Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Зоригт: Хуулийн хугацаанд төсвөө батлаад, дараа нь тодотгоно

УИХ-ын өчигдрийн чуулганы дараа Д.Зоригт гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
 
-УИХ-ын цөөнгүй гишүүн чуулгандаа суу­сангүй. Ихэнх нь АН-ын гишүүн байна, тэдэнд ямар нэг хариуцлага тооцох уу?
-Олонхийн бүлгийн гишүүд гарын үсэг зурж, эс үйлдэл буюу чуулганы ирц бүрдүүлэхэд ирээгүй бол намын гишүүнчлэлээс хасах намын дүрмийн заалттай. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байхад манайхаас долоон хүн ирсэнгүй л дээ. Намаас энэ асуудлыг энд шийдэхгүй шүү дээ. Намын Хяналтын зөвлөл, хороо гэж бий. Тэндээс гарах шийдвэрийг харна.

-Энэ хүмүүс шалтгаанаа юу гэж хэлсэн бол, өчигдөр /уржигдар/ бүлгийн хурал­даандаа суусан юм уу?
-Өчигдөр бол намын ихэнх гишүүн Засгийн газраа авч үлдэнэ гэсэн саналтай байсан. Өнөөдөр үл ойлгогдох, бидэнд мэдэгдэхгүй шалтгаанаар л чуулгандаа ирсэнгүй.

-Засгийн газрын тэргүүн огцорно гэдэг бол танхим бүхэлдээ бууна гэсэн үг. Цаг хугацааны хувьд хэр алдагдалтай бол?
-14 хоног байх ёстой. Шинэ Засгийн газраа энэ хугацаанд бүрдүүлнэ.

-Сөрөг хүчний хувьд дараагийн Засгийн газар байгуулахад улс төрийн намууд зөвшилцлийн ширээнд суух ёстой гэсэн. Тийм боломж бий юу?
-Улс орны эдийн засаг, нийгмийн байдал амаргүй байна. Тийм учраас парламентад суудалтай намууд зөвшилцөлд хүрч таарах байх. Яриа хөөрөө эхлэх л болов уу.

-2015 оны улсын төсвийг энэ сарын 15-ны дотор батлах хуультай. Засгийн газар огцорчихоор тийм бололцоо бий юу?
-Засгийн газар огцорлоо ч үүрэг гүйцэтгэгчийг УИХ-ын тогтоолоор томилчихлоо шүү дээ. Шадар сайд ахлаад төсвөө батлуулчих байх.

-Энэ янзаар нь төсвөө баталчихаар дараагийн Засгийн газрын хувьд хэрхэн ажиллана гэсэн үг вэ?
-Төсвөө тодотгоод л явна даа. Мэдээж Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно, түүндээ нийцүүлж тодотгоно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан