Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энхийг сахиулах ажиллгааны талаар Монголын байр суурийг илтгэв

НҮБ-ын энхийг сахиулах асуудалд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж Байнгын төлөөлөгчийн орлогч Г.Баттунгалаг үг хэлжээ. Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Дөрөвдүгээр хороонд дээрх илтгэлээ танилцуулсан байна. Уг илтгэлд “НҮБ-ын энхийг сахиулагчдад тулгарах бэрхшээл улам бүр эрсдэлтэй болж буй өнөөгийн нөхцөлд НҮБ-ын гишүүн улс бүрийн оролцоо, хамтын хүч чармайлт чухал” хэмээн тодотгосон байна. Энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад Монгол Улс хувь нэмрээ оруулахыг зорьж байдгийг нотлон өгүүлээд манай улс НҮБ-ын мандаттай зургаан ажиллагаанд, тэр дундаа өндөр эрсдэлтэйд тооцогдох улс оронд очсоныг сануулав. Тухайлбал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Дарфур, Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас нийт мянга орчим цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж буй юм. Монгол Улс НҮБ-ын энхийн төлөөх үйл хэргийг сайшаан, үнэлж байдгийг хэлээд ажиллагааны орчин, аюулгүй байдал улам бүр хурцдах хандлагатай өнөөгийн нөхцөлд энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангах нь тэргүүлэх зорилт байх учиртайг манай төлөөлөгч онцгойлж байв.

Цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цогц үнэлгээ дүгнэлт хийж, оновчтой зөвлөмж боловсруулах талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилга гаргасныг Монгол Улс дэмжинэ гэлээ. Сүүлийн үед ажиллагааны эрсдэлийг хурцатгаж буй дотоод улс төрийн мөргөлдөөн, энгийн иргэдийг хамгаалах, Эбола халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр НҮБ-аас тодорхой зөвлөмж, аргачлал гаргаж, хэрэгжүүлэхийг манай төлөөлөгч уриалсан байна. Түүнчлэн энхийн төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрсдэл ихтэй орчинд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдад техникийн болон санхүүгийн дэмжлэг чухал болохыг манай төлөөлөгч тэмдэглээд, өнгөрсөн зургадугаар сард нэмэгдүүлсэн энхийг сахиулагчдад олгох тэтгэмжийн хэмжээг цаашид ч өсгөх чиглэлээр яриа хэлэлцээг тууштай үргэлжүүлэх шаардлагатайг хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан