Зарим хүн хий үзэгдэл байдаг гэдэгт огт эргэлздэггүй. Харин зарим нь тийм зүйл огт байдаггүй, айхад аргал хөдөлнө гэдэг шиг зүйл гэцгээдэг. Гэхдээ энэ хоёр тал өнөөдөр шатраар бол патын байдалтай байна. Нэг тал нь хий үзэгдэл байдаг гэдгийг зуун хувь баталгаатай гээд хөдөлшгүй баримтаа нотолж чадаагүй. Нөгөө талаас үгүйсгэгчид нь хий үзэгдэл, сүнс гэх мэт зүйлс огт байдаггүй гэдгийг хөдөлшгүй баримтаар нотолж чадаагүй.
Техник, технологи хөгжихийн хэрээр энэ маргаан нэг тийш шийдэгдэх байх гэж байтал харин ч эсрэгээр бүр ч ээдрээтэй болж хувирсан. Учир нь, сүнс, хий үзэгдлүүд хүний зохион бүтээсэн зургийн аппарат, видео камер, интернэт, зурагт, МР тоглуулагч гар утас гээд бүх зүйл рүү шилжин "апгрейд" хийсэн гэж болно.
Эдгээрийн дотроос хамгийн анх бүтээгдсэн супер төхөөрөмж нь фото аппарат. Иймд хий үзэгдэл, сүнснүүд тэртээ зуу гаруй жилийн тэртээх фото хальсанд гарч байдаг гэдгээ батлахын оролдсон.Үгүйсгэгчид тэр даруйд нь хий үзэгдэл биш ээ, наад чинь хальсны гажиг, гэрэл сүүдрийн тоглоом гэж тайлбарлах болсон.
Хий үзэгдэл байдаг гэдгийг баталсан эсвэл фото хальсан дахь гажиг тун өвөрмөц дүрс үүсгэж болдог гэдгийг харуулсан хамгийн алдартай 10 зургийг танд сонирхуулъя.
Фреддигийн хий үзэгдэл
Энэ алдартай зургийг тэртээ 1919 онд даржээ. "Дедал" нэртэй усан онгоцны багийнхан бүрэлдэхүүнээрээ даруулсан энэ зураг дээрх нэг эрэгтэй ард хүний царай тод харагдаж байдаг. Усан онгоцны багийнхан хальсыг угааж буулгасны дараа тодорсон царайг хараад зураг авахуулахаас хэдхэн өдрийн өмнө усан онгоцны сэнсэнл хяргуулан амиа алдсан засварчин Фредди байна гэж таньсан гэдэг. Үүнээс гадна энэ зургийг авахуулсан өдөр багийнхан Фреддиг нутаглуусан юм байна. Тэгэхээр Фредди иймэрхүү байдлаар найз нөхөд, хамт ажилладаг байсан хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэсэн хэрэг гэж болохоор.
Чиннерийн эхийн хий үзэгдэл
1959 онд Мабель Чиннери гэгч хатагтай оршуулгын газар орж эхийнхээ газрыг эргээд буцаж явжээ. Тэгээд машинд өөрийг нь хүлээн суух нөхрийнхөө зургийг дарсан байна. Тухайн үед харагдаж үзэгдэх юу ч байгаагүй тул зургаа угаалгасны дараа машины арын суудал дээр нэлээд хэдэн жилийн өмнө өөд болсон эх нь тухлан суухыг хараад хатагтай Мабель Чиннери ихэд гайхсан аж. Фото зургийн шинжээчид энэ зургийг тун удаан судлаж үзээд ямар нэг өөрчлөлт энэ тэр огт хийгээгүй гэдгийг тогтоожээ.
Гринвичийн музейн хий үзэгдэл
Энэ зургийг Их Британид байдаг Гринвичийн тэнгисийн музейг үзээд гарч явсан нэгэн эрхэм их л үзэмжтэй санагдсан сэнсэн шатны зургийг даржээ. Зургаа угаалгатал шатаар өгсөж явсан хүний дүрс гараад ирэх нь тэр. Ер нь хүмүүс энэхүү музейг хий үзэгдэлтэй, сүнстэй гэж ярилцдаг бөгөөд үзмэр үзэж явсан хүмүүс хий юм үзэж, харж байсан тухайгаа ярьдаг гэнэ.
