Цагаан суваргын зэс-молибдений ордоос төр 34 хувийн хувьцаа эзэмшиж, 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулах саналыг Засгийн газраас гаргажээ.
Учир нь ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэл хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох юм. Гэхдээ уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан байдаг. Харин Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог Цагаан суваргын зэс-молибдений ордын Ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Монгол алт (МАК)” ХХК эзэмшдэг.
Энэ дагуу тус ордод төр эзэмших хувийг тогтоох зорилгоор “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг өргөн барилаа.
Тухайн ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлыг тус тус улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авч, улсын ашигт малтмалын нөөцийн комисст батлуулахаар явуулсан бөгөөд тус комисс хэлэлцээд нөөцийг хүлээн авснаар тооцох, техник эдийн засгийн үндэслэл болон тогтмол мөрдөх жишгийг боловсруулан батлуулж, нөөцийн тооцоог дахин хийж танилцуулахаар тогтсон юм.
“Монгол алт (МАК)” ХХК нь 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийж гүйцэтгэн, 2009 оны долдугаар сарын 29-ний өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийн тайлангаа хэлэлцүүлэн 250,4 сая тонн хүдэр, 0,643 хувийн агуулга бүхий 1,6 сая тонн зэс, 0,026 хувийн агуулга бүхий 66167 тонн молибден, 0,044 г/тн агуулга бүхий 11,127 тонн алтыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.
Техник эдийн засгийн үндэслэлээр уг ордын бүтээн байгуулалтын төсөлд шаардлагатай байгаа нийт хөрөнгө оруулалт нь 1 тэрбум 31.2 сая ам.доллар бөгөөд “Монгол алт (МАК)” ХХК одоогоор 323.1 сая ам.доллар оруулаад байгаа юм.
Иймээс тус ордод төрийн эзэмших хувийг тогтоохдоо нийт хөрөнгө оруулалт болох 1 тэрбум 31.2 сая ам.долларын 34 хувь болох 350.6 сая ам.долларын хөрөнгийг төрөөс гаргаж, төр 34 хувийн хувьцааг эзэмшихээр УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна. Харин уг 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны 2 дугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэж, төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгажээ.