Эдийн засгийн хямрал нүүрлэсэн гол шалтгаан нь манай улсад орж ирэх мөнгө багассанд оршино гэж хүн бүр л ярьж байна. Уул уурхайн салбар өнөөдөр хөрөнгө оруулалт татах, экспортоо нэмэгдүүлж байж Монголын эдийн засгийн хүндрэлээс гарах үүрэг хүлээж буй юм. Гадаад валют орж ирэх цоргоо нээх гол түлхүүр нь Тавантолгойн төслийг хөдөлгөх, Оюу толгойг гацаанаас гаргах явдал болоод байгаа гэдгийг дор бүрнээ мэдрэх боллоо.
Гэвч нэг жилийн дотор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тав, зургаан тэрбум ам.долларт хүргэх боломж байхгүй хэмээн эдийн засагчид хэлдэг. Тавантолгой ордыг эхний ээлжинд 30 жил ашиглах гэрээ хэлцэл хийнэ. Энэ хугацаанд уг төслийн нийт зардал нь 94 тэрбум ам.доллар болох тооцоо бий. Өөрөөр хэлбэл энэ мөнгө нь манай улсын эдийн засагт таатай нөлөө үзүүлж ДНБ өсөхөд хувь нэмрээ оруулах нь тодорхой. Тавантолгойд хөрөнгө оруулагчид төслийн эхний шатны зардлын 30 хувийг өөрийн хөрөнгөөс үлдсэнийг нь олон улсын банк санхүүгийн зах зээлээс босгох учиртай. Үүнээс гадна Японы “Сумитомо” компани Тавантолгойн нүүрсийг борлуулж өгөх болсон. Иймээс Тавантолгой төслийн борлуулсан нүүрснээс 20-30 хувийн ашиг авах нөхцөл үүсч магадгүй гэж гэрээ байгуулж буй ажлын хэсгийнхэн үзэж байна. Уг ордод хөрөнгө оруулахаар шалгарсан компани гэрээ байгуулснаас хойш 2.5 жилийн хугацаанд жилд 30 сая хүртлэх тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах, Баруун, Зүүн Цанхид нэмэлт хайгуул хийх, Хятадын “Чалко” компанид төлөх өрийг дарах үүрэг хүлээж буй юм. Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьж, 30 жилийн дараа 51 хувийг нь Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх учиртай.
Он гарснаас хойш Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчид тодорч хэлэлцээр эхлээд буй. Монгол Улсын сайд М.Энхсайхан “Хэлэлцээрийн эхний шатанд Тавантолгой төслийн өнөөгийн нөхцөл болон санхүүгийн байдал, төмөр замын тухай тодорхой мэдээлэл хөрөнгө оруулагчдад өгсөн. Ингэснээр энэ ордын тухай талууд нэгдмэл ойлголтод хүрлээ. Монгол Улс уг ордыг ашиглахад санхүүгийн ямар нэг эрсдэл хүлээхгүй. Хөрөнгө оруулагчдад Хөрөнгө оруулалт, Концессын гэрээний төслийг гаргаж өгсөн. Ажлын хэсэг нягталж бүх асуудал тодорхой туссан гэж үзсэн” хэмээн мэдэгдээд байгаа.
Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар “Тавантолгойн гэрээний хамрах хүрээ маш том. Тухайлбал, зөвхөн нэг гэрээнд 80 гаруй асуудал ярьж байгаа. Хөрөнгө оруулалтын болон Концессийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ бол өргөн харилцаатай, олон хуулинд нийцүүлэх шаардлагатай юм. Одоогоор дээрх асуудлуудаас тэр энийг нь шийдсэн гэж хэлэхэд эрт байна. Эдгээр гэрээг олон улсын стандартын түвшинд хэрхэн байгуулж чадах, хөрөнгө оруулагчдын шаардлагыг хэрхэн хангах эсэх нь чухал шалгуур юм” гэсэн билээ.
Тавантолгой төслийн гэрээ байгуулах ажлын хэсгийг тэргүүлж буй Монгол Улсын сайд М.Энхсайхан аль аль талдаа ойлголцох учиртай хэд хэдэн бэрхшээлтэй асуудал бий гэсэн.
