Б.БААТАР
“Мисс Юниверс 2015” тэмцээний гоо бүсгүйн титмийг зүүгээд алдсан Колумб улсын мисс Ариадна Гутиеррез эвгүй байдалд орсон өдрөөсөө хойш анх удаа олны өмнө гарч “usaToday”агентлагийн ярилцлагын буланд уригдан “өнөөх” Стив Харвейтэй яриа өрнүүлснийг хүргэж байна.
-Юуны өмнө манай дэлхийн бүх үзэгчид, ээжүүд, сайхан бүсгүйчүүдийн өмнөөс миний хийсэн алдааг уучилна уу хэмээн хүсч, чин сэтгэлээсээ та бүхнээс уучлалт гуйж байна. Таны нэрийг би буруу дуудсандаа туйлын харамсч байна. Одоо таныг тэр хүнд байдлаас гарсан гэдэгт итгэлтэй байна?
-Хамаагүй дээр болсон. Тухайн үед надад маш хүнд байсан. Гэхдээ намайг ямар их баярласныг та надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ бүхний ард гарч чадсандаа баяртай байгаа. Мөн намайг дэмжиж байсан бүх хүмүүст би баярлаж, талархсанаа хэлэх боломж өнөөг хүртэл гараагүй учраас “Та бүхэндээ би маш их баярлалаа” гэж хэлье. Миний ард ажиллаж байсан нүүр будагч бүсгүйчүүд, хувцас бэлдэж байсан баг, элэг нэгтнүүддээ бүгдэнд нь талархсанаа илэрхийлье.
-Би тухайн үед цаасыг цахалж хараад таны нэр байсан учраас шууд уншиж, таныг зарлахдаа баяртай байсан. Надад итгээрэй. Би санаатайгаар тийм алдаа гаргаагүй гэдгийг эр хүний хувьд танд хэлмээр байна.
-Та дугтуйтай цаасыг задалж уншиж сурах хэрэгтэй.
-Баярлалаа. Би тэр цаг мөчөөс хойш өөртэй чинь ярилцах хүсэлтэй байсаар өдийг хүрсэн гэдгээ бас хэлмээр байна. Миний хийсэн алдаа таныг, Колумб улсыг дэлхий нийтийн өмнө эвгүй байдалд оруулсныг сайн ухаарч байгаагаа хэлэх гэсэн юм. Дахиж ийм зүйл хэнд ч битгий тохиолдоосой. За ингээд гол яриандаа орьё. Анх хэдэн настай загварын ертөнцөд хөл тавьж байсан бэ?
-Би 14 настай байхдаа л өндөр нуруутай болох шинжтэй байв. Гэрийнхэн минь намайг загвар өмсүүлэх тухай энэ үеэс ярьж, би ч баяртай хүлээж авсан.
-Таны нэрийг хэн өгсөн юм бэ. Ямар утга учиртай юм бол?
-Ариадна Мария Гутиеррез. Энэ бол миний бүтэн нэр. Гутиеррез нь манай гэр бүлийн нэр. Надад өгсөн нэр нь Ариадна. Би 1993 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр төрсөн. Колумбдаа кино жүжигчин мэргэжил эзэмшсэн. Телевизийн хөтлөгчийн ажил хийдэг. Хажуугаар нь загвар өмсөх, хувцас загвар зохион бүтээх зэргээр давхар ажилладаг.
-Яагаад энэхүү “Мисс Юниверс 2015” тэмцээнд оролцох болсон юм бэ?
-Би 2014 оны Колумб улсын мисс болсон. Тэгээд улсаа төлөөлөөд энэхүү том тэмцээнд оролцох эрх авсан юм.
-Та их өндөр юм билээ. Намайг бодвол хавьгүй өндөр. Би уг нь өөрийгөө өндөр гэж боддог байсан чинь тэмцээнд оролцсон эмэгтэйчүүдийн өмнө бөхийсөн дөө. Танай гэр бүлийнхэн ер нь өндөр хүмүүс байдаг уу?
-Үгүй дээ. Би ердөө л 178 см өндөртэй. Энэ нь мисс болоход хангалттай гэж ярьдаг юм.
-Одоо та юу хийж байна вэ. Аль нэг агентлагт ажилладаг уу?
-Би оюутан. Сурч байна. Магистр хамгаалах гэж байгаа учраас хажуугаар нь давхар зүйл амжуулж л явна.
-Би таны төрсөн хот болох Колумб улсын Синсележод очиж үзэж байсан юм. Их тайван амгалан хот санагдсан. Та төрсөн хотынхоо талаар яриач?
-Би энэ хотод төрөөд долоон сартай байхдаа гэр бүлээрээ Барранкуилла руу шилжсэн. Гэхдээ төрсөн хотынхоо талаар сайн мэднэ. Гэр бүл минь Барранкуилла хотод амьдарч намайг герман хэлний сургуульд оруулсан юм.
-Бас нэг зүйл байна. Таныг сайн үйлсийн аян идэвхтэй өрнүүлдэг гэж дуулсан. Ямар төрлийн сайн үйлсийн аянд илүүтэй татагддаг вэ?
-Ихэвчлэн хүүхдүүд рүү чиглэсэн хандив цуглуулж, бэлэг сэлт өгөх, тэдний боловсролд нь тус дэм болох сургалт, ном гэх мэтээр бусдын л адил зүйл хийдэг. Мөн ахмадын асрамжийн газар хоол хүнсний зүйлээр туслалцаа үзүүлдэг төрийн бус байгууллагатай. Жаахан цаг зав шаардсан ажлын минь хэсэг. Гэхдээ сэтгэлийн юм үргэлж аз жаргал авчирдаг.
-Залуу хүн өөр сэтгэж байна гэдэг үнэхээр бахархалтай.
-Та намайг цаашлуулаад байна уу.
-Өө, үгүй дээ. Хаанаас. Би таныг дахиж гомдоох зүйл хийх талаар бодно гэж үү. Үгүй дээ. Таныг хурцалж өгсөн зүйл юу байв?
-Надад титэм өгөөд эргүүлж авсан хэсгийг та яриад байна уу.
-Яг тийм.
-Би дараагийн тэмцээнд нь улам илүү амжилттай оролцоод гаргаагүй амжилтын оргилд хүрэх болно. Энэ бол миний амлалт.
-Тэгэхээр та дараагийн тэмцээнд дахин оролцоно гэсэн үг үү?
-“Мисс Юниверс” тэмцээний журамд дахин оролцох тухай байхгүй л боловуу гэж эмээж байна. Гэхдээ өөр тэмцээн, уралдаанд улсаа төлөөлөх боломж олдоно гэдэгт итгэж, найддаг шүү.
-Филиппины мисс Алонзо Вурцбах болсон явдлын талаар юу гэж байна. Та хоёр уулзсан уу?
-Тэмцээний дараа болдог хүлээн авалт дээр уулзаж ярилцсан. Үнэхээр гайхалтай бүсгүй. Миний хайртай найзын нэг гэдгийг хэлье. Хэдийгээр тэмцээнд өрсөлдөгч ч амьдрал дээр хамгийн сайн зөвлөгөө өгөгч эрхэм хүний минь нэг байсан. Түүнд маш олон хүн санал өгснийг би мэдсэн. Тэр бол тухайн тэмцээний од нь. Ямар ч бурууг түүнд өгөх эрхгүй.
-Та намайг одоо хүртэл буруутгасаар л байна. Би уучлал гуйсан шүү дээ.
-Би таныг уучилсан гэж хэлсэн шүү дээ. Та их хөгжилтэй хүн юм аа. Алхам бүртээ хүний инээдийг хүргэх юм.
-Баярлалаа. За ямартай ч миний урилгыг хүлээн авч надтай нүүр тулан хэсэгхэн хором сонирхолтой яриа өрнүүлсэнд талархаж байна. Дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.
-Таны өмнө дахин гарч ирэх нь нэр төрийн хэрэг байлаа.