Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг хугацаанд дөнгүүлсэн хууль буюу стратегийн долоон шинэ орд


Монгол Улс уул уурхайн стратегийн ордтой байх ч шаардлагагүй гэж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэллээ. Парламентаас 2007 онд 16 орд газрыг стратегийн ач холбогдолтой гэж зарласан бол өчигдөр жагсаалтыг долоогоор нэмэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг гол дүр болов.

Тэрээр хоёр хуулийн төсөл оруулж ирсний эхнийх нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай юм. Долоо хоногийн өмнө өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр 2006 онд батлагдсан хуулийн орчныг шинэчлэх, сайжруулахыг зорьж. Мэдээж, үр дүн нь эерэг байх ёстой бөгөөд сайдын тайлбарласнаар “Геологийн судалгаа, шинжилгээний нэгдсэн мэдээллийн сантай болно. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг орон нутгийн зүгээс дэмжих, хамтрах сонирхол нэмэгдэнэ. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцнэ. Ашигт малтмалын ордын нөөцийг хаягдалгүй ашиглана. Дотоодын аж ахуйн нэгжүүдээс шаардлага хангасан бараа, үйлчилгээг авна...” гэхчлэн олон сайхан төсөөллөөсөө хуваалцлаа. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хуулийн 5.4 ба 5.5 дахь заалтад нэлээд анхаарал хандуулсан.

Эдгээр нь төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон стратегийн ач холбогдолтой ордоос төр ямар хэмжээгээр эзэмшихийг тодорхойлсон  заалт юм. Гишүүн “Урьд нь, төрийн өмчид 51 хувь гэж заасан байсныг 50 хүртэл гэж өөрчилчихлөө” хэмээн шүүмжилсэн ч сайд үүнийг эрс үгүйсгэв. Хэзээ ч хуульд 51 хувийг эзэмшинэ гэж зааж байгаагүй гэхдээ дээрх хоёр заалтад зарчмын хувьд өөрчлөлт оруулсан гэж  тайлбарлалаа. 5.4 дэх заалтыг “Эдийн засгийн үр дүн, ашигт ажиллагааны түвшинг харгалзаж төрийн эзэмших хувь хэмжээг тогтооно” гэж өөрчилжээ. Аливаа компани байгуулах, хувь эзэмших, өөрийн хөрөнгөө бүрдүүлэх нь анхны алхам. Харин төсөл хэрэгжүүлэх нь дараагийн, тусдаа асуудал байтал урьдын ойлголтоор хольж хутгадаг байж. Хөгжсөн оронд компаниа байгуулахад нийт хөрөнгөө хувь нийлүүлэгчид босгодог бол ашигт малтмалын том ордын хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчихаад түүгээрээ банк, олон улсын зах зээлээс мөнгө босгодог аж. Гэтэл өмнөх төслөөр шаардлагатай бүх мөнгийг төр гаргана гээд, түүндээ уургалуулж яваа гэсэн юм. Түүнчлэн шинэ хуульд зааснаар улсын төсвийн оролцоогүй, хувийн хэвшил өөрсдөө эрэл хайгуул хийгээд илрүүлсэн ордоосоо төрд эзэмшүүлэхийг хүсвэл мэдэгдэж болно гэж заажээ. Ийнхүү хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. Дараа нь Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай хуулийн төсөл хэлэлцэв. Дээр дурдсанчлан стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтыг долоогоор нэмэх асуудал эхэллээ. Сайд Д.Ганхуяг “Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд долоон орд хамруулах тогтоолын төслөө өнгөрсөн жил өргөн барьсан. Үүнд, Цайдамнуурын хүрэн нүүрс, Гацууртын алт, Хөшөөт, Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзанбүргэдэйн газрын ховор элементийн орд багтсан” гэв.

Эдгээрээс Цайдамнуур, Гацууртын ордыг төртэй хамтран эзэмших санал ирүүлсэн гэнэ. Мөн газрын ховор элементийн дөрвөн ордыг улсын хөрөнгө оруулалтаар хайгуул хийж илрүүлсэн ч хожим хуулийн хүрээнд хувийн хэвшилд шилжүүлжээ.

Байнгын хорооны гишүүд стратегийн орд газар хэмээх ойлголтод нэлээд шүүмжлэлтэй хандсан юм. Тодруулбал, Д.Хаянхярваа тодорхойлолт, үндсэн ойлголт нь юу болж хувираад байгааг лавлав. Хуулийн 4.1.12-т “...үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” гэж тодорхойлсон байдаг аж. Шинэ хуулиар стратегийн ордын тодорхойлолтоос “бүс нутгийн” гэдгийг хасчихсан гэнэ.

Учир нь, энэ тодорхойлолтоо баримталбал жилд ДНБ-ий таван хувьтай тэнцэхүйц борлуулалттай эсвэл борлуулах боломжтой гэснийг жижиг ордод хэрэгжүүлэхэд бэрх. Төр жижиг ордод хувь эзэмшихэд хүндрэлтэй учраас 27 дугаар тогтоолоор баталсан томоохон орддоо л анхаарах хэрэгтэй гэнэ. Мөн УИХ-аас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлахдаа стратегийн ач холбогдол бүхий ордыг 27 дугаар тогтоолын хүрээнд авч үзэх гээд тусгачихаж. Хэмжүүр, үнэлгээний хувьд хоёр хандлага бий гэв. Нэгдүгээрт, ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээнээс хамаарч стратегийн ач холбогдолтой орд, бүтээгдэхүүн гэж үзэх. Үүнд, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбартай холбогдох ордууд багтана. Харин нөгөө нь, ирээдүйд хомсдолтой болж магадгүй ашигт малтмалын орд юм. Сүүлд боловсруулсан төсөлд үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлөхүйц гэсэн үг багтжээ. Гэвч тодорхой шалгуур үзүүлэлт байх ёстой учир ДНБ-ий таван хувь гэдэг хязгаарыг зайлшгүй баримтлах ёстой гэлээ.

Мөн С.Дэмбэрэл гишүүн стратегийн орд хэрэггүй гэж үздэгээ илэрхийлэв. Үнэхээр эдийн засагт шаардлагатай юм бол стратегийн бүтээгдэхүүндээ л түлхүү анхаарах саналтай байлаа. Тэрээр “Төрийн бодлого уул уурхайн салбар дахь төрийн оролцоог зохистой хэмжээнд байлгана гэсэн үзэл санаатай. Нөгөөтэйгүүр, төр юу хийж болох, болохгүйг энд заачихсан. Тэгэхээр шинэ хууль энэ үзэл санаандаа багтаж орж ирсэн эсэхийг харах ёстой. Зарим хууль үзэл санаандаа байгаа хэрнээ танигдахгүй болтлоо өөрчлөгдөөд явчихдаг шүү дээ” хэмээн болгоомжилж байв. Төрийн хийх ажил нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид уул уурхайн бизнес эрхлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчинг л бүрдүүлэх явдал. Цаашид, төр бизнес хийх, хувьцаа эзэмшдэгээ больчих тухай ч хатуухан хэлсэн юм. Түүнээс хатуу шүүмжлэлтэй хүн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. “Оюу толгойн 34 хувиа шийдэж чадахгүй хэвтэж, нэмээд долоон ордын хувь эзэмшиж яах юм бэ.

Бодлогоосоо урьтаж яам нь хууль барьчихдаг юм бол төр бодлого гаргах ямар хэрэгтэй юм. Яагаад ойлгохгүй, сургамж авахгүй байна вэ, танай намын бодлого ийм болчихоо юу. Урьд нь, дарамталсаар байгаад 34 хувийг нь авчихдаг байсан бол одоо хувийн хэвшил өөрсдөө гүйж ирээд, гуйж өгч байна гэх юм. Үүний ард Таван толгойн жишгээр төрийн нэрээр мөнгө босгох амар, төрийн нэрийн юм зувчуулах хялбар болж хувирч байна. Хөлдүү юм уу, танай яамыг ойлгохгүй байна, та тодорхой хэлээч” хэмээн асуусан. Юун түрүүнд, яамны бодлого гэж хаана ч байхгүйг Д.Ганхуяг сайд онцлон хэллээ. Оюу толгойн хувьд компанитай байгуулсан гэрээгээр 34 хувийг Засгийн газар гаргаж, баялгаараа зээл аваад явах бүрэн боломжтой байсан. Тэр шийдлийг УИХ гаргаж өгсөн ч тухайн үеийн Засгийн газар хийгээгүй гэлээ. Хууль ёсоор бол бодлогоо баримталж Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй, УИХ-аас өгсөн чиглэлийг биелүүлэх ёстой. Тухайн үед сайд нь “Африкийн загварын гэрээгээр яваа” гэж хэлж байсан аж. Таван толгойн ордын хувьд УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Оюу толгойтой хамт явуул гэтэл тэгээгүй. Битгий хуваа гэхэд нь хуваагаад, хувийн хэвшлийг нь түрүүлээд явуулчихсан. Тийм л алдаатай шийдвэр гаргасан шүү дээ гэж Ж.Энхбаяр гишүүнд хариулсан юм.
Асуултад дурдагдсан бодлогоосоо өрссөн хууль, яамны бодлого гэх ойлголтын хувьд цаг хугацаанаас урган гарсан зүйл гэнэ. Жишээ нь, Хөшөөтийг стратегийн ордын жагсаалтад оруулъя хэмээн орон нутгийн иргэд нь өдөр шөнөгүй утасдаж, хүсчээ. Мөн хувь нийлүүлэгчдийн зарим нь тийм хүсэлтэй байгаагаа салбарын яаманд уламжилж. Тиймээс хуулийн төсөл боловсруулж өнгөрсөн оны тавдугаар сарын 31-ний өдөр өргөн барьжээ. Өчигдөр байнгын хороонд авч хэлэлцэх хүртэл 11 сар буюу бараг бүтэн жил өнгөрсөн хэрэг.

Гэтэл энэ хугацаанд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг өргөн бариад, 2012 оны намрын чуулганаар оруулаад баталчихжээ. Өнөөх стратегийн ордуудын нэмэлт хойшлогдсоор бодлогын баримт бичгийн ард гарчихсан нь энэ. Өөрөөр хэлбэл, төрөөс баримтлах бодлогын үзэл санаандаа энэ хуулийн төсөл нийцсэн эсэхийг гишүүд тодруулж байв. Хоёр баримт бичиг хоорондоо зөрчилтэй, нийцэхгүй асуудал гарвал дахиад засч, залруурах ажил гарах учир анхнаас нь алдаагүй хууль батлах нь зүйтэй гэдэгт байнгын хорооны гишүүд санал нэгдлээ.

Тиймээс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн, нягтлуулахаар хуулийн төслийг буцаасан юм. Юутай ч, өргөн барьснаас хойш жил тойрох гэж буй хуулийн төслийг яаравчлуулаад төр стратегийн ордтой байх эсэх, байлаа гэхэд хэрхэн ашиглах гэхчлэн ойлголтоо нэгтгэж, тодорхой болгох нэн шаардлагатайг салбарын сайд дахин дахин сануулж байв. Хэрэв тэгэхгүй бол стратегийн ордод бүртгүүлэхээр санал гаргасан хүмүүс эхнээсээ болих шийдвэр гаргаж, хүсэлтээ ирүүлсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
7 KOMPANIIG NIIGEMCHLEKH SHIID GARGAA YU DAA ENE EKHLEL N YUM BOLVUU .ENE SHUUD UUL UURKHAID YAMAR NULUU UZUULEKH BOL YALANGUYA GADAADIIN KHURUNGU ORUULALTAND
TSOTSIOLIZM BAIGUULAKH GEED BNA UU .
KHUSHUUTUD IRGED SANAL GARGASAN GEKH YUM KHUSHUUTUD SANAL ORUULSAN IRGED N REKETCHIN, SHUNAKHAI SUVDAG, TUILBARGUI KHUMUUS BAIGAA SHUU. TUR UNE KHULSUU TOKHIROOD KHUVIIN KOMPANID ZARSAN BOL TUILBARTAI BAIKH KHEREGTEI BURUU NAIMAA KHIISEN KHUMUUSDEE KHARIUTSLAGA TOOTSOKH KHEREGTEI . MONGOL ULSIIN TURIIN IMIJIIG REKETCHIN, SHUNAKHAI SUVDAG, TUILBARGUI KHUMUUSIIN KHEMJEEND AVAACHSAN N SAID ALDAA GARGAJ BNA SHUU
KHUSHUUTUD IRGED SANAL GARGASAN GEKH YUM KHUSHUUTUD SANAL ORUULSAN IRGED N REKETCHIN, SHUNAKHAI SUVDAG, TUILBARGUI KHUMUUS BAIGAA SHUU. TUR UNE KHULSUU TOKHIROOD KHUVIIN KOMPANID ZARSAN BOL TUILBARTAI BAIKH KHEREGTEI BURUU NAIMAA KHIISEN KHUMUUSDEE KHARIUTSLAGA TOOTSOKH KHEREGTEI . MONGOL ULSIIN TURIIN IMIJIIG REKETCHIN, SHUNAKHAI SUVDAG, TUILBARGUI KHUMUUSIIN KHEMJEEND AVAACHSAN N SAID ALDAA GARGAJ BNA SHUU
Хамгийн их уншсан