Эхний асуудал нь аливаа төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжих нь төр, хувийн хэвшлийн түншлэлээс ихээхэн хамаардаг. Өөрөөр хэлбэл, төрийн гадаад өр нэмэгдэх тусам мега төслүүдийг санхүүжүүлэх мөнгө босгох зам нарийсч боломж хомс болно. Иймд хувийн хэвшилтэй түншилж, хөрөнгө оруулалт татдаг жишиг бий. Гэтэл зээл олгож буй банк, санхүүгийн байгууллагууд тухайн төслийн ирээдүйд олох ашгийг барьцаалж мөнгө гаргадаг гэдгийг сайтар олгох ёстой аж.
Хоёрдугаарт, талууд Тавантолгой төслийг амжилттай хэрэгжүүлэх, хөрөнгө мөнгө босгохын тулд дундын тусгай зориулалтын компани байгуулах шаардлага тулгарчээ. Өөрөөр хэлбэл, ийм томоохон төслийн санхүүжилтийг нэг улс орон, компани дангаараа гаргах боломжгүй. Учир нь эрсдэл өндөр, их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар, төртэй түншлэх компани байгуулж байж санхүүжилт босгох боломж бүрдэх нь.
Гуравдугаарт, зээл авахаар банк, санхүүгийн байгууллагад очихдоо хөрөнгө оруулагчид Засгийн газраас өгдөг бүх тусгай зөвшөөрлийг барьж очих ёстой аж. Иймд элдэв саад бэрхшээл тоочилгүй тусгай зөвшөөрлүүдээ өгөх шаардлага бий. Тэгэхгүй бол зээл өгөхгүй гэж байгаа юм.
Үүнээс гадна анхаарах ёстой нэг том асуудал бол иргэд бүрт өмчлүүлсэн 1072 хувьцаа. Иргэн бүр Таван толгойн хувьцаа эзэмшигч болсон гэж байгаа боловч өнөөдөр түүнийхээ үр ашгийг хүртэж амжаагүй байна. Иргэдэд хувьцаа эзэмшүүлэхдээ 1072 хувьцааг нь нэг сая төгрөгөөр үнэлж хэд хэдэн боломж санал тавьсан. Жишээлбэл, оюутан, өндөр настай иргэдгийг хувьцааныхаа оронд нэг сая төгрөг авах, орон сууц худалдан авч буй иргэд урьдчилгаанд тооцуулах боломжтой хэмээн санал авсан. Ингээд эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдгээр санал нь өнөөг хүртэл хэрэгжээгүй байгаа билээ. Дээрх сонголт хийсэн иргэд 1072 хувьцаа ч үгүй, сонголтоо ч авч чадаагүй хоцорсон. Одоо хэлэлцэж буй Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээнд иргэдийн хувьцааны талаар ямар асуудал тусгаад байгаа нь тодорхойгүй байна. Мөн хувьцаанаас татгалзах сонголт хийсэн иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх талаар ганц үг ган хийх хүн гарсангүй. Ийнхүү Тавантолгой хэмээх мөнгөний авдар бий. Үүнийг ашиглаж монголчууд аж амьдралаа дээшлүүлнэ гэж олон жил ярьсан ч үр ашиг гаралгүй өнөөг хүрсэн. Харин энэ хугацаанд коксжих нүүрсний зах зээлд өрсөлдөгчид нэлээд гарч ирсэн билээ. Үүний улмаас Хятадын нүүрсний хэрэглээ буураагүй байхад үнэ унасан юм. Тухайлбал, ОХУ, Мозамбек, Индонез нүүрсний томоохон ордуудаа ашиглаж эхэллээ. Мөн Австрали нүүрс олборлолтоо нэмэгдүүлэх болсон. Жишээ нь, Мозамбек улсын нүүрсний экспорт энэ онд 20 сая тонн давах тооцоо гарчээ. Тэгвэл Австрали жилд 150 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай болсон байна. Эдгээр улсын нүүрстэй өрсөлдөх Тавантолгой ордын давуу талыг эдийн засагчид дараах байдлаар тодорхойлж буй. Тус орд хятадын зах зээлтэй ойр, олборлох зардал бага хөрс хуулалт нимгэн тул ил уурхайн аргаар ашигладаг. Мөн хэрэглэгчид чанарыг нь таньж мэдсэн учир зах зээл дээр байр сууриа төвөггүй бэхжүүлж чадна хэмээж байгаа. Сул тал нь төмөр замгүй тул нүүрс тээврийн зардал өндөр, цахилгаан эрчим хүчгүй учир эхний ээлжинд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардах юм.