн, төрөөс киноны мэргэжлийн холбоод, олон нийтийн болон хувийн хэвш­лийн байгууллагатай хамт­ран ажиллаж, тэдгээрт тусламж дэмжлэг үзүүлэх аж. Хамгийн сүүлд залуу найруулагч Б.Үйзэн­­маа “Баварын их сур­гуу­­лийн дээд шагнал гардуулах ёслол”-оос шинэ, шилдэг залуу найруулагч шагнал хүрт­сэн. Тэгвэл энэ мэт Олон улсын наадамд оролцож онц­гой амжилт гаргасан уран бүтээлч­дэд  мөнгөн шагнал олгохоор хуульд тусгасан байна.

Насны ангилал тогтооно

Хуулиар олон нийтэд тү­гээж үзүүлэх кинонд бүх насны үзэгчдэд зориулсан, 13 ба түүнээс дээш, 18 ба түү­нээс дээш насны хэмээн анги­лал тогтоож, өнгө болон бусад тэмдэглэгээгээр ялгаж, киноны өмнө байршуулахаар заажээ. Уг заалтыг зөрчиж, ки­ног анхааруулгагүй гаргавал иргэн, хуулийн этгээдийг мөн­­гөн дүгээр торгож, тусгай зөв­шөөрлийг хүчингүй болгох хүр­тэл арга хэмжээ авах юм байна.
Солонгос сериалын тоог цөөлөх бодлого

Хуулийн зорилт үндэснийхээ түүх соёл, байгаль ахуй амьдрал, үндэсний зан заншил, өв уламжлалыг кино урлагаар дамжуулан сурталчлах, өвлүүлэх, таниулах зорилготой. Бид арвин их түүх, асар их соёлын өвтэй. Бидний энэ их түүх, соёлыг өөрийн болгох гэж улайрах улс, орон нэгээр тогтохгүй.  Сүүлд л гэхэд “Чонон сүлд” хэмээх Хятадын зохиолч Зян Руны зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт уран сайхны кино дэлхийн кино наадмуудад Хятадын нэрийн өмнөөс оролцсон.  Хэдийгээр “Чонон сүлд” монгол хүний уг гарвал тэнгэр заяаг харуулах авч тэнд монгол хүний ур ухаан, амьдралын жинхэнэ төрх, хийц тусаагүй байлаа. Хүний хүн бидний нүдээр мянга хараад ч монгол хүний сэтгэл, сэтгэлгээгээр үл урлаж чадах гэдэг нь энэ. Өөрсдийн өнцгөөс харж, сэтгэж, монгол түүх, соёлоо олон улсад сурталчлахад төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Киноны тухай хууль батлагдвал энэ нөхцөл, боломж бүрдэх юм. Энэ нь нөгөө талаараа соёлын довтолгооноос хамгаалж буй дархлаа юм. Мөн дэлгэцээр гарах нийт киноны оргил цагийн 60 хувьд монгол кино гарсан байвал зохино хэмээн тусгасан нь, ид оргил цагт урилгаүй гэрийн хойморт залардаг Солонгос сериалын тоог цөөлж, “Хэцүү анги”, “Тусгай салаа” гээд залууст үлгэр дууриалал үзүүлэхүйц Монголын олон ангит кино нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Мөн кино үйлдвэрлэгч, үзвэрийн байгууллага ашгаа орлогын үечилсэн системээр  хуваарилна хэмээн тусгажээ. Энэ мэт кино урлагийн салбарт үгүйлэгдэж буй олон асуудлыг Киноны тухай хуульд зохицуулахаар тусгажээ. Гэхдээ хууль төслийн шатандаа. Зарим зүйл, заалт өөрчлөгдөж ч болзошгүй. Ямартай ч хууль батлагдчихвал, бор зүрхээрээ уран бүтээлээ туурвиж яваа кино уран бүтээлчид өмнөө барих хуультай болох нь. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр Холливуд хүртэл жим гаргачихаад байгаа уран бүтээлчдээ одоо л дэмжихгүй бол хэзээ дэмжих вэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан