Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Израйлийн гэрэл зурагчин Ашэр Сведински 2013 онд Баян-Өлгий аймагт аялж явахдаа Н.Айшолпан хэмээх 13 настай бүргэдчин охины зургийг авч олон нийтийн сүлжээнд түгээсэн нь олны анхаарлыг татаж улмаар тухайн жилийн хамгийн их хандалт авсан зургаар тодорч байв. Түүгээр ч зогсохгүй 13 настай Н.Айшолпан охин “BBC” тэргүүтэй барууны телевизүүдээр гарч алдар нэр нь дэлхий дахинд түгэж эхэлсэн. Улмаар Отто Белл хэмээх найруулагч охины тухай кино хийхээр болж нэг ам.долларын гэрээ хийсэн тухай уншигч та дуулсан биз. Тэгвэл “Нэг долларын гэрээ”-гээр нэлээд хэл ам дагуулаад байсан уг уран бүтээл өчигдөр үзэгчдийн хүртээл болж, албан ёсны нээлтээ хийжээ.
“Eagle huntress” буюу “Бүргэдчин охин” гэх эл уран бүтээл ийнхүү албан ёсны нээлтээ хийхээс өмнө АНУ-д болсон “Sundance” кино наадамд оролцсон юм. Өнгөрсөн долоо хоногт болсон уг наадамд Холливудын нэрт жүжигчдээс эхлээд урлагийн одод оролцож хэдэн мянганаар уламжилж ирсэн бүргэдээр ан хийлгэж ахуй амьдралаа залгуулдаг казах түмний зан заншил болоод Н.Айшолпан охинтой танилцсан байна. Кино ч олны хүртээл болсон даруйдаа барууны кино ертөнцийнхний анхаарлыг татаж нэр бүхий хүмүүс дэмжин ажиллахаар болжээ. Киног үзэж сонирхсон “Оддын дайн” кинонд дүр бүтээсэн Холливудын нэрт жүжигчин Дэйзи Ридли “Сэтгэл үнэхээр хөдөллөө. Эмэгтэй хүн, тэр дундаа ийм жаахан охин эрчүүд хийдэг ийм хүнд хүчир ажлыг төвөггүй хийж байгаа нь гайхалтай санагдлаа” хэмээгээд киноны уран бүтээлчдэд санал тавьж продюссерээр ажиллах гэрээ байгуулсан байна.
Түүнчлэн, 13 настай анчин охины тухай өгүүлэх уран бүтээлд Австралийн нэрт дуучин Сиа ч оролцохоор болж “Angels by the wings” хэмээх шинэхэн дуугаа киноны дуу болгож өчигдрөөс дэлхий даяар нээлтээ хийхэд нь анх удаа олны хүртээл болгосон байна. Ийнхүү Холливудын нэртэй одод алс бөглүү Баян-Өлгий аймагт амьдардаг бяцхан охины тухай киног дэлхий нийтэд түгээхээр гар бие оролцож эхэлжээ. Найруулагч Отто Беллийн хувьд кино нь өндөр амжилтад хүрч, эмэгтэй хүн эрчүүдийн адил бүхнийг хийж чаддагийг дэлхий нийтэд харуулна хэмээн итгэж байгаа ажээ.
Н.Айшолпан охин киноныхоо нээлтэд оролцсон бөгөөд аав ээж, гэр бүлийн хамт АНУ-д байгаа аж. Тэрээр Америкт байх хугацаандаа бүргэдээр ан хийх өв соёлоо сурталчилж яваа аж. Дашрамд сонирхуулахад, Н.Айшолпаны тухай сонссон Оклохома мужид нутагладаг байсан Команч омгийн уугуул индианчууд охинд өөрсдийн уламжлалаар нэр хайрласан байна. Төв Азиас гаралтай хэмээн үзэж, бүргэд шувууг дээдэлдэг омгийнхон Команч хэмээх омгийнхоо нэрийг Н.Айшолпанд өгсөн аж.