Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэгийг үгүйд, хоёрыг нэгд тооцох Хятадын хүн амын шинэ бодлого

Б.БААТАР

АНУ-ын “The daily signal” сайтын тоймч Мейдлайн Доннели БНХАУ-ын нэг хүүхдийн бодлого өөрчлөгдөж, нэг гэр бүлд хоёр хүүхэд байж болох тухай хууль батлагдсан талаар сонирхолтой нийтлэл бичсэн байна. Энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна.

БНХАУ-ын эрх баригчид “нэг хүүхдийн бодлого” гэсэн нэр томьёог өөрчилж, 21 дүгээр зуунд түүхэн өөрчлөлт хийлээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хятадын Коммунист намын зүгээс нэг гэр бүлд хоёр хүүхэд байх зөвшөөрөл олгосон нь зөвхөн хятадуудыг биш дэлхийн өнцөг булан бүрт байгаа энэхүү бодлогын эсрэг зогсч чадсан хүн бүрийн  хувьд баярт үйл явдал болж байна. Намын зүгээс хоёр хүүхэдтэй болж болно гэсэн хууль баталсан өдрөөс эхлээд нэг хүүхэдтэй айл дахин нэг хүүхэд төрүүлэх боломжтой болсныг зарлахын хажуугаар хүн амын бодлого тодорхойлох үндсэн чиглэлийг олон нийтэд танилцуулав.

БНХАУ-ын хүн ам өнөөдөр нэг тэрбум 376 сая 49 мянга байна гэсэн судалгаа бий. Энэ тоогоороо дэлхийд хүн амаараа нэгт жагсч байгаа юм. БНХАУ-ын коммунист нам яагаад хоёр хүүхэд бодлого хэрэгжүүлж эхлэв гэсэн асуулт хамгийн түрүүнд дэлхий нийтийг гайхшруулав бололтой.

Хятад улс эдийн засгийн хүчирхэг байдал бий болсон учраас даяарчлалаар дэлхийг эзэгнэх гэсэн зорилгодоо нэг шатаар ойртож байгааг дээрх таван жилээр баталдаг хүн амын бодлогодоо хоёр хүүхдийн тухай хууль баталснаар харууллаа. Хоёр хүүхэдтэй болж болно гэсэн шийдвэрийг баталсны дараа буюу ирэх оны долдугаар сард дэлхийн түүхэн хамгийн олон хүүхэд мэндэлсэн жил болох болов уу. Учир нь, БНХАУ-д жирэмсэн эхчүүдийн тоо гуравны хоёр дахин нэмэгдсэн нь баталгаатай үнэн. Улсаас гэр бүл болгонд байдаг нэг хүүхдэд тэтгэмж, төрийн сангийн дэмжлэг бага ч гэлтгүй өгдөг бол энэ нь хоёр дахин өсч, БНХАУ дэлхийд өөрсдийн ноёрхол тогтоох түүхэн замд орлоо.