Бяцхан охины хий үзэгдэл
1995 оны арваннэгдүгээр сард Их Британий нэгэн гүнлэгт гарсан том түймрийн үеэр Вем Тауан Холл байр шатжээ. Түймрийн үеэр дарсан зургийг угаалгахад бяцхан охины дүрс байгааг хараад гал унтраагчид ихэд гайхжээ. Учир нь, тэднийг байранд гарсан галыг унтраах үед ямар жаахан охин байгаагүй, харагдаа ч үгүй аж. Энэ талаар үгүйсгэгчид тайлбар хийхдээ галын утаа, сарнисан гэрэл нийлээд ийм дүрс үүсгэсэн гэж тайлбарладаг. Гэтэл 1667 онд энэ байшин шатаж байсан, тухайн үед гал тавьсан хэргийн эзэн нь Жейн нэртэй 14 настай охин байсан бөгөөд түймрийн үеэр өөрөө нас барсан болохыг архиваас тодруулсан байна.
Бүрх малгайтай хүний хий үзэгдэл
Терри Айк Клэнтон Батхилл оршуулгын газраар явж байгаа найзынхаа зургийг даржээ. Зураг дарах үед оршуулгын газар тэр хоёроос өөр хүн байгаагүй гэнэ. Гэтэл ард нь хар бүрх малгайтай, их намхан хүний зураг тод харагдаж байна. ШИнжээчид хий үзэгдлийн өндрийг тайлбарлах гэж элдвээр оролдсон бөгөөд эцэст нь нэг бол сөхрөөд сууж байгаа үгүй бол булшнаас гарч ирж байгаа гэж дүгнэжээ.
Сүм доторх хий үзэгдэл
Зурагчин Крис Брэкли Лондон хотоор зугаалж яваад ариун Ботольфийн сүмээр оржээ. Түүнийг сүмд орох үеэр өөр хоёр гурван хүн л мөргөл хийж байж. Гэтэл сүмд авсан зургаа угаалгаад баруун гар талын тагтан дээр эмэгтэй хүний дүрс байгааг хараад ихэд гайхаж. Зураг дарах үеэр тагтан дээр ямар ч эмэгтэй хүн байгаагүй тул гайхахаас өөр аргагүй.
Цэрэг эрийн хий үзэгдэл
Энэ зургийг АНУ-ын иргэний дайны үеэр даржээ. Зураг дарахад хамт байсан хүмүүс зураг дээр гарсан дүрсийг иргэний дайны үеэр амь үрэгдсэн цэрэг эрийн сүнс гэж тайлбарлсан байна.
Амиа алдсан усан цэргүүдийн хий үзэгдэл
Газрын тос тээвэрлэдэг "Watertown" усан онгоцон дээр алба хааж байсан Майкл Михэн, Жеймс Кортни гэдэг усан цэргүүд ээлжит аялалын үеэр ослоор амиа алдацгааж. Уламжлал ёсоор аялалд явах үеэр нас барсан усан цэргүүдийг далайд оршуулдаг. Тэднийг оршуулсны дараа усан онгоцны багийнхан далайн давалгаан дээр нас барсан усан цэргүүдийн царай тодрон гарч ирэхийг харсан байна. Усан онгоцны ахмад энэ ер бусын үзэгдлийг зургийг авахыг тушааснаар алдарт зураг гарч иржээ.
Ослоор өөд болсон хүний сүнс
Энэ зургийг автын аймшигтай ослын дараа дарсан байна. Машины урд харагдах цагаан манан нь алхаж яваа хүний дүрстэй төстэй. Магадгүй аймшигтай ослын улмаас нас барсан хүний сүнс биенээсээ салаад алхаж явсан байж болох юм. Эсвэл хальсны гажиг ч байж болох.
Бортого малгайтай эрийн хий үзэгдэл
Хүүхдээ тэвэрсэн залуухан эмэгтэйн энэхүү зургийг гэр бүлийн цомогт зориулан 1930 онд дарсан байдаг. Өнгөц харахад юу ч үгүй мэт санагдана. Харин анхааралтай ажиглавал саравчны хаалганы дэргэд хуучны хувцастай, бортого малгай өмссөн эрэгтэй дүрсийг харж болно. Энэ зургийг дарснаас хэдхэн жилийн дараа энэ саравчны суурийн дороос эрэгтэй хүний араг яс олдсон байдаг.