Хэдийгээр нас өндөр болсон ч хосууд дахин хүүхэдтэй болох бүхий л боломж бололцоог ашиглахыг хүсэж байгаа нь ойлгомжтой. БНХАУ-д хоёр хүүхэдтэй болох хууль батлагдсаны дараа тээгч эхийн бизнес дэлгэрэх талаар эмч нар сануулсан. Нэг хүүхэд төрүүлсэн ч алдсан эцэг эхчүүд төрийн энэ шийдвэрт маш сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн аж. БНХАУ-ын Засгийн газар хууль батлагдсанаар иргэд илүү хөдөлмөрлөж, илүү их мөнгө санхүүгийн чадамжтай байх шаардлага тулгарч байгааг мөн цохон тэмдэглэсэн. Жирэмсэн эхчүүдэд олгох тэтгэмж, улсын төсөв гээд бүх зүйл хоёр дахин үржигдэж, есөн сая 596 мянга 961 км хавтгай дөрвөлжин газарт амьдардаг газар нутагтай тэдэнд илүү их газар нутаг хэрэгтэй болж, гадаад бодлогод ч гэсэн асар том өөрчлөлт дагуулав.
Гадаад бодлогын хувьд томоохон өөрчлөлт хийх болсон шалтгаан нь АНУ. Учир нь дэлхий дээр БНХАУ-тай энэ тэнцүү өрсөлдөх цор ганц улс нь АНУ гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлсэн удаа бий. Хэдийгээр олон улсын зүгээс коммунист намд хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөнд баяр хүргэж байгаа ч цаанаа сэтгэл зовниж буй нь илт. Тоо томшгүй олон хүн амтай ард түмэн ганцхан хууль батлагдсанаар хоёр дахин өснө гэхээр дэлхийн бусад орныг ч Хятадын эсрэг нэгдэхэд хүргэж магадгүй. Гэхдээ эдийн засаг, хүн амын бодлого, хөгжлийн чиг хандлагаар. Түүхэн он жилүүдэд Мао Зэдун дарга коммунист намыг удирдаж байхдаа буюу 1970 оны сүүлээр нэг хүүхдийн бодлого БНХАУ-ын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж байсан ч хөгжлийн шинэ шат ирэхээр хүн амын бодлогоо өөрчлөх цаг ирнэ гэж мэдэж байжээ. Тухайн үед нэг хүүхдийн бодлого явуулаагүй байсан бол Хятадын хүн ам замбраагүй өсөж, хөгжлийг нь гацаанд оруулж, ажилгүйдэл, гэмт хэрэг, нийгэмд эзлэх байр суурьгүй, боловсрол, эдийн засгийн чадамжгүй хүн олшрох магадлалтай байсныг Мао дарга  мэдэрсэн нь өнөөдөр батлагдлаа. Хятад хүн амын өсөлтөндөө нягт нарийн бодлого явуулсаны эцэст дэлхийд эдийн засгаараа дангаараа хүчтэй өрсөлдөх боломжтой болсон нь сүүлийн 15 жилийн эдийн засгийн өсөлт, нэг хүнд ноогдох ДНБ-ний дүнгээс харж болно. Тухайн үед буюу 45 жилийн өмнө гаргасан шийдвэр нь нийт хүн амын өсөлтийг 60 хувиар удаашруулсан байдаг. Гэвч өнөөдөр дээрх хоёр хүүхэдтэй байх тухай хууль батлагдсаны дараа хүн амын өсөлт долоо хоногийн дотор 35 хувиар өссөн  нь гайхмаар үзүүлэлт. Хэрэв 10, 20 жилийн дараа айл бүрийн хоёр дахь хүүхэд өсөж том болох юм бол тухайн үед буюу ирээдүйд БНХАУ-ын Батлан хамгаалах салбарт алба хааж байгаа хүмүүсийн тоо ч хоёр дахин өсөхгүй юм аа гэхэд гуравны хоёр дахин өсөх нь тодорхой болж байна.

Хүн амын хөгжлийн болоод улсын бодлого, гадаад бодлогын хувьд ч тэр БНХАУ ямар “аймшигтай” шийдвэр гаргасан нь одоо ойлгомжтой болж байх шиг байна. Нэг хүүхдийн бодлогын үед хоёр дахь хүүхэд гэр бүлд бий болох юм бол төрд мөнгө төлдөг байсан. Харин одоо гурав дахь хүүхэд төрлөө гэж төсөөлбөл мөн л төрд мөнгө төлж гэр бүлдээ гурван хүүхэдтэй байж болох нөхцөл бүрдсэн аж. Энэ мэтээр Хятад улсын хүн амын бодлого зөвхөн эдийн засаг дээр тулгуурлан хөгжиж байгаа мэт. Нөгөөтэйгүүр гэр бүл бизнес эрхэлж мөнгө олох тусам гэр бүлд хүүхэд нэмэгдэх боломж өсч байгаа юм. Харин гэр бүлийн өрхийн орлого нэмэгдэх тусам улсад татвар төлнө. Төлсөн татвар нь БНХАУ-ын эдийн засгийг дэлхийд улам бүр хүчирхэг болгож юанийн ханш, хөрөнгийн зах зээл үлэмж нэмэгдэх үндэс суурь болсон шийдвэр байсан гэдгийг дахин сануулах учиртай. Гэр бүлийн бодлогоос хамаарч хүн амын хөгжлийн болон санхүүгийн чадамж нэмэгдэж байгаа нь төрд асар их ашигтай.

Ийнхүү БНХАУ-ын хүний хөгжил дэлхийн улс орнуудын хувьд төсөөлж байснаас эсрэгээрээ болж хувирлаа. “Их-20”-ийн ямар ч улс БНХАУ-ын нэг хүүхдийн бодлогоо хоёр болгоно чинээ төсөөлж байсангүй. Магадгүй БНХАУ-ын хувьд ойрын ирээдүйг хөгжлийн шинэ шат гэж харж байна. Энэ нь тус улсын төдийгүй дэлхий нийтэд амын тэсрэлт боллоо гэж Их Британийн хэвлэлд бичсэн байна. Дэлхий дээр БНХАУ-тай дайсагнах гэсэн улс орон болгон он жил өнгөрөх тусам ялагдал хүлээсээр байх болно гэдгийг мэдрэх тийм цаг үед бид амьдарч эхэллээ. Төрийн ганц шийдвэр ийнхүү дэлхийг хоёр дахь удаагаа өөрчиллөө. Өнөөдөр Хятадын ямар ч гэр бүлд хоёр дахь хүүхдээ төрүүлээд тэжээх, боловсрол олгох, хүний дайтай хүн болгох бүхий л боломж бололцоо нь байгаа. Тиймээс тэд Засгийн газар, коммунист намын их хурал, Намын даргын тамгын газар зэрэг тал бүрээс  бодолцож гаргасан шийдвэр болов уу.

БНХАУ-ын иргэн бүрт гадаад дотоодод амьдрах таатай боломж нээгдсэн нь бас нэг шалтгаан. Гадаадад хөрөнгөтэй, цагаачлал биш юм аа гэхэд хүссэн улс орондоо очоод амьдрах амьдралын баталгаа гэр бүл болгонд байсаар байгааг холбогдох судалгааны баг тогтоосон байдаг. Хөрөнгө оруулалт улам бүр нэмэгдэж, гадаадад амьдрах, суралцах хятад хүний тоо дагаад өснө. Энэ нь дэлхий дахинаа бүх зүйл хоёр дахин үржигдэхэд хүрнэ. Түүхэн жилүүдэд хятадад нэг хүүхэдтэй гэр бүлээ ч тэжээхэд хүнд хэцүү байсан үе байсан гэвэл байсан. Гэхдээ гэр бүл болгон хүүхдээ тэжээхийн тулд ямар нэг бизнес хийх хэрэгтэй шаардлага бий болсон. Энэ шаардлага дэлхийг өөрчлөх хөдөлгүүр болсон гэдгийг өнөөгийн Хятадын томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид ярьж сууна. Тэдний хүүхдээ тэжээх гэсэн хичээл зүтгэл өнөөдөр БНХАУ-ыг улам баяжуулж, эдийн засгийн хүчирхэг улс орон болоход нөлөөлсөн гэдгийг 40-60 насны эцэг эхчүүд ярьж байна. Харин одоо айлын ганц хүүхдүүд дүүтэй болж, гэр бүл болон тусдаа гарч хоёр ач зээ ээж аавдаа тэюрүүлэх боломжийг төр олголоо. Магадгүй мөнгө санхүүгийн тал дээр боломжтой бол гэр бүлийн хоёр хүүхэд дөрөв, зургаа болон давхар үржигдэхийг үгүйсгэхгүй хэмээн Шанхай хотын хэвлэлүүд онцолсон.

Улс төр, бизнес, спорт, урлаг гээд бүхий л салбарт хятадууд ойрын 10, 20 жил хүч түрэн орж ирэхийгг анхааруулж байна. Салбар болгон дор бүрнээ бэлд, бэлэн бай. Хятадууд олуулаа, бүүр олуулаа болж байна...
    